ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2016.01.12 11:01

“Оскар”-ын шагнал Ди Каприог хүндлэх болоогүй гэж үү

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагнал гардуулах ёслол 73 дахь удаагаа Лос Анжелес хотноо “пижигнээд” өнгөрлөө. Олон ч сайхан бүтээлүүд нийтийн хүртээл болсон жил байсан тул шүүгчдийг хэцүүхэн сонголтууд хийх сорилт хүлээж байлаа. Гэхдээ тэдэн дотор яах аргагүй нэг бүтээл цойлж байсан нь “Revenant” буюу “Амьд үлдэгч” гэж орчуулахаар нэртэй кино байсан юм.

Мексикийн алдарт кино найруулагч, “Оскар”-ын шагналт Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан мөрч, анчин Хью Глассын бодит амьдралд тулгуурлаж хийсэн уг кинонд баавгайд бариулаад амьд үлдэх боломж нь бараг тэгтэй тэнцсэн залуу сэтгэлийн хат, эр зоригийн тэнхээгээр 320 км газрыг гулсаж, мөлхөж, өвдөглөж явсаар хүмүүстэй золгож буй тухай харуулдаг. Хью Глассын дүрийг Леонардо Ди Каприо бүтээсэн. “Титаник” киноны гол дүрийг бүтээсэн цагаасаа хойш бараг л жил бүр шахам гайхалтай сайхан кинонуудад гойд онцгой тоглож гол дүрийг бүтээдэг энэ залуу өнөөдөр ч гэлээ “Амьд үлдэгч” кинонд лут тоглож “Алтан бөмбөрцөг”-ийн драмын киноны шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

Түүний хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг сүүлийн арван жилийн дотор гурав дахь удаагаа гардаж байгаа нь энэ билээ. Хэдийгээр “Алтан бөмбөрцөг” кино наадам нь дэлхийд алдартай урлаг соёлын арга хэмжээ боловч “Оскар”-ын хажууд арай л жулддаг, энгийнээр хэлбэл “Оскар”-ын шагналын өмнөх сорилго тэмцээн гэлцдэг. Уг нь “Алтан Бөмбөрцөг”-т түрүүлсэн бол бараг л “Оскар”-т түрүүллээ гэсэн үг хэмээн хэлцдэг ч гэлээ түүнийг үгүйсгэх амьд жишээ нь Ди Каприо мөн буюу.

“Алтан бөмбөрцөгт” найман удаа нэр дэвшиж үзсэн Леонардо Ди Каприог нэг ч удаа “Оскар”-ын гуулин баримлыг атгаж үзээгүй гээд бодохоор шударга явдал Америкт хүртэл байдаггүй юм байна гэж бодохоор....

Одоо олныг шуугиулж байгаа “Revenant” кино бас л “Оскарт” нэрт дэвших өндөр магадлалтай, Ди Каприо шилдэг жүжигчин гэж нэрлүүлэхээр сайн тоглосон кино болов уу. Гэхдээ л түүнийг шагналд өрсөлдөх үед ямар нэгэн хүндэтгэх шалтгаан заавал хамт “алхаж” байдгийг санацгаая. Сүүлийн үеийн жишээнүүдийг нь л татахад 2005 онд “Авиатор”-т сайн тоглосон ч гэлээ түүнээс илүү “Рэй” кинонд сохор хөгжимчний дүрийг бүтээсэн Жэйми Фокст ялагдсан. Харин уржнан жил “Уолл стритийн чоно” маань “Далласын худалдагч” Мэтт Макконахид яах аргагүй дийлдэж байлаа. Харин энэ жил түүнтэй Мэтт Дэмоноос өөр өрсөлдөх олигтой жүжигчин байхгүй гээд ярих юм.

“Оскар”-ын шагнал Ди Каприог хүндлэх болоогүй гэж үү.

Б.ХУЛАН

Онцлох нийтлэлүүд