ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.12 09:09

О.Машбат: Ерөнхийлөгч саналаа татлаа гээд Үндсэн хуульд тусгагдсан заалтууд хүчингүй болохгүй


Улс төр судлаач О.Машбаттай ярицлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Энэ үетэй давхцаад Ерөнхийлөгч, АН-ын зүгээс төсөл, саналаа татсан. Ингэхээр Үндсэн хуульд асуудал үүсэх үү?

-Хөндлөнгийн саналаа татах нь тухайн хүний асуудал. Ямар нэгэн хууль зүйн үр дагавар байхгүй. Ерөнхийлөгчийн саналыг аль хэдийнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж хэлэлцээд, шүүхтэй холбоотой баахан заалтыг хасаад, намыг нийт сонгогчийн нэг хувийн дэмжлэгээр байгуулж болно гэж оруулаад санал хураадгаа хураачихсан шүү дээ. Тэрийг одоо буцаах аргагүй. Аль хэдийнэ Үндсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн болоод АН-ын төсөл тусчихсан байгаа. Одоо тэр заалт бол Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлт төслийн заалт, хэн санал гаргасан, тэрийгээ татсан уу, үгүй юү, хамаагүй болсон. Зүйрлэвэл, хоол хийж байсан хүн рүү давсаа нэм, давсаа нэм гэсээр байгаад давс нэмүүлчихээд дараа нь ер нь би давс нэм гэсэн саналаа татлаа гээд нэмэргүй, хоол аль хэдийнэ болчихсон. Харин давс нь таарсан уу, шорвог болсон уу гэдэг асуудал л үлдэнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хувьд Ерөнхийлөгчийн саналыг тусгаснаар төдийлөн жин тун нь хэтэрчихээгүй болов уу. Мэдээж эргэлзээ төрүүлсэн асуудал бий, судлаач хүн дандаа л эргэлзэж байдаг л даа.

-Ард нийтийн санал асуулгад Монгол Улсын засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн байх уу, парламент байх уу гэх асуулга оруулах санал өргөн барьсан. Ийм зүйл хуульдаа байдаг уу?

-Ингэж санал авч болохгүй л дээ.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах болон бусад асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэдэг чинь шал өөр хоёр асуудал. Жирийн хүмүүс адилхан сонсогдоод байж магадгүй, гэхдээ хуульч хүнд бол огт өөр хоёр асуудал юм.

Манай улсын түүхэнд ард нийтийн санал асуулга цорын ганц удаа болж байсан. Монгол Улс тусгаар тогтнохыг ард иргэд нь дэмжиж байгаа эсэхийг ард нийтийн санал асуулга явуулж үзээд дэмжиж байвал хүлээн зөвшөөрье гэж Дундад иргэн улсын Засгийн газраас тулгасан, үүний хариуд 1945 онд ийм санал асуулга явуулж Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа нотолж, урд хөрш манай бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн юм.

Түүнээс өмнө нь ч, хойно ч огт санал асуулга явж байгаагүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүү хэл Үндсэн хуулийг өөрийг нь батлах эсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар асууж байгаагүй юм. 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, тэдгээрт оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг огт ард түмнээс асууж байгаагүй, ардын төлөөлөгчид л шууд баталж байсан юм.

Түүхэнд хоёр дахь удаагаа ард нийтийн санал асуулга болох гэж байна. Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах эсэх асуудлаар явж байна. Энэ төслийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр хариултын нэгийг л сонгох юм. Энэ бол үнэхээр түүхэн үйл явдал. Ард нийтийн санал асуулгаар маш тодорхой, ац утгагүй зүйл асуух ёстой гэдэг наад захын шалгуур. Тусгаар тогтнох уу, үгүй юү? Төслийг батлах уу, үгүй юү? гэх мэт.

Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг маш ерөнхий асуулт юм. Ер нь бол баруунш явах уу, зүүнш явах уу гэж асуугаад байгаа болохоос уул руу авирах уу, ус руу орох уу, яг аль уул, яг аль ус вэ гэдгийг нь огт асуухгүй байна шүү дээ.

Ерөнхийлөгчийн засаглал гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн засаглал дотроо ядаж л хоёр хэлбэртэй. Америк маягийн, Франц маягийн гэж. Алийг нь хэлээд байгаа юм бэ?

Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлэх явдал Парламентын засаглалд ч байдаг, Науру бол парламентын засаглалтай улс, гэхдээ Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгоод засгийн газраа тэргүүлээд явдаг. Зарим оронд Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгоод Ерөнхий сайдаа санал болгож парламентаасаа сонгоод явдаг, тэгэхдээ гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлж байна гэж тооцогдоод явдаг хэлбэр бий. Чех, Словак ийм тогтолцоотой.

Манайх ч ялгаагүй, Үндсэн хуулиа үзэх юм бол Ерөнхийлөгчийн тухай хэсэг гүйцэтгэх эрх мэдлийн тухай хэсэгт тэртэй тэргүй байгаа.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухайд?

-Манайхан заримдаа Ерөнхийлөгчийн засаглал гэдгээ сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдана гэсэн үг. Дотроо наанадаж хоёр янз байна.Америкийн тухайд засгийн газраа өөрөө толгойлоод явдаг, жишээлбэл Дарханы зам баригдахгүй байгаагийн төлөө Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой. Харин Францад бол ерөнхийлөгч нь ерөнхий сайдаа томилоод явдаг, өөрөө төрийн зөвлөл гэгч юмыг тэргүүлдэг. Гэхдээ ерөнхийлөгчийн үүрэг нь түүхэн улбаанаас хамаараад өөр чиг үүрэгтэй, жишээлбэл Хүндэт Легионы одон гэх хүлэг баатрын нийгэмлэгийн тэргүүн байдаг. Энэ нийгэмлэгийн тэргүүн нь төрийн зөвлөлийн гишүүн байна.Бас Шинжлэх ухааны академийн ректор нь төрийн зөвлөлийн гишүүн байна. Хүлэг баатрын тэр однууд нь санхүүгийн хувьд төсвөөс тусдаа, зохион байгуулалтын хувьд төрөөс тусдаа байдаг. Их бүдүүлэг жишээ татвал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна, захирал нь төрийн зөвлөлийн гишүүн байна гэсэн үг. Хаантай байсан үеэс л уламжилсан тогтолцоо. Тэрнийх нь доор сайд нар нь яамаа тэргүүлээд Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг. Оросууд энэ загварыг авсан боловч Францын түүхэн уламжлалт тогтолцоо байхгүй учраас Ерөнхийлөгчийн улс төрийн золиосонд Ерөнхий сайдыг огцруулдаг болчихоод, одоо дийлэнх судлаачид энэ улсыг дарангуйллын зам руу орлоо гэж дүгнэдэг болчихоод байна.

-Ард нийтийн санал асуулгын талаарх хууль бий юу. Бусад улсад шууд ардчиллын хэлбэр гэгдэх ард нийтийн санал асуулгыг өргөн ашигладаг гэдэг.

-Тийм. Ард нийтийн санал асуулгын талаарх хууль гэж бий. Ялгаатай гэж яриад байгаа юмаа тайлбарлахыг оролдъё. Хүний асуултад хариулах, шийдвэр гаргах хоёр чинь өөр шүү дээ. Хэлбэр талаас нь харвал хоёр хүн ярьж байгаа юм шиг харагдаад адилхан байж магадгүй л дээ.

Яг үүн шиг, хэдийгээр ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, хэлбэрийн хувьд ижил боловч яг дээрхтэй адил ялгаатай асуудал юм. Ийм хоёр асуудлыг хооронд нь хольж бүр ч болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах явдал бол хэлбэрийн хувьд ард нийтийн санал асуулга боловч шийдвэр гаргах бүхэл системт процессийн зөвхөн нэг хэсэг.Энд батлах процесс явж байна.

Ард нийтийн санал асуулга өөрөө тусдаа бүхэл бүтэн систем байхгүй юу. Энд төрийн бодлогын тухай асуудлаар санал асуух ёстой, тэрнээс биш дахиж төртэй байх эсэхийг асууж болохгүй.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд гол тусгагдах заалтууд нь орж чадсан уу. Есөн гишүүн танхимаар ажиллах зарчмыг эсэргүүцсэн...

-Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тэдний шийдвэр бусдад таалагдах эсэх нь дараагийн асуудал, жишээ нь тэдний шийдвэр надад мэдээж таалагдаагүй, гэхдээ тэр миний л асуудал.

Засгийн газар тэнхимийн зарчмаар ажиллахгүй болсон нь харамсалтай. Засгийн газрын гишүүн нэг бүрийг парламентаас сонгодог улс дэлхий дээр манайхаас гадна хоёрхон байдаг. Нэг нь Ирланд, нөгөө нь Болгар. Болгар яагаад ийм систем авсныг мэдэхгүй, байдлыг нь харвал Засгийн газар нь манайхаас илүү тогтвортой байгаа юм харагдахгүй л байх шиг байдаг. Ирланд бол 1927 оноос ийм системтэй болсон, одоо бараг 100 жил болох гэж байна. Түүхийг нь харвал тогтвортой, тогтворгүй янз янз л байсан байдаг. Парламентын засаглалтай бусад бүх улсад Ерөнхий сайд нь хэнтэй хариуцлагаа хуваалцаж, хэнээр ажлаа хийлгэх, хэний өмнөөс парламентдаа зэмлүүлэхээ өөрөө мэддэг.

Манай тухайд бол танхимын зарчмаар ажиллана гэдэг бол сонгодог агуулгаараа Монгол Улсад огт хэрэгжиж байгаагүй систем. 1960 оны Үндсэн хууль Засгийн газрын гишүүн бүрийг АИХ-ын тэргүүлэгчдээс томилно заасан байсан. Өмнөх Үндсэн хуулиудад шууд заасан зүйл байхгүй байсан санагдаж байна.Тэгэхээр ийм тогтолцоо бол өмнөх үеийн Үндсэн хуулийн уламжлал болж 1992 онд батлагдсан бололтой юм. Өөрөөр хэлбэл, энэ тухайд хэвэндээ үлдлээ гэсэн үг.

-Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу?

-Тогтвортой байдлыг хангахын тулд конструктив механизмыг, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулахын тулд шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт дэвшүүлэх хэрэгтэй гэсэн саналыг төсөлд өргөн барьсан. Ингэсэн бол харьцангуй тогтворжих байсан.

УИХ дээр энэ асуудлыг нэлээн шүүмжилсэн. Ийм тогтолцоотой болбол Ерөнхий сайд огцордоггүй болно гэж зарим нь эмээсэн, зарим нь Ерөнхий сайдыг огцруулж, дараагийн Ерөнхий сайдыг томилох үед эрх баригч намын ашиг сонирхол илэрхийлэгдэхгүй болох нь гэсэн.

Ингээд Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихын тулд нийт гишүүний дөрөвний нэг, шийдвэрийг батлахын тулд нийт гишүүний олонх гэсэн хоёр нөхцөлтэй үлдсэн. Хамгийн гол нь шинэ Ерөнхий сайдыг томилохгүй 30 хоновол Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж хариуцлага тооцдог болж байна. Улс төрийн тэмцлийн золиос болгож Ерөнхий сайдыг огцруулчихаад хоорондоо учраа олж чадахгүй байвал Ерөнхийлөгч тараах нь байна. Цаашдаа олон суудал авах нам гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ бол УИХ-ын хувьд их эрсдэлтэй механизм руу явж байгаа юм.

Энэ бол Засгийн газрыг тогтвортой болгохын тухайд бусад орнуудад бас л түгээмэл байдаг зохицуулалт.

-Шүүх эрх мэдэлд гол заалтууд орж чадсан болов уу?

-Гол заалтууд маань тусгагдсан. Илүү тодорхой дэлгэрэнгүй зохицуулалт хийх санаатай байсан. Ерөнхийлөгч тодорхой байж болохгүй, зохион байгуулалтын асуудлыг тусгаж болохгүй гэсэн. Энэ саналыг хүлээж аваад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн хариуцлагын хороог байгуулах зарчим, бүрэлдэхүүнийг томилох зарчмыг заасан. Цаашдаа УИХ-ын протоколыг үзээд эдгээр заалтын үзэл санааг органик хуульдаа шингээгээд явж болно.


Онцлох нийтлэлүүд