Цаг үе
2021.01.14 08:01

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дахин зогсох эрсдэл үүсэв үү?

“Туркойз хилл” компанийн уржигдар хийсэн албан ёсны мэдээллийг олон улсын mining.com, Financial review зэрэг сайтууд онцолж “Монгол Рио Тинтогийн Оюу толгой төслийг зогсоох уу” гэсэн утгатай гарчиг бүхий нийтлэл цацсан нь өчигдөр олны анхааралд байлаа. Mining.com “Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн зэс алтны уурхайн хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг цуцлах, эсвэл өөрчилж болзошгүй байгаа талаар Туркойз хилл мэдэгдлээ” хэмээн онцолсон юм. Дашрамд сонирхуулахад Туркойз хилл мэдээлэлдээ “Монголын Засгийн газар Оюу толгой төсөл улс орных нь хувьд эдийн засгийн үр ашиггүй болвол төслийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэж, эргэн харах ёстой гэж үзсэн” хэмээн дурджээ.

Дэлхийн зэс, алтны том төслүүдийн нэг Оюутолгой Монголын хувьд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалттай цорын ганц мега төсөл, тахлын үед эдийн засгийг авч яваа гэж эдийн засагчид тодотгодог. Канадын “Туркойз хилл” компани Монголын эрх баригчид компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сэтгэл ханамжгүй байгаа тухай мэдэгдэлдээ онцолжээ. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6.75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа юм. Засгийн газар уг хэмжээг 2016 онд төлөвлөснөөс 1.5 тэрбум ам.доллараар илүү байна, төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр ашгийг бууруулах сөрөг талтай гэх мэт байр суурийг илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

“Туркойз хилл” мэдэгдэлдээ энэ талаар ч онцолжээ. “Туркойз хилл”-ийн мэдээллийн дараа компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр хорь гаруй хувиар унажээ. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 21.4 хувиар буурч 11.38 ам.доллараар үнэлэгдсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13.88 канад доллар болжээ.

Хэлэлцээрийн ширээний ард суусан хувь нийлүүлэгчид буюу Монгол Улсын Засгийн газар, Рио тинто-гийн хувьд татварын маргаан, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын нэмэгдэлт том асуудал болж буй. Татварын ерөнхий газар оны өмнөхөн "Оюу толгой" компанид татварын акт шинээр тавьсан. Татварын акт тавихын өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй засгийн төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай цахим хурал хийж байв. Уг хурлын үеэр Засгийн газар Оюу толгой төслөөс хүртэх Монгол Улсын үр ашгийг эрс нэмэгдүүлэх санал тавьж, тохиролцоонд хүрэхгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцлах хэрэгтэй гэсэн утгатай хатуу байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Тодруулж хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Рио тинто”-д ийм санал тавьсан тухай мэдээллийг зарим хэвлэл онцолж байсан юм.

Засгийн газар энэ сарын эхээр “Рио”-д илгээсэн албан бичигтээ ч уг байр сууриа илэрхийлсэн гэнэ. Тус албан бичигт Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр барахгүй өртэй хоцрох нь, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт Монголын талд ашиггүй байна, Оюу толгой компани ашгийн татварыг хуулийн дагуу зайлшгүй төлөх ёстой, Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулна гэх мэт агуулга бүхий байр сууриуд багтсан тухай мэдээлэл ч хэвлэлээр хөвөрч байна. Юутай ч Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр амжилт олохгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалт зогсох эрсдэл бий гэсэн дүгнэлтийг Засгийн газрын удаа дараагийн байр суурь, Туркойз хилл-ийн мэдэгдлээс төвөггүй харчихаж болохоор байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тасалдаж, хоёр жилийн турш зогсч, Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн түүх өнгөрсөнд бий. Тэр үед Татварын ерөнхий газар Оюу толгойд 130 сая ам.долларын татварын актыг хүргүүлж байсан юм. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хувь нийлүүлэгчид татварын маргаан дээр шийдэлд хүрч, Дубайд гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байв. Гэвч энэ шийдвэр гарснаас хойш хоёр жилийн дараа УИХ ажлын хэсэг байгуулж татварын асуудлыг ахин сөхөж, 2018 онд 155 сая ам.долларын татварын актыг тус компанид тавьсан юм.

Оюу толгойтой холбоотой сүүлийн гурван шийдвэрийн нэгийг нь шүүхээс гаргасан. Шүүхээс Дубайн төлөвлөгөөг хууль зөрчин байгуулсан гэх шийдвэр гараад байгаа юм. Хоёр дахь шийдвэр нь УИХ-ын өнгөрсөн жилийн сүүлээр гаргасан тогтоол. Тогтоолд Оюу толгойн гэрээг Монголын хууль тогтоомжид нийцүүлэх сайжруулахыг онцлоод буй. Харин гурав дахь шийдвэр нь өмнө тодотгосончлон Татварын ерөнхий газрын Оюу толгойд тавьсан татварын акт. “Туркойз хилл” Монголын талаас гаргасан эдгээр шийдвэрүүдийг онцолж, Монголын Засгийн газар энэ бүх шийдлээрээ Оюу толгой төсөлд хэрхэн хандаж буйгаа харууллаа гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байгаа юм.

Талуудын хооронд үүссэн татварын маргааны асуудал өдгөө арбитрын шүүх дээр очоод буй. Дашрамд дурдахад, хувь нийлүүлэгчийн өмнөх татварын маргаан арбитр дээр шийдэгдээгүй байхад Монголын Татварын ерөнхий газраас дахин акт ногдуулаад байгаа юм. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагч тал арбитрт нэмж материал бүрдүүлж өгөхөөр ажиллаж эхэлжээ. Арбитрын шүүхийн процесс нэг жилээс нэг жил хагасын хугацаанд үргэлжлэх зураг харагдаж байна.

Татварын маргаанаас гадна шийдэх учиртай өөр нэг том асуудал бол гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал. Төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа. Засгийн газар, хөрөнгө оруулагч талын энэ маргаан, зөрчлийн гол шалтгаан нь улс төр, бүр тодруулж хэлбэл ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж буй. Эдийн засагчдын хувьд хэрвээ байдал муугаар эргэж Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцалж, “Рио тинто” Монголыг орхихдоо тулбал Оюу толгой төслийг үргэлжлүүлэх боломжтой ганц улс нь Хятад гэсэн тайлбар хэлдэг. Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт зогсвол тахлаас болж нэгэнт хэцүүдсэн эдийн засагт өнөөгийнхөөс ч илүү том эрсдэлүүд үүснэ, хамгийн түрүүнд ам.долларын ханш хяналтаас гарна гэж эдийн засагчид онцолж байна.

Төгсгөлд нь онцлоход, “Оюу толгой” ХХК 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Засгийн газарт төлжээ. 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан, 12300 гаруй хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд, 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн гэх мэт статистикийг “Оюу толгой” компани цахим хуудсандаа байршуулжээ.

Онцлох нийтлэлүүд