Булангууд
2021.02.01 06:02

ОХУ Илон Маскийн цахим сүлжээг ашигласан иргэдээ торгоно

АНУ-ын Space X буюу Илон Маскийн эзэмшдэг компанийн хөгжүүлсэн Starlink цахим сүлжээг ашигласан иргэд болон албан байгууллагуудаа ОХУ торгож магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэх болжээ.

ОХУ-ын хууль тогтоох байгууллага иргэдийг Илон Маскийн сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудын санал болгож буй цахим сүлжээг хэрэглэхээс татгалзахыг уриалж буй аж.

Шинэ хуулийн дагуу "Starlink" цахим сүлжээг хэрэглэсэн хувь хүнийг хүндрүүлэх нөхцөлгүй бол 10 мянгаас 30 мянган рубль, цаашлаад зарим нөхцөл бүрдвэл нэг сая рубль хүртэлх мөнгөөр торгох аж.

Тус мэдээг сонсоод Илон Маск өөрийн твиттер дээрээ “Бид ердөө л хүмүүсийг Ангараг руу нүүлгэх хэтийн зорилготой. Тусалбал баярлахсан” хэмээн бичжээ. Илон Маск дэлхийг тойруулан нийт 42 мянган хиймэл дагуул байрлуулж, бөмбөрцөг даяар өндөр хурдны цахим сүлжээ нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн долоо хоногт нэг нислэгээр 143 хиймэл дагуул сансарт гаргаж дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү өдгөө Space X компани дахин ашиглах боломжтой есөн ширхэг пуужингаа ашиглан 944 хиймэл дагуулыг дэлхийн эргэн тойронд байрлуулаад буй.

Гэвч ийнхүү сансарын уудмыг эзэгнэж байгаа нь ОХУ мэт авторитар дэглэмд аюул заналхийлж байгаа юм. Global Data компанийн харилцаа холбооны технологид мэргэшсэн үйлчилгээний захирал Жон Бирн “ОХУ-ын хувьд цахим сүлжээний үйлчилгээ үзүүлж буй барууны компанийг шийтгэх аргагүй. Харин оронд нь өөрийн ард иргэдээ торгох, эсвэл ядаж л торгоно хэмээн айлгах нь хялбар юм” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр улс орнуудын Засгийн газрууд дотооддоо цахим сүлжээний хэрэглээг хүссэнээрээ хязгаарлах эрхтэй байдаг бөгөөд хамгийн тод жишээ бол БНХАУ аж. Гэвч аль ч улсын Засгийн газар сансрын уудмыг захирдаггүй тул хиймэл дагуулыг зохицуулна гэдэг бол боломжгүй зүйл аж.

Улс орон бүрийн Засгийн газар эгц дээшээгээ чиглэлд байрлаж буй агаарын орон зай, тэнгэрийг эзэмшиж байдаг бөгөөд тэрхүү орон зайд байх гадаад орны биетийг хэрхэхээ шийдэх бүрэн эрхтэй юм. Харин Starlink цахим сүлжээний хиймэл дагуулууд дунд нам өндөрийн хиймэл дагуулууд бий аж. Тэдгээр нь бусад хиймэл дагуулын байрладаг уламжлалт өндөрөөс илүү дэлхийтэй ойр байрлах ч агаар мандалд хараахан орохгүй юм. Тиймээс тэдгээр нам өндөрийн хиймэл дагуулуудад халдах эрх Засгийн газруудад байгаа эсэх талаар асуудал өдгөө маргаан дагуулж байгаа аж.

ОХУ-ын хувьд өөрсдийн гэсэн хиймэл дагуул бүхий өндөр хурдны Сфера цахим сүлжээг 2024 он гэхэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус төсөлд нийт 1.5 их наяд рубль зарцуулагдаж байгаа бөгөөд нэгэнт хэрэгжвэл дотоодын бүх цахим сүлжээний хэрэглээг Засгийн газар хянах боломжтой болох юм.

Бирний хэлснээр хэрвээ ОХУ-ын иргэн Starlink сүлжээг ашиглавал түүний хэрэглээг Засгийн газар хянах боломжгүй. Тиймээс энэ нь АНУ, ОХУ-ын үл ойлголцлыг гүнзгийрүүлэх ноцтой аюултай ажээ.

Онцлох нийтлэлүүд