ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.11.27 12:11

О.Лхагваа: Физик бол гайхамшигт оюун ухаан юм

Уулзах болзоо товлоод зорин очиход намайг жингэнэтэл инээсэн, хөнгөн шингэн, ер бусын жавхаатай эрхэм угтсан юм. Энэ хүн бол олон түмний дунд Цөмийн хэмээн авгайлагддаг, профессор О.Лхагваа гуай юм. Тэр бүтэн жарны амьдралаа Монголын боловсрол, шинжлэх ухаанд зориулсан хүн билээ. Физик математикийн ухааны доктор, Шинжлэх Ухааны гавьяат ажилтан, Эйнштейний нэрэмжит олон улсын шагналт гээд түүний нэрний өмнөх алдар цуварна.


-Таныг бүгд цөмийн Лхагваа гэж дууддаг. Ажил мэргэжлээрээ овоглогдтол амьдарсан түүх бол том зиндааны түүх юм. Цөмийн Лхагваа гэдэг хүн хаанаас “ирсэн” хүн юм бэ. Таны гарал үүсэл, өссөн төрсөн газар, балчир ахуй үеийн тухай ярья.

-Би уг нь Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны “Голын адгийн отог” гэдэг газрын хүн юм байна лээ. Миний дээд өвөө бол Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны тайж хүн байсан. Тодруулж хэлэхэд ядуу тайж хүн байсан байгаа юм, баян биш тийм хүн. Яг манай сум болохоор 1931 онд сум хайрцаглаж, бүтцүүд өөрчлөгдөх үеэр Увс аймгийн Завхан сум болж шилжсэн юм билээ. Би бол бага насандаа мал маллаж, эцэг эхийнхээ гар дээр өссөн, жирийн л хөдөөний гаралтай хүн. Манайх олон хүүхэдтэй айл байсан юм.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид эцэг эхээсээ зургуулаа. Энэ олон хүүхдийг бүгдийг нь хоолтой хувцастай, юм юмаар дутаахгүй өсгөнө гэдэг бас л амаргүй байсан биз. Манайх цөөхөн малтай айл байсан. Гэхдээ манай аав ээж маань хэнээс ч, юу ч гуйгаагүй. Бүх аж ахуйгаа өөрсдөө л босгож байсан. Хэцүү үеүд байсан л байх.

-Сэцэн сартуул хошуу гэхээр та чинь Завханы хүн болж таарч байна уу ?

-Намтар дээрээ Увс аймгийн харьяат гэж явдаг юм билээ.

-Увс аймгийн Завхан сум. Яг Завхан гол дээрээ байдаг газар шүү дээ.

-Манай Завхан гол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гол. Завхан голын адгийг хангайгаас буусан Завхан гол, алтайгаас орж ирсэн Тээлийн гол гэдэг хоёр гол нийлж бүтээдэг. Голын адагтаа ирж нийлдэг гэсэн үг.

-Танайх нэгдлийн малчин байсан уу?

-Үгүй ээ, манайх чинь бүр дөчин хэдэн оны айл байхгүй юу. Бага байхад аав маань эрт бурхны оронд яваад өгсөн. Ээж олон хүүхэдтэй үлдсэн. Амаргүй өссөн л дөө. Тэгсэн ч бид бүгдээрээ л аймгийн сургуулиар дамжиж, дотуур байраар амьдарч, сурч хүмүүжсэн.

-Сумын сургууль анхны гараа биз дээ?

- Сумынхаа сургуульд эхлээд сууж байлаа. Тэгж байтал манай нэг эгч Улаангом руу хүнтэй ханилаад явдаг юм. Тэгэхээр нь дагаад бага сургуулиасаа Улаангом орсон л доо.

-Та гэрийнхээ хэд дэх хүүхэд нь вэ?

- Би дээрээсээ дөрөв дэх нь. Яагаад ч юм манай ээж намайг “Энэ л их юм сурах хүн. Энэ л хол явна” гэж бүр онцгойлж хэлдэг. Зүгээр тэгж хэлэх биш, бүр шүтэж сүсэлнэ. Зөвхөн намайг тэгж онцолдог байсан юм.

-Бүр тэгж бусдаас нь ялгаж ханддаг байсан гэж үү?

-Тийм. Зөвхөн энэ хүү минь л, ганцхан Лхагваа минь л их юм дуулгана шүү гэнэ. Яагаад тэгдэг байсан гэхээр би чинь бүр 1937 оны хүн шүү дээ. Ээж маань намайг гэдсэнд байхад үзүүлж харуулж л дээ. Ямар үе билээ. Сэтгэл санаа түгшүүртэй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд мэргэн хүнд очтол чамаас эрэгтэй хүүхэд төрөх юм байна. Гахай жилтэй хүнээр эх бариулж ав гэжээ. Тэгсэн манай аавын ах нь гахай жилтэй хүн байж таарч. Тэр жил манайхан сулхир гэж юм их түүцгээж. Намар бүгдээрээ сулхир түүгээд л. Нутгийн хамгийн баян хүний хүү хуримаа хийж байсан өдөр, намрын дунд сарын арван долоонд би төрж гэнэ. Ээж нөгөө авга ахыг маань дахиад явуулж асуулгажээ. Тэр чинь эсэргүүний жил болохоор бүгд болгоомжилно. Нууцаар л явуулна. Нөгөө лам “Намрын дунд сарын энэ өдөр төрсөн хүүхдүүд чинь хувь заяагаа өвөртөлж төрдөг юм. Үзэлт байхгүй” гэж хэлээд явуулсан байдаг. Хэдэн хоног болоод ээж тэсэлгүй нуугдаад очиж л дээ. Тэгсэн ном судраа гаргаад харж байна гэнэ. Их том лам хүн байсан гэдэг. Хөөрхий минь арай баригдаагүй л байсан юм билээ. Тэгээд ном судраа дэлгэж баахан уншиж үзэж байснаа “ За, гэгээнтэн хүүхэд төрсөн байна аа. Асар их ном сурна. Асар их хол явна. Их эрдэмтэй хүн болно” гэж хэлж гэнэ. Ээж минь тулгамдаад л сууж байж. Тэгсэн чинь номоо эргүүлээд л хараад байна гэнэ. Тэгж тэгж харин “Эцэг эх хоёр нь хоёулаа байж дийлдэг болов уу” гэж гэнэ. Хоёр янзын туйлтай үгийг палхийтэл л ээжид минь хэлж байгаа биз дээ. Хорвоогийн амьдрал сонин. Манай аав намайг долоотойд нас барсан.

-Түрүүн та тайж удамтай гэсэн. Тэгээд ямархуу зиндааны тайж байсан тухай онцолж ярьсан нь сонирхолтой байлаа. Та яаж тэгж нарийн мэдсэн юм?

-Манай тэр буурал бол хохь тайж хүн. Нэг ийм намтар байдаг юм. Сартуулууд гэдэг хүмүүс хаанаас үүсэлтэй, ямар гарал угсаатай улс вэ гэж би Чулууны Далай гэдэг түүхчээс асуусан юм. Танай сартуулууд чинь Чингисийг дагаж, ар албыг нь хааж явсан түмэн шүү дээ гэдэг юм байна. Тэгээд манайхан алба хааж явсаар эргэж буцах болж. Далай түүхчийн ярьснаар тэгж эргэж ирсэн манайханд “Хүнгүй” газар зааж өгсөн юм билээ. Хүнгүй гол гэдэг чинь хүнгүй газар гэсэн үг шүү дээ. Тэгж л манай сартуулууд одоогийн их алтай хангайн завсраар суурьшсан юм байна лээ.

-Гэрсэнж Жалайр хунтайжийн хөвүүн Далданг танайхны өвөг гэж уншиж байсан.

-Эзэн Чингис хааны арван дөрөвдүгээр үеийн удам Батмөнх даян хааны үр сад. Гэрсэнз Жалайр хунтайж чинь отгон хөвүүн нь биз дээ. Ингээд яривал далай шиг их юм хөвөрнө. Бүр нэг ийм намтар манай ээж надад ярьж байсан. Манай ээж миний ярьдаг тэр хохь тайжийн гарлын охин л доо. Яг нэр нь хэн гэдэг тайж болохыг би мэдэхгүй. Ямартаа ч тэр тайж одоогийн Улаангом руу явжээ. Тэгж явж явж ирэхдээ төвд хэл сураад ирж. Ирсэн хойноо Сэцэн сартуулын хошууны ах дүү нартаа очиж золгодог юм байна л даа. Тэгэхдээ дөрвөд янги гээд (дөрвөдийн янгиа) их уужуухан сонирхолтой эмээл тохож ирж. Янгиа эмээлтэй нөхөр л сартуулын хошууны ноёныд очсон байх нь шүү дээ. Тэгсэн ноён нь байхгүй байж. Өргөө цагаан гэр байна биз дээ. Ноён эзгүй, залуу эхнэр нь байж. Тэгэхээр нь гадаа морио уячихаад эмээлээ авч орж ирээд баруун хаяанд хаячихаад, асуух ч юмгүй унтаад өгч. Орой ноён нь иржээ.

-Энэ юун хүн унтаж байгаа юм л гэнэ биз дээ.

-Хатан нь Манайд нэг өвгөн ирлээ. Эмээлээ оруулж ирж гэрийн баруун хаяанд чулуудчихаад унтаад байна гэж. Тэгсэн “ Ээ бурхан минь, манай том авга хүрээд ирсэн байна” шүү дээ гээд ноёнтон гэрээсээ хувцсаа гаргуулж ирж өмсөн, хатан хоёулаа хувцсаа сольж орж ирж сөгдөж мөргөн золгож байсан гэдэг юм. Би энийг юуны тулд яриад байна гэхээр Чингис хааныг чинь бүхэл бүтэн улс нь дагаж явж байгаа хэрэг шүү дээ. Тэд чинь малаа маллана, айраг сүүгээ хийнэ. Улс үндэстнийх нь бүх л амьдрал, хэв маяг, зан үйл нь дагаж явсан. Тэгж хэчнээн жил, хэдэн үеийг элээгээд хожим суларсан ард түмний хэсэг тасархай буцаж ирсэн бололтой юм. Зарим нь бүр хэзээ ч буцаагүй. (Инээв). Үлдээсэн газар оронд нь нутагшин шингэж хоцорцгоосон. Эргэж ирсэн тэр тасархай миний өвөг дээдэс гэж би үздэг юм л даа. Тэр тээж явдаг бодлоо чамд ярьж байгаа нь энэ.

-Сонирхолтой байлаа. Та жаахан хүүхэд байхдаа Улаангомын сургуульд очиж суралцжээ. Одоогийн Улаангомын аль сургууль вэ?

-Улаангомын төвийн 7 жил гэдэг сургуульд очлоо.

-Хэл ойлголцохгүй хэцүү байв уу ?

-За, эхэндээ тун амаргүй байсан шүү. (инээв) Намайг Лхагваа гэхгүй ш дээ. Лхаг гэдэг. Баруун Монголын аялгаар Лхаг гэж их сонин дуудна. Анх очиход багш асууж байна. Залуухан баяд эмэгтэй багш байсан. Нэр чинь хэн бэ гэлээ. Лхагва гээд хэллээ. Хэн гэнээ гэнэ. Лхагва л гэлээ. Гурав асуулаа. Тэгсэн дараа нь үзсэн чинь нөгөө багш маань Тавхи гээд нэр өгчихөж. Тавхи.

-Тавхи аа?

-Тавхи. Тэгээд гурван жил Тавхи гэдгээрээ явсан. (инээв) Тэгсэн намайг тэгж сургууль даяар дууддагийг мэдчихээд манай хүргэн ах хэлж байна. За, хүү минь болдоггүй юм. Одоо өөрийнхөө нэрэнд шилжихгүй бол хамаг юм чинь будилж орхино шүү гэж. Тэгж би Лхагваа гэдэг нэрээ эргэж авч байлаа.

-Улаангомын долоон жилийн сургуулийг төгсөөд яав?

-Нөгөө миний дагаж очсон хүргэн ахынх маань намайг долдугаар ангид орох жил сумын дарга болоод яваад өгсөн. Би дотуур байранд орлоо. Долоон жилийн сургуулиа ч онц төгслөө. Аймгийн төвийн нэгдүгээр арван жилд орсон. Одоо Ю.Цэдэнбалын нэрэмжит Нэгдүгээр арван жил болсон юм байна лээ.

Манай сургуулийн захирал Сайнбуян гэдэг хүн байлаа. Намайг есдүгээр ангид ордог жил Г.Додон гэж багш манай сургуульд ирлээ. Их сургуулийн тоо физикийн анги онц төгссөн хүн. Тэгээд л шинэхэн залуухан багш биднийг шалгалаа. Мэдээж би бодлогуудаа хамгийн түргэн л бодно. Багш маань надад их итгэл хүлээлгэж байсан нь намайг улам л хариуцлагатай болгож байсан.

-Төгсөөд ямар хуваарь авав. Хамгийн шилдэг сурагч юм чинь хамгийн шилдэг сургууль л хүлээж байна биз дээ?

-Яг намайг төгсдөг жил Ю.Цэдэнбал даргын албан даалгавар гэж юм гарсан байгаа юм. Сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн ажилчин малчны хүүхдүүдээс Москвагийн Гадаад Харилцааны сургуульд явуулж сурга гэсэн захирамж. Энэ чинь улсын бас том бодлого л доо. Том бодлого шүү. Дандаа дарга нарын хүүхдүүд л яваад байж л дээ. Тэгсэн намайг аймгийн намын хороон дээр дууддаг юм. За, чамайг Москвад Олон Улсын Харилцааны сургуульд явуулна. Дипломатын сургууль шүү дээ гэж байна.

-Та юу гэв ?

-Би Монгол Улсын Их Сургуулийн физикийн ангид орно л гэлээ. Хүүхэд шүү дээ. Тэр үеийн сэхээтнүүдийн тэмүүлдэг том сургууль гэдгийг огт мэдэхгүй. Их сургуулийн физикийн ангид орно. Г.Додон багшийнхаа төгсөж ирсэн сургуульд л сурна гэлээ. Багш маань л хамгийн том хүн гэж боддог. Тэгсэн намын хорооны хүн жаахан мушийснаа “ За, Лхагваа минь наадах чинь намын даалгавар шүү дээ” гэж байна. Дараагийн долоо хоногийн шуудангаар намайг Москвад явуулах материал ирсэн. Би очихгүй, зугтаагаад байлаа. Огт дуулаагүй хүн шиг л яваад байсан. Би явахгүй гээд л гүйгээд байдаг. Сүүлдээ жаахан айлаа. Тэгсэн манай хүргэн ахад миний тухай мэдээ хүрч. Нөгөө хүүхэд чинь ингээд зугтаагаад байна гээд. Хүргэн ах маань миний занг ч мэднэ. Намын хороогоор явж байгаад миний хувийн хэргийг салгаад иржээ.

Тэгээд л хувийн хэргээ аваад Ургамал сумаар дамжаад, Завхан аймгаар ороод Улаанбаатарт ирлээ. Тэгж будилж явсаар би их сургуульд бүр хожуу бүртгүүлж байлаа шүү дээ. Болоогүй ээ, бас орос хэлний шалгалт өглөө. Бас орос хэл жаахан үзсэн байдаг юм. Гайгүй дүн авлаа. “ Чи их сурлагатай хүүхэд байна. Орос хэлнийхээ шалгалтыг ч сайн өгсөн байна. Физикийн ангид чамайг авнаа” гээд үг хэлэхийн зуургүй гар гэж байна. Тэгээд л физикийн ангидаа орсон. Физик бол аугаа их оюун санаа юм. Би тэр оюун санаанд нэвтэрч орсон.

-Хүүхэд ахуй насанд татагдсан физикээс салахгүй явсаар энэ хүрчээ.

-Их сургуульдаа орчихоод байж байхдаа бурхан минь яаж анагаахын ангид орчихоогүй юм бэ гэж залбирч байсан. Математик бол сэтгэлгээний хэл. Тэр хэлийг эзэмшсэн хүнд далдын тухай, хүрэхгүйн тухай ямар ч ойлголт байдаггүй. Олон улсын “Цөмийн шинжилгээний институт”-д дөрвөн жил суугаад би хамгаалаад ирлээ.

-Их сургуулиа төгсөөд шууд гадагшаа явсан юм уу?

-МУИС-ийг би улаан дипломтой төгссөн. Дараа нь сургуульдаа таван жил багшилсан. Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын физикийн лабораторийн дэд захирал, профессор В.Г.Соловьев “Лхагваа бол өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч” гэж дүгнэсэн. 1995 онд “Гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онол”-оор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар намайг “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн цохож үнэлсэн байдаг юм. Надад оногдсон мэргэжлийн том үнэлэлтүүд юм даа.

-Цөмийн шинжилгээний институтын онолын физикийн салбар нь гэхэд хэдэн зуун хүнтэй аварга институт байна биз дээ.

-Тэгэлгүй яахав. Тэнд чинь л ажилласан. Монгол Улс 1956 онд “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д гишүүнээр орсон юм. Дайны дараа үе шүү дээ, тэр чинь. Орос атомын бөмбөг хийсэн. Америк атомын бөмбөгтэй, Франц, Япон атомын бөмбөгтэй болчихдог. Тэр үед Европын “Цөмийн Судалгааны байгууллага” гэж Австрийн CERN гэдэг хотод том холбоо байгуулсан юм. Үүний дараа социалист орнуудын түүнтэй тэнцэх холбоо байгуулах гэж 1956 онд “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт” байгуулсан юм. Москва хотоос зүүн хойш 130 км зайтай ижил мөрний хөвөөн дээр их сайхан байгальтай газар байгуулсан. Тэр том айлыг байгуулахад боловсон хүчин нь юу байв гэхээр өнөө атомын бөмбөг бүтээсэн алдартай толгойнуудаа тэнд аваачиж суулгасан. Атомын бөмбөг, цөмийн бөмбөг хийнэ гэдэг бол одоо технологийн асуудал болсон.

-Тэр төвд эрдэмтдээ явуулах шийдвэр хаанаас гарав. Мэдээж улс төрийн товчоо гаргах байх ?

-За, тэгээд социалист орнуудын төрийн бодлого ингээд гараад ирэхээр цөмийн боловсон хүчин хэрэгтэй дээ. Тийм үү. Ингээд л бид зургуулаа явж байлаа. Биднээс түрүүнд хоёр эрдэмтэн очсон байсан. Чүлтэм багш,Содном багш хоёр шүү дээ. Даржаагийн Чүлтэм, Содном академич хоёр. Даржаагийн Чүлтэм гэж их ухаантай хүн байсан. Тэнд эхний дөрвөн жил суралцаад би хамгаалсан. Намайг шоолдог байсан. Хүн хажуугаар нь өнгөрөхөд харахгүй эргүүтсэн юм шиг явдаг гэж. Физик математикийн шинжлэх ухаанд гүйлгэж уншаад юмыг авчих тухай ойлголт байдаггүй юм л даа. Бүх эд эсээрээ тэр шинжлэх ухаанд орж дуусна.

-Ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Цөмийн урвал. Цөмийн урвалын онолоор хамгаалсан. Тэр үед манай лабораторийн захирал “Энэ хүнээс их том эрдэмтэн гарна даа” гэж хэлж байсан. В.В. Балашов гэж асар их авьяастай эрдэмтэн . Тэр хүний амнаас “Энэ хүний өсөлтийн хурд нь асар өндөр. Энэнээс том эрдэмтэн гарна” гэсэн үг сонсож явсан маань надад үгээр өгүүлшгүй том үнэлгээ байсан. Жирийн нэг малчны хүүхэд тэр том институтад хамгаалахдаа тийм үнэлгээ авна гэдэг ховор тохиолдол шүү дээ. Хүн бол орчлонгийн хувьслын ноён оргилд нь мандсан од юм шүү. Хүн өөрөө од нь. Тийм болохоор орчлонд би жинхэнэ од шиг л байя гэж бодож амьдарсан.

-Дубна дахь Олон улсын “Цөм шинжлэлийн институт” -д “Цөмийн урвалын онол” –оор хамгааллаа. Тэгээд тэндээ судалгааны ажлаа үргэлжлүүлэв үү?

-Эрдмийн зэрэг хамгааллаа. Боловсон хүчин цөөнтэй юм чинь шууд татаад аваад ирнэ шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Ерөөсөө өнөөдөр хамгааллаа, маргааш нь татаад аваад ирнэ. Намайг ирэнгүүт манай багш нар зарим нь зөрөөд л аспирантурт явсан. Тэгээд би онолын физик дээр нэмээд дөрөв таван хичээлийг бүгдийг нь заадаг. Одоо гадна дотно, энд тэнд байгаа олон докторуудын ихэнх нь миний ууган шавь нар байдаг юм. Багш хүн өөр юугаар бахархах юм.

-Та доктороо хэдэн онд ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Надад байдаг нэг чанар бол өгсөн даалгаврыг яс сайн биелүүлж байж салдаг. Тэгж тэр дарамтнаас салчихаад оюун санаагаа чөлөөлөөд, тэр сулласан оюун санаагаа бүтээлч юмандаа зарцуулдаг байхгүй юу. Миний үндсэн сонгосон зам ямар хүнд зам байв. Өөрийнхөө хүчийг зөв зохицуулж сураагүй хүнд энэ зам бол ярвигтай зам. Тэгээд ажиллаад явж байтал Төв хорооноос дууддаг юм.

-Төв хороо дууджээ. Нэг талаас аймаар санагдана биз дээ?

-Хурдтай ажилладаг хүн болохоор нөгөө бүртгэлд нь орчихож. Гялалзсан хүн байгаа юм, энэ нөхрийг татаж авчиръя гээд.Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн орлогч эрхлэгч гэдэг ажилд томиллоо. Төв хорооны хэлтэс гэдэг чинь одоо том ажил л даа. Хэлтсийн орлогч эрхлэгч, төв хорооны өөрийнхөө харьяа яамны сайдыг дуудаж үүрэг өгдөг том амьтан.

-Тэгээд яаж Төв хорооноосоо салав?

-Би хүсэлт гаргалаа. Ж.Батмөнх гуайн үед би Их Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга болж байсан юм.

Ю.Цэдэнбал даргыг явсны дараа Ж.Батмөнх гуай Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Тэгээд Ж.Батмөнх гуай дээр нэг орсон юм. Нам надад даалгавар өглөө, намын даалгаврыг би биелүүллээ. Одоо би эрдмийн ажлаа хийе гээд. За, тэгээ тэг одоо чамайг явуулах болсон гэсэн.

-Буцаад Их Сургууль руугаа явах уу?

-Тэгээд их сургуульд нэг жил болоод Москва руу “Цөмийн шинжилгээний иститут” рүү явсан. Тэнд есөн жил болсон доо. Тэндээ 1995 онд “ Гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онол”-оор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Би гэдэг хүн цөм, атомаар дамжаад одоо нано технологи дээр ажиллаж байна. Бүр эсийн цацрагийн биологи, анагаах ухаан дээр явж байна. Энэ зах хязгааргүй ертөнц рүү нэгэнт орсон бол цаашаа л алхах тухай ойлголт байдаг.

-Төв хороонд байхдаа Ю.Цэдэнбал гуайтай хэр олон таарч байв?

-Олон удаа тааралдсан шүү. Анх намайг Төв хороонд ажиллах болоход улс төрийн товчоогоор оруулсан. Хаана ямар сургуульд сурсан. Ямар мэргэжилтэй вэ гэж Ю.Цэдэнбал дарга асуусан л даа. Тэгээд би ийм цөмийн мэргэжлийн хүн байгаа юм. Энэ мэргэжилдээ их дуртай. Намайг Их Сургуульд маань мэргэжлийн хичээлээ заах боломж олговол би маш их талархах болно гээд хэлчихлээ. Дарга сонсож байснаа протоколд тэмдэглэ, тэр мэргэжлийн хичээлийг нь заалгаж бай гэж бүр хэлсэн шүү. Төв хороонд миний нэг том хийсэн ажил бол Ховдын Багшийн Дээд сургуулийг байгуулах ажлыг би гардан хийж байсан.

-“Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д та эхлээд дөрвөн жил, дараа нь есөн жил ажиллажээ. Олон жил тэнд байж.

-Одоо улам томорсон. Зөвхөн социалист орнуудын хүрээнд анх байгуулагдаж байсан бол одоо Дэлхийн олон орныг нэгтгэсэн том институт байж байна. Асар их ач холбогдолтой. Одоо миний хоёр шавь тэнд докторын зэрэг хамгаалахаар байж байна.

-Таныг тэнд цол хамгаалж байхад байсан багш нараас одоо байх уу?

-Профессор В.В.Балашов байгаа. Тэр хүний дэмжлэгээр би Москвагийн Их Сургуультай маш олон жил нягт хамтран ажилласан. Энэ агуу эрдэмтэн надад зориулж “Энэ хүнээс их том эрдэмтэн төрнөө” гэсэн нөгөө алдартай үгийг хэлсэн юм шүү дээ.

-Өөрийнхөө дурсамжаар ном бичээгүй юм уу. Үнэхээр баялаг түүхээр дүүрэн амьдрал юм?

-Жаахан зав гарахаар бичнэ гэж бодож байгаа. Харин нас үлдэж байна уу, үгүй юү (инээв).Надад өөр хийх юм их байна. Би шавь сургууль гэж юм үүсгэсэн. 1972 онд “Цөмийн шинжилгээний институт”-д хамт ажиллаж байсан эрдэмтдээ дуудаад олон улсын том хурал хийдэг юм. Тэр хурлын үеэр профессор В.Г.Соловьев надад хэлсэн. Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, их том хүн байсан. “Лхагваа, чи ингээд ганцаараа явж байгаад алдагдаж болохгүй. Ганцаараа явбал хүн дуусдаг юм. Ялангуяа эрдэмтэн хүн дуусдаг юм. Ганцаараа хэрхэвч байж болохгүй. Чи шавь сургууль үүсгэ. Монголд шавь сургуулийн анхны суурийг тавь” гэж хэлсэн л дээ.За тэгье. Гэхдээ би яаж хийх билээ гээд л сонирхлоо. Багш нар маань намайг ингэж зоригжуулсан. “Москвагийн их сургууль бол жинхэнэ сургалтын газар. Эрдмийг чинь сургалтаар сургадаг юм. Эрдэм шинжилгээний газар гэдэг чинь юм хийдэг газар. Их сургууль гэдэг чинь эрдэмтнийг эрдмээр бэлтгэдэг газар. Жинхэнэ ундрага нь тэнд байдаг юм. Тэгэхийн тулд чи Москвагийн их сургуультай холбоо тогтоо. Би Москвагийн их сургуультай холбогдох ажлыг чинь ярьж өгнө. Би одоо утасдана. В.В.Балашов гэж их том шагналтай, нээлт хийсэн том эрдэмтэн бий. Миний найз юм. Тэр чамд тусална” гэж багш хэлсэн. Москва руу ярих газар хайгаад гүйлээ. Академич Марковын өрөө гэж Москва руу ярьдаг өрөө байдаг юм байна л даа. Тэрлүүгээ дагуулж ороод ярьсан.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

Онцлох нийтлэлүүд