ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.07.24 11:07

​О.Балжинням аваргуудыг манлайлж, Д.Мөнх-Эрдэнэ арслангуудын ард эрэмбэлэгдсэн нь ямар учиртай юм бэ?

Энэ жилийн наадмын зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр боссон. Дархан аварга цолтой ганцхан бөх зодоглосон учир маргаан гараагүй. Харин баруун жигүүрийг Монгол Улсын ардын багш, улсын аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням тэргүүлсэн. Түүнийг зарим нь эрэмбээрээ гарч байна гэж бодсон байх, зарим нь Балжаа аварга яагаад Эрхэмбаяр, Санжаадамба энэ хэдийн урд гараад байгаа юм гэж эргэлзсэн.

Гэтэл Монгол төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ бүх арслангуудын ард зогслоо. Үндсэндээ П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва гээд бүгдийнх нь ард Мөнх-Эрдэнэ гардаг юм байна. Ямар сайндаа гурвын даваанд өөрийнхөө хүүхэд шиг залууд амлуулчихаад хор шарандаа барилдалгүй төв цэнгэлдэхээс цүнхээ үүрээд өрөвдөлтэй нь аргагүй гарч байхав дээ. Д.Мөнх-Эрдэнэ нийтдээ 12 шөвгөрч, өндөр амжилт үзүүлсэн бөх юм. Тэгвэл түүнийг амласан Батсуурь дөрвөн удаа, өмнө нь эрэмбэлэгдээд зогсч байгаа Оюунболд, Пүрэвдагва нар ердөө гурван удаа л шөвгөрсөн байх жишээний.

Улсын арслан Мөнх-Эрдэнэ зурган илэрцүүдМөнх-Эрдэнийг улсын наадамд нэг ч удаа ес даваагүй гэх үндэслэлээр бүх арслангуудын ард зогсоож байна. Уг эрэмбэ ёсоор бол Мөнх-Эрдэнэ цаашид ч шинээр тодорч буй бүх арслангуудын ард эрэмбэлэгдэх хувь заяатай болж таарах нь. Төрийн наадамд найм давах, ес давах хоёрын дунд ийм хол зөрүү байдаг ажээ. Үндсэндээ нэг давааны л наана цаана шүү дээ. Яг ийм эрэмбэ ёсоор ард түмэнд эргэлзээ төрүүлээд буй Балжаа аваргын амжилтыг аваад үзье. Түүний хувьд улсын наадамд нэг ч удаа арав давж үзээгүй бөх. Хоёр удаа ес давжээ. Гэтэл арав давж мянган бөхийн манлай болсон Ч.Санжаадамба, С.Мөнхбат хоёрын өмнө эрэмбэлэгдсэн байх юм. Өнөө Мөнх-Эрдэнэ арсланд үйлчилсэн нэг давааны зөрүү хаачих нь энэ вэ. Санжаадамба, Мөнхбат хоёр нэг удаа арав давсан ч ес болоод найм даваагүй байна. Балжинням, Эрхэмбаяр хоёрын хувьд арав даваагүй хэрнээ хоёр удаа ес, нэг удаа найм давсан амжилтууд нь Санжаадамба, Мөнхбат хоёрын өмнө гарах эрхийг олгожээ.

Бүр тодруулбал, тухайн бөхийн хоёр удаа ес давсан амжилт, нэг удаа арав давсан амжилтын өмнө ороод байна. Гэтэл нэг удаа ес давсан бөхийн өмнө таван удаа найм давсан бөх эрэмбэлэгдэхгүй байгаа нь хачирхалтай. Эндээс анзаарахад, монгол бөхийн эрэмбэ гээчийг эргэж харах цаг нь болжээ. Нэг удаа ес давсан амжилтаараа Азжаргал, Пүрэвдагва, Оюунболд нар Д.Мөнх-Эрдэнийн өмнө босч болоод байгаа юм бол нэг удаа арав давсан амжилтаараа Увсын С.Мөнхбат,нэг ч удаа арав давж үзээгүй Г.Эрхэмбаярын өмнө яагаад гарч болохгүй гэж. Ийм шинэчлэлийг хийж байж бөхийн эрэмбэ шударга, ямар нэгэн маргаан мэтгээнгүй болно.

Үүнтэй уялдуулаад хэлэхэд, “чадаж байгаа юманд арга байхгүй ээ” гэх хоцрогдсон философийг Монголын нийгмээс арчиж хаях хэрэгтэй. Энэ бол худлаа зүйлийг өөгшүүлсэн, буруу хэрэг хийсэн хүнийг дэвэргэсэн, дээрээс нь алдар цол хэргэмтэй нөхдөд долгинож бялдуучилсан хорт үзэл санаа юм. Эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй нэгэн хуулийг уландаа гишгээд, эз дийлээд авчихад наад нөхөд нь “чадаж байгаа юманд одоо арга байхгүй юм даа” гэж улам өөгшүүлээд сууж байдаг тэнэглэл Монголоос өөр оронд бий юу. Бидний амьдралын энэ буруу зуршил хөгжил дэвшлийн гол чөдөр тушаа нь болоод байна.

Монголын өв соёлын дархлаа болсон үндэсний бөхийн эрэмбэ жудгийн асуудал хийгээд аливаа бусармаг зүйл нь нийгэмд асар их хортой. Бусдад шударга бус зүйлийг үлгэрлэж, худал хуурмаг явдлыг дэвэргэх, дээр өгүүлсэнчлэн чадаж байгаа юманд аргагүй гэх философийн үндсэн зарчим нь болдог. Ганцхан жишээ татъя л даа. Тэр жилийн наадмаар барууны магнайд гарах эрэмбэтэй А.Сүхбат хүчээрээ дийлж зүүний магнайд гарсан. Тэгээд зогсохгүй гурвын даваанд өөрөөсөө амжилт илүү Г.Өсөхбаярыг амласан. Сүхбатын энэ үйлдлийг холбогдох байгууллага нь хууль бус гэдгийг мэдсээр байж буулт хийгээд гаргасан. Өнөө чадаж байгаа юманд арга байхгүй гэх ойлголт жинхэнэ утгаараа энэ. Ийм хууль бус үйлдэл ард түмнийг хувааж, буруу бусармаг зүйлд өөгшүүлэн уриалдаг.

Энэ жилийн наадмын гол сенсааци болсон Санжаадамба, Ганжад нарын барилдаан монголчуудын жалга довны үзэл, хууль бус зүйлийн бас нэг нотолгоо нь боллоо. Өөрийнх нь засч байгаа бөх давчихаад, өрсөлдөгч бөхийнх нь тохой түрүүлж хүрчихээд байхад засуул нь хэнэг ч үгүй “Чи унасан” гээд зүтгээд зогсож байгааг бид харлаа. “Төв аймгийн хоёр шүүгч энэ шийдвэрийг гаргалаа. Нутгийнхаа бөхийг давуулчихлаа. Хэрвээ би унасан бол шууд тахимаа өгнө. Унаагүй болохоор хөлийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Санжаадамба мэдэгдсэн. Үнэхээр түүний хэлснээр Төв аймгийн хоёр бөх болох Д.Сэрээтэр, Ц.Баярсайхан нар хөлийн цэцийн гишүүд байсан. Яах аргагүй нутгийнхаа залууг улаан цайм дэмжих шиг боллоо. Ард иргэдээ хууль дүрмийн дагуу шударга ажиллаж амьдрахыг сурталчилах учиртай байтал төрт ёсны наадам маань ийм бохир заваан, нутаг нуга, жалга довны үзлээр шийдэгдэх болсон нь харамсалтай.Тэгэхээр нийгэмд асар их хорлонтой худал хуурмаг зүйлээс бид бүхэн нэн даруй хурдан салах хэрэгтэй байна.

Ганжад Санжаадамба зурган илэрцүүдИйм байдлыг төрт ёсныхоо наадмаар бүү хэл энгийн үед ч хэн нэгэн гаргадаггүй байхыг хатуу анхааруулж, хуульчилж өгөх цаг нь болсон. Хэрвээ хууль бус шийдвэр гаргасан бол хувь хүн болоод тухайн байгууллага хариуцлагаа шударгаар хүлээнэ. Хэрэв зээ өнөө жилийн наадмын тавын даваанд Санжаадамба үнэхээр давжээ гэж үзвэл буруу шийдвэр гаргасан хөлийн цэцүүд болоод бусад хүмүүст арга хэмжээ авах нь зүйд нийцнэ. Хууль дүрмийг цаг тухай бүрт нь ингэж мөрдөж байж Монголд шударга ёс тогтоно. Аливаа асуудалд зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаад бусдыг илтээр хохироодог байдал ганцхан үндэсний бөхөд байгаа юм биш.

Манай бүх салбар чиглэл, төрийн дээд албанаасаа аваад аль ч шатанд худал хуурмаг, хууль бус зүйл газар авсан. Энэ байдлыг одоо таслан зогсоож танил тал, нутаг ус, цол хэргэм, нэр төрөөр асуудлыг шийддэг бус зөвхөн хууль дүрмийн дагуу, үнэн шударгаар, бусдад хохиролгүйгээр шийдвэрлэдэг болъё. Төрийн наадам шударга болоод эхэлбэл хүссэн хүсээгүй нийгэм эрүүлжээд эхэлнэ. Тиймийн учир Балжинням Мөнх-Эрдэнэ хоёрын амжилтыг харьцуулсан хэрэг. Балжаа аваргын мууг үзэх гэсэндээ биш бөхийн эрэмбэ үнэн шударга эсэхэд эргэлзээд байгаа юм.

Р.БАТСҮХ

Онцлох нийтлэлүүд