Цаг үе
2021.01.14 08:01

Оюутнууд "Цахим хичээл чанаргүй байгаа тул сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой" гэв

Цахим хичээлийн талаар оюутнуудаас тодруулга авлаа.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан С:

-Оюутнууд цахим хичээлд 82 хувийн сэтгэл ханамжтай байна гэсэн судалгаа яаж гарсныг ойлгохгүй байгаа. Хоёр дахь удаагаа цахимаар хичээллэж байгаа ч чанар, хүртээмжийн хувьд ямар ч ахиц гараагүй, хөл толгойгүй, замбараагүй байдлаар л явагддаг. Зарим багш нар хичээлээ алдаг, оног оруулна, зарим нь бүр оруулахгүй алга болчихдог. Тэгсэн хэрнээ дүн гарах сүүлийн долоо хоногт их хэмжээний даалгавар өгч, тулгах жишээтэй. Zoom болон бусад аппликейшнийг ашиглаад цаг тухайд нь хичээлээ заадаг багш нар мэдээж байгаа. Гэхдээ хөдөө, орон нутагт сүлжээгүй газар байгаа оюутнуудын хувьд цахим хичээл толгойны өвчин болдог. Даалгаварт өгсөн ном, сурах бичиг интернетэд байхгүй. Мөн танхимаар ороогүй, тог, цахилгаан гэх мэт урсгал зардал сургуулиас гарахгүй байхад бүтэн төлбөр авч байгааг эсэргүүцэж байна.

МУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан О:

-Хатуухан хэлэхэд цахим хичээлээс мэдлэг гэхээр зүйл олж авч чадаагүй.Хичээлдээ идэвхтэй байя гэвч ном, сурах бичгээс авахуулаад олон асуудал тулгардаг. Төлбөрийнхөө асуудлыг хөнгөлж өгмөөр байна.Хөл хорионы үеэр ажил зогссон, иргэд орлогогүй болсон үед сургалтын төлбөрийг хоёр хувааж төлөх уян хатан зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна. Цаашид цахимаар орох бол сургалтын чанараа сайжруулах шаардлагатай. Багш нарийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад, сургалтын нэгдсэн платформ үүсгэж, эмх цэгцтэй болговол үр дүнтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол зарим багш нар хэдхэн слайд, word файл оруулаад л хаячихдаг. Гэтэл бид тухайн хичээлийг дор хаяж 150 мянган төгрөг төлж судалж байгаа шүү дээ. Хоёрын хооронд ингэж өөрсдийгөө хуурмааргүй байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г:

-Олон цагаар дэлгэцийн ард суух шаардлагатай болдог ч лабратори, практикт тулгуурладаг хичээлийн агуулгыг цахимаар бүрэн эзэмших боломжгүй. Zoom аппликейшнээр орсон ч гэсэн инженерийн нарийн юмнуудаа бичлэг хараад ойлгоход төвөгтэй. Дүрэм журмаа сайтар мөрдөөд танхимаар ороосой гэж бодож байна. Цаашид сургалт энэ янзаараа явагдвал шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн чиглэлийн оюутнууд практик мэдлэггүй “хоосон дипломтой” л хүмүүс болж үлдэнэ. Миний хувьд инженерээр сурдаг болохоор цахим сургалт маш хангалтгүй байгаа. Одоо үед хэлтэй бол Google, Youtube ашиглаад ямар ч мэдээллийг үнэгүй авч болно шүү дээ. Гэхдээ их сургуульд мөнгө төлөөд үзэж байгаа мөртлөө слайд, бичлэг үзээд өнгөрөх хайран байна. Илүү практик төвтэй сургалт хэрэгтэй. Бусад оюутнууд ч бас ижил бодолтой байгаа байх.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан М:

-Онлайн хичээл үнэндээ ямар ч үр дүнгүй байсан. Бүхэлдээ хэлбэрдсэн, нүд хуурсан байдлаар орсоор байгаад дууссан. Түүнчлэн оюутнууд бид компьютер, утасныхаа урдаас өндийгөөгүй, нүд өвдөж, нойр солигдсон. Хоёрдугаар сард хичээл танхимаар орохыг дэмжихгүй байна. Өмнөх жил коронавирусыг дотооддоо алдаагүй байхад оруулаагүй байж халдвар тарчхаад байхад яаж явах билээ.

Их засаг их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н:

- Хичээлүүд танхимаар ордог шиг тогтсон хуваарь байхгүй, 2-3 өдөрт хичээлүүдээ нэг дор шахаад оруулчихдаг учраас өдөржин утсаа ширтээд суух хэрэг гардаг. Лекцүүдийг багш тайлбарлахгүй болохоор зүгээр хуулан бичлэг болж хувирдаг. Нэгдсэн програм ашиглах хэрэгтэй. Манайд орж байгаа багш нарын зарим хичээл ганц л удаа орсон. Зарим хичээлүүдийн лекц, семинар арван хоёрдугаар сарын сүүлд тавигдаж байх жишээтэй. Слайд тавиад өнгөрүүлэхээс илүү тухайн хичээлийг тайлбарлах онлайн уулзалт маягаар ядаж хичээл явагдах ёстой. Мөн хичээлд шаардлагатай номнууд цахим номын санд байхгүй болохоор тухайн хичээлийн шалгалт, даалгаврыг хийхэд хүндрэл учирдаг.

СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ө :

-Манай сургуулийн хувьд урлагийн сургууль. Ихэнх хичээлүүд онолоос илүү практик дээр суурилдаг. Гэтэл найруулах урлаг, хөгжимдөх, дуулах хичээлүүдийг дэлгэцний цаанаас сурна гэдэг худлаа шүү дээ. Дээрээс нь тоног төхөөрөмж ашигласны хураамж гэж хичээл ороход авдаг. Тоног төхөөрөмж ашиглаагүй юм чинь тэр мөнгөө төлбөртөө шилжүүлэх хэрэгтэй.Зарим нэг багш фэйсбүүктээ бичлэгээ оруулснаар шалгалт тооцно гэсэн байсан. Фэйсбүүктээ оруулсан зураг, бичлэгээр дүн авна гэдэг байж болох уу?

ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан З:

-Зарим хичээлүүд цахимаар хичээлээ огт ороогүй мөртлөө дүнгээ гаргаад өнгөрсөн. Кредитийн мөнгө төлж судалж байж, хоосон дүн авах таалагдаагүй. Зарим багш нар ор сураггүй байж байснаа гэнэт шалгалт авах, дүнгээр боох явдал ч байсан. Энэ мэтээр дүнгээр боох учраас сургалтын чанар нь муу байгааг багш нарт хэлэх боломжгүй. Ганцаараа хичээл ордог мэт их даалгавар өгдөгөө болимоор байгаа юм. Даалгавруудаа хийж барахгүй болоод хүнд мөнгө өгч хийлгэх үе байсан. Мэдээж бүгд тийм биш. Ихэнх багш нар танхимаар ордог байсан хуваарийнхаа дагуу яг цагтаа хичээлээ орж, хэзээ ч хамаагүй асуугаарай гэж байсан. Тиймээс энэ семистрийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж, ирэх улирлын төлбөрт шилжүүлэх нь зүйтэй.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан М:

-Цахим хичээлд 82 хувийн сэтгэл ханамжтай байх байтугай 50 хувьд ч хүрээгүй, үнэндээ юу ч үлдээгүй. Өөрийгөө сайн хамгаалаад танхимаар орвол үр дүнтэй байх. Танхимаар орсонтой төлбөр нь яг ижилхэн мөртлөө олж авсан мэдлэг байхгүй. Хүртээмжтэй ороогүй мөртлөө хичээл дээр унагаадаг байж болохгүй.

Ч.БИНДЭРЪЯА

Онцлох нийтлэлүүд