ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.09.14 09:09

ОУВС Монгол Улсыг буруу хөтөлбөрт хамруулсан уу

-ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН МОНГОЛЫГ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ КОШИ МАТАЙГ АЖЛААС НЬ ӨӨРЧИЛЖЭЭ-

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ж.Эрдэнэбат анх кабинетаа бүрдүүлэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас нааш улсын эдийн засаг сэхэл авахаасаа өнгөрсөн гэж үзээд хэлэлцээ эхлүүлсэн юм. Энэ хугацаанд Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч коши Матай Монголд хэд хэдэн удаа ирж, төр засгийн удирдлагуудтай уулзсан байдаг. Зургаан сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад Олон улсын валютын сангийн EFF буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улс 1991, 2009 онд авч байсан “Stend-By” хөтөлбөрөөс EFF нь урт хугацааных гэдгээрээ ялгаатай. бага орлоготой, хөгжлийн доод түвшинд яваа улсуудад зориулсан эдийн засгийн суурь шинэчлэлийг шаарддаг зээлийн хөтөлбөр.

Сүүлд Египет, Украйн зэрэг эдийн засгийн том уналтад орсон орнуудад хэрэгжүүлснээс харвал “Stend-By” хөтөлбөрөөс хатуу болзолтой, дампуурлын ирмэгт тулаад байгаа орнуудад өгдөг тусламжийн “хоол”.

Үүнийг авахдаа тулсан улсууд дэлхийн зах зээлд найдваргүй гэсэн нэр шошго зүүдэг гэдгийг хар ухаанаар тунгааж болохоор байна. Товчхондоо “Extended fund facility” бол ОУвС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

Ингээд Олон улсын валютын сангаас 440 орчим сая ам.долларыг жилийн хоёр хувиас ихгүй хүүтэйгээр 10 жилийн хугацаатай авахаар болсон билээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Монгол Улсад гурван жил хэрэгжих тохироотой.

Гэтэл хөтөлбөр албажиж эхлээд ердөө гурван сар хүрээгүй байхад Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матаг өөрчилжээ. Түүнийг тус сангийн бүс нутгийн судалгааны хэлтэс рүү шилжүүлсэн бололтой.


Олон улсын байгууллага тэр тусмаа Олон улсын валютын санд аливаа төсөл хөтөлбөрийг хариуцаж байгаа хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэлгүй, замын дундаас өөрчлөгдөж солигдоно гэсэн ойлголт байдаггүйг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Чухамдаа үүний цаана ямар нэгэн асуудал байна гэдэг хардлагыг дагуулж байгаа юм.

Улс төр, эдийн засгийн хүрээнийхэн янз бүрээр таамаглаж байна. Магадгүй Коши Мата Монголын улс төрийн нөхцөлд хэт автаж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Үүнийг хамгийн сүүлд түүний хийсэн мэдэгдэл, сая Үндэсний статистикийн хорооны мэдээллээс зөрж байгаатай холбон үзэж байж болзошгүй.

Учир нь Коши Мата хамгийн сүүлд Монголд ирж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийхдээ “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч байна. ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараа эдийн засагт итгэх итгэл сэргэж, ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна” хэмээн мэдэгджээ. Гэтэл Монгол Улсын ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо сая зарлалаа. Энэ нь Коши Мата Монголын эдийн засгийн “өвчнийг” буруу оношилж, хатуу болзолтой хөтөлбөрт андуураад хамруулчихсан юм биш байгаа гэдэг эргэлзээ хардлагыг зарим хүнд төрүүлээд байгаа юм. Хэн мэдлээ, ямартай ч Олон улсын валютын сан Коши Матагийн ажлыг өөрчилсөн сурагтай.

Коши Матаг сүүлд ирэхэд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурь ОУВС-гийнхныг буруутгах өнгө аястай байсан нь хэлсэн үгнээс нь анзаарагдаж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн тухай ямар нэгэн мэдээлэл гарахгүй байна. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн суурь тогтолцоог яаж өөрчлөх талаар ОУВС зөвлөсөнгүй. Мөн хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологийг оруулж ирэх тухай Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгөхгүй байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, Түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл” гэх утгатай үг хэлжээ. Түүнчлэн “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” гэдгийг ч сануулаад авсан байна. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн сануулсан байх юм. “ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш” гэдгийг ч хэлээд авч. Төрийн тэргүүний энэ байр суурь Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь Монголын нөхцөл байдалд тохирсон уу, үгүй юу, ер нь зөв байв уу гэдэг эргэлзээг давхар төрүүлж байна.

Гэвч албаны эх сурвалжууд энэ талын мэдээллийг ихэд нууцалж байгаа бололтой. Хэрэв Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт асуудал үүсч байгаа нь үнэн бол хөнгөрүүлсэн нөхцөлтэй зээлийн хөтөлбөрт дахин хамрагдах боломж гарч ирэхийг үгүйсгэх аргагүй гэж зарим нэг эх сурвалж хэлж байна.


Я.МӨНГӨН

Ю.ДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд