ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.05.19 11:05

“Оюутолгой”-н тайланг танилцуулсны дараа “TURQUOISE HILL”-ийн хувьцааны ханш эрс өсчээ

Монголын зэс, алтны томоохон орд болох “Оюутолгой”-н олборлолт буурч байгаа хэдий ч энэ оны нэгдүгээр улиралд тооцоолж байснаас илүү их орлого олсныг тус ордын төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill” компани энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Мэдэгдэл хийсний дараа мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш эрс өсчээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид тус компанийн нэгж хувьцааны ханш мягмар гарагт 6.2 хувиар өсөн 2.81 доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ванкуверт төвтэй “Turquoise Hill” компанийн мэдэгдсэнээр, 2016 оны сүүлийн улиралтай харьцуулахад энэ оны нэгдүгээр улиралд “Оюутолгой”-н зэс олборлолт 16.3 хувиар, алт олборлолт нь 49 хувиар буурчээ.

“Turquoise Hill” компани 2017 онд “Оюутолгой”-н ил уурхайгаас өнгөрсөн оныхоос бага буюу 130-160 мянган тонн зэсийн баяжмал, 100-140 мянган унц алт олборлох төлөвтэй байна.

Олборлолт нь оргил үедээ хүрэх үед буюу 2025 он гэхэд “Оюутолгой” дэлхийн гурав дахь том зэсийн орд болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэр үед тус ордоос жилд 550 мянган тонн зэс олборлох боломжтой юм.


Хятадын хилээс холгүй орших “Оюутолгой” ордын хувьцааны 66 хувийг “Turquoise Hill” компани эзэмшдэг бол Монголын Засгийн газар үлдсэн хувийг нь эзэмшдэг. “Turquoise Hill”нь Англи-Австралийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто”-гийн охин компани билээ гэж МОНЦАМЭ мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд