Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Эдийн засаг
2017.02.22 01:02

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголбанк дэмжин ажиллана

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сан /ОУВС/ -тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж, ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын багц арга хэмжээний талаар харилцан тохиролцсоноор Монголбанк энэхүү хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтарч дэмжин ажиллаж байна.

Өнөөгийн эдийн засаг, санхүүгийн тэнцвэргүй нөхцөл байдал нь тус хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагыг бий болгосон билээ. Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, гадаад өр төлбөрийн хугацаа ойртож байна. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүй явж ирснээс төсвийн ужгирсан алдагдлыг бий болгож, Засгийн газрын өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байна. Эдийн засгийн дархлаа, идэвхжил сулрахын хэрээр санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж, эдийн засгийн дотоод санхүүгийн эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагыг бий болголоо. Гэвч олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2015 оноос бууруулж байгаа нь шаардлагатай эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг гадаад зах зээлээс босгох боломжийг хязгаарлаж байна.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэнэ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана. Энэ хөтөлбөрийн үр дүнд төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, эдийн засаг, өрийн тогтвортой байдал сэргэхийн зэрэгцээ санхүүгийн зуучлалын үр ашиг нэмэгдэж, эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах суурь орчин бүрдэнэ. Тухайлбал, төлбөрийн тэнцэл ирэх жилүүдэд ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, инфляцийг 6-7 хувьд хүргэж тогтворжуулахаар тооцож байна.

Төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангах нь хөтөлбөрийн нэг гол зорилт юм. Энэ хүрээнд төсвийн зардлыг хязгаарлах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг боломжит түвшинд бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байхаар авч хэрэгжүүлнэ. Гэхдээ зайлшгүй байх ёстой нийгмийн зардлууд хадгалагдан үлдэнэ. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цаашид банкны салбарын хувийн хэвшилд олгох зээлийн эх үүсвэр чөлөөлөгдөж, хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилтыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашид эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл сайжирч, инфляци нам түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцэлд гарах эерэг өөрчлөлт нь бодлогын хүүг бууруулах нөхцөл болно. Валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, валютын интервенцийг зөвхөн ханшийн огцом савалгааг зөөлрүүлэх чиглэлд хийх суурь зарчмаа Монголбанк үргэлжлүүлэн баримтлана. Монголбанкны эрх, үүргийг тодорхой болгож, засаглалыг бэхжүүлэн, хараат бус байдлыг сайжруулах үүднээс Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар батлуулан мөрдөж ажиллана. Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг одоогийн нөхцөлөөр хэвээр үргэлжлүүлэхээр харилцан ойлголцож тохиролцов. Өмнө нь олгогдсон ипотекийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс орж ирэх хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг Монголбанкнаас, үлдэх хэсгийг улсын төсвөөс гарган санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Иймд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүн одоогийн түвшнээс буурахгүй.

Санхүүгийн салбарыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих чадварыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ авна. Түүнчлэн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэнцэх орчинг бэхжүүлэх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өрийн тогтвортой байдал хангагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм гэж Монгол банкнаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд