ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.09.16 06:09

ОУВС Монгол Улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллана

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг үгүйсгэж, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд, одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм.

Олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж тэд үзжээ. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолж байна.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна. Харин ч Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд тохирсоноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байгаа. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарсан. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Одоо эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд орж, хэлэлцэгдэх учиртай. Тэгэхлээр одоогоор бүх зүйл эерэг гэж хэлж болно. Хэрвээ харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна” гэв.

Тэрчлэн, Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мата албан тушаал буурсан гэдэг ташаа мэдээлэл. Тэрбээр удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдах болсон. Тодруулбал, ОУВС-гийн ажилтан нэг улсад гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай гэлээ. Энэ журмын дагуу Коши Матай Монгол Улстай ажиллах хугацаа нь дууссан байна. Ингээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу Коши Мата өөр ажилд шилжсэн юм байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан. Цаашдаа Засгийн газрын бодлогын байр суурь хэвээрээ үргэлжилнэ гэдэгт Нэйл Сакер итгэлтэй байна. Мөн шинээр томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайдтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ ОУВС-гийн суурин төлөөлөгч мэдэгдлээ.

Онцлох нийтлэлүүд