ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.02.22 01:02

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэв

Монгол банкны улирдлагууд арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Эрх зүй, хяналтын хэлтсийн ахлах хуульч Т.Дэлгэрхүү, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Статистикийн хэлтсийн дарга Б.Батсүрэн, Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар оролцов.

Тэд Арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний үр дүн, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль эрх зүйн шинэчлэл, Улаанбаатарын зөвшилцөл хэлэлцүүлгийг Монгол банкнаас санаачлан хийсэн талаар болон Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах таван сарын хугацаатай аяныг Монгол банкнаас зарлаж амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа ярьсан юм.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа. Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанканд ирүүлнэ. Эцсийн тоог 3 дугаар сардаа тогтоож банкуудад мэдэгдэнэ" гэв.

Монгол банкнаас гаргасан статистик, үзүүлэлт

2018 оны нэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31,7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин өнгөрсөн оны эцсээс 0,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Мөнгөний нийлүүлэлтийн 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа юм. Нийт зээл өнгөрсөн сарын байдлаар 13,5 их наяд төгрөг байгаа бөгөөд цалин тэтгэвэр хэрэглээний зээл ихэнхи хувь буюу 22 хувийг эзэлсэн тоон үзүүлэлт гарчээ.

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өссөн аж. Гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь ОУВС-гийн хөтөлбөрүүдийн хүрээнд орж ирсэн санхүүжилтийг дагаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа бөгөөд нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгдсэн. Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авсан байна.

2017 оны эцсийн байдлаар хөрөнгө оруулалт 31,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гадаадаас татсан авсан хөрөнгө оруулалт нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Гадны орнуудаас Монгол Улсад 37,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсан байна. Үүний 46 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, 13 хувь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт эзэлж байна. Гадаад хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувь буюу 2,2 тэрбум ам.доллараар өссөн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн нэг шалтгаан нь “Хуралдай”, “Гэрэгэ” бонд голлон нөлөөл үзүүлсэн байна.

Б.АМАРТҮВШИН


Онцлох нийтлэлүүд