ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.02.14 08:02

О.Мөнхжаргал: Хөрөнгө оруулалтын сангууд ажиллаад эхэлбэл иргэдэд том төслүүдээс ч өгөөж хүртэх боломж нээгдэнэ


Голомт капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Манай улсын санхүүгийн зах зээл банк гэсэн ганц баганатай. Нөгөө талд компаниуд IPO хийж хөрөнгө босгож яваа нааштай зураг анзаарагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Банк, хөрөнгийн зах зээл хослоод хөгжих боломж ер нь байна уу?

-Тийм боломж бий. Учир нь манайх өсч яваа шинэ ардчилсан улс. Америк 400 жилийнхээ түүхийн эхний 200 жилд нь арилжааны банкуудынхаа системийг бүрдүүлэх гээд зүтгэсэн бол бид өнгөрсөн 30 жил арилжааны банкны үндсэн системийг бүрдүүлээд, их сайн ажиллаж байна. Одоо цаашид хөгжиж, баялгийг илүү олон хүнд хуваарилахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цаг ирчихлээ. Аж ахуйн нэгжүүд энэ эрэлтийг мэдрээд IPO гаргаж эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арваад компани IPO гаргасан байх жишээний. Эдийн засгийн бүтцийг харахаар арилжааны банкны нийт актив буюу хөрөнгө, зээл гаргаж буй хэмжээ ДНБ-ий 98 хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх аж ахуйн нэгж арилжааны банкнаас өндөр өртөгтэй зээл авч яваа.

-Компаниуд бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр босгохын тулд хөрөнгийн зах зээл рүү гараад эхэлчихлээ л дээ. Иргэдийн хувьд тэдний хувьцааг худалдаж авахын давуу тал нь юу вэ?

-Хөрөнгийн зах зээлийн тогтолцоо их энгийн. Байр сууриа олсон компани олон нийтэд хувиа зарж байна гэсэн үг. Олон жилийн туршлага, ирээдүйн өсөлтөө ард иргэдэд худалдаж байгаа гээд ойлгочихож болно. Ингээд харахаар зах зээлд байр сууриа олсон компанийн хувьцааг худалдаж авна гэдэг маш том боломж. Гэр бүлийн компанийг ах дүүс л эзэмшдэг. Том компаниуд IPO гаргаж эхэлнэ гэдэг бол ажлаа хийж цалингаа авч яваа хүмүүст ирээдүйд хуримтлал үүсгэх боломжийг өгч байгаа хэрэг л дээ. Ирэх жилүүдэд эдийн засаг тэлэх нь тодорхой. Эдийн засаг тэлэх тусам компаниудын орлого өснө. Зах зээлийн жам, дүрэм нь ийм. Хятадын эдийн засаг өнгөрсөн зууны далаад оноос хойш яг энэ замаар өсч хөгжөөд дэлхийн хамгийн хүчтэй эдийн засаг болчихсон. Зах зээлийн арга хамгийн зөв нь гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бид зах зээлийн замыг сонгосон, одоо цаг үеэ дагаад хөрөнгийн зах зээл рүү орох хэрэгтэй.

-Өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл дээр хийсэн IPO-д хэчнээн хүн оролцсон бол, компаниудын босгосон мөнгөний хэмжээг харахаар энэ зах зээлийг сонирхогчид мэдрэгдэхүйцээр нэмэгдчих шиг санагдсан...?

-Түрүү жил 7000 шинэ хүн хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаа худалдаж авсан. Энэ бол том амжилт. Компаниуд хувьцаагаа арилжиж, хувь хүмүүс худалдаж аваад эхэлчихлээ. Одоо мэргэжлийн хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авдаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 7000 гаруй хүн өөрөө шийдвэрээ гаргаад хувьцаа худалдаж авлаа. Тэдний цаана үлдсэн буюу нийгмийн даатгал төлдөг 400 гаруй мянган иргэнийг төлөөлсөн хөрөнгө оруулалтын сан ажиллах орон зай, эрэлт байна.

-Нийгмийн даатгал төлөгч иргэдийг төлөөлж хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалж буй компанитай харилцах мэргэжлийн сан ажиллах шаардлага бий гэж ойлголоо...?

-Яг тийм. Хөрөнгө оруулалтын сан тэр олон иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж хөрөнгийн зах зээлээр дамжиж компанитай харьцах учиртай. Ингэвэл компаниудын тайлан ил тод болно, илүү хариуцлагажина. Том сан бүрдээд ирэхээр тухайн сан нь тодорхой хэмжээний чадалтай болно. Эцсийн бүлэгт монгол хүмүүс нь монгол компаниа дэмжинэ гэсэн үг. Аж ахуйн нэгж нь хямд өртөгтэй эх үүсвэр татаж бизнесээ хөгжүүлнэ, үндэсний компаниа дэмжсэн монгол иргэд ч мөнгөө үржүүлнэ. Энэ мэт маш олон давуу тал бий. Өнөөдрийн хувьд компаниудад өндөр хүүтэй, богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэр л олдож байна. Тэгэхээр урт хугацааны,бодлогын хөрөнгө оруулалт хийх аргагүй болчихож байгаа юм. Саявтар активын чанарын үнэлгээ хийх үеэр банкуудыг салгах уу, нэгтгэх үү гэсэн асуудлыг нэлээд ярьсан. Банкууд хөрөнгөө нэмэх ёстой гэдэг. Хөрөнгөө нэмэх хамгийн энгийн арга нь IPO хийх. Гэвч банкуудын хувьцааг худалдаж авах чадвартай сан Монголд байхгүй. Тэр утгаараа энэ бол маш том орон зай. Томоохон хөрөнгө оруулалтын сан тав, арван жил ажиллаж, 500-700 орчим тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэчихвэл тодорхой хувиараа арилжааны банкны хувьцаа авч болно. Тэгвэл тухайн хөрөнгө оруулалтын сангийн гишүүд нь буюу иргэд арилжааны банкны ашгаас хүртэж болно гэсэн үг . Гэтэл өнөөдөр олон нийтэд ийм боломж алга.

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сантай бол Оюу толгой гэх мэт ашигтай төслүүдээс ч өгөөж хүртэх боломж хувь иргэдэд гарч ирэх нь ээ?

-Тэгнэ. Гадны хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж буй, манай улсад үйл ажиллагаа явуулдаг том төслүүдийн хувьцааг Монголын хөрөнгө оруулалтын сан худалдаж авдаг болчихвол монгол иргэд өгөөж ашгийг нь хүртээд эхэлнэ.

-1072 хувьцааны ногдол ашгийг өнөөг хүртэл хүртсэн монгол алга. Хөрөнгө оруулалтын сантайсан бол Таван толгойгоос бодит ашиг хүртэх боломж ч нээгдэх нь, тийм үү?

-Ер нь бол тийм. Хүчээр хийх гээд байгаа учраас 1072 хувьцаа өгөөжөө өгөхгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтын сан байсан бол тухайн сан 500 гаруй мянган иргэнээ төлөөлөөд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг худалдаж авч болно. Энэ тохиолдолд Таван толгойн өгөөжийг бодитоор хүртэж болно. Дэлхийн алдартай компаниудын жишгийг харвал манайх шиг гэр бүлийн компани гэж байхгүй. Apple, Facebook, Amazon гээд дийлэнхийнх нь хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хувийн хөрөнгө оруулалтын сангууд эзэмшиж байгаа. Тухайн компани ашигтай ажиллавал ашиг нь өсч, өгөөж нь сангийн гишүүдэд очиж байна гэсэн үг.

-Манайд хувийн хөрөнгө оруулалтын сан гэж хэлж болохоор ямар нэг бүтэц ажиллаж байна уу?

-Миний мэдэхээр хоёр банкны ажилчдын татварын дараах мөнгөн дүнгээс ганц, хоёр хувийн хэмжээтэй сайн дурын хуримтлал үүсгэж өгөөж хийдэг жишиг байгаа. Гэхдээ хэмжээ нь маш бага. Үндсэндээ дотоодынхоо хөрөнгийн бирж дээр л оролцдог гэсэн үг.

-Төрийн гэж яривал наад зах нь тэтгэврийн даатгалаасаа өгөөж хүртдэг болмоор санагддаг...?

-Өнөөдрийн хувьд тэтгэврийн даатгал гэхээс илүү тэтгэврийн халамж гэмээр санагддаг. Уг нь энэ системэээсээ өгөөж авдаг, нэрийн данстай, эзэнтэй хуримтлал үүсгэх боломжтой. Ингэж чадвал өнөөдөр ид ажиллаж яваа залуус ирээдүйд тэтгэвэрт гарахад баталгаатай тогтолцоо бүрдэнэ. Тогтолцоо гэдэг бол том асуудал. Мэдээж хүн сайн ажиллаад, өөрөө хуримтлалаа үүсгээд явж болно. Гэхдээ тэр хүний хувьд олон боломж хаагдаж байгаа.Хөрөнгө оруулалт хийгээд, өгөөж авах боломжууд нь хязгаарлагдмал. Хөрөнгийн зах зээл Монголд хувьцаагаа гаргасан бүхий л компанид нээлттэй. Хөрөнгө оруулалт хийх боломжтой хэрэгслүүд нь гэсэн үг.Хувь хүнд банкинд хадгаламж нээгээд хүүг нь аваад явах боломж бий. Америкт 100000 доллар хүртэлх хадгаламжийг улс нь даатгадаг бол манайд 20 сая төгрөг хүртэлхийг даатгадаг. Тэгэхээр тухайн компани юмуу, банк хэцүүдвэл зөвхөн даатгасан хэмжээнд багтсан мөнгө чинь л буцаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн хөрөнгө оруулалт хийх хувилбараа, багцаа өргөн хүрээнд хийж байж л эрсдэлээ бууруулна. Өөрөөр хэлбэл, олон бүтээгдэхүүн худалдаж авч байж бага эрсдэлтэй аж төрнө. Хөрөнгийн зах зээлд гэхэд зөвхөн хувьцаа биш бонд хэлбэрээр байж болно. Эсвэл бирж дээр арилждаг хамтын сангийн нэгж хувьцаа байж болно. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилждаг алт, зэсийн үнийн индекстэй уялдуулсан бүтээгдэхүүнүүд ч байж болно.

-Өнөөдөр хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авахыг хүссэн хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд тухайн компанийн ирээдүйн ашгийг багцаалдаад сонголтоо хийдэг. Харин хөрөнгө оруулалтын сангууд ажиллаад эхэлбэл сонголтоо мэргэжлийн багт даатгачихаад ашиг хүртээд явах боломжтой гэж ойлгох болох уу?

-Яг үнэн. Бид үнэт цаасны танилцуулга гэдэг л дээ. 400-гаад хуудастай материал бий. Үүнийг бүрэн эхээр нь уншсан хүн цөөхөн л байх.

-Ийм олон хуудсыг уншлаа гэхэд ойлгож анализ хийж чадах уу гэх мэт асуудал гарч ирэх байх..?

-Тэгнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан яг үүнийг л гишүүдийнхээ өмнөөс хийнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол тухайн компанидаа 10 жилийн хөрөнгө оруулалт хийе гэдэг л утга. Өнөөдөр таван төгрөгийн ашиг хийгээд маргааш зарах тухай асуудал биш. Хөрөнгө оруулалт гэдэг бол бие биедээ хөрөнгө нийлүүлээд өгөөжийн хугацаагаа дор хаяж жилээр харахыг хэлнэ. Өнөө компаниIPO хийхдээ амласан ашгаа давж чадахгүй бол хөрөнгө оруулалтын сан нь хувьцаа эзэмшигчдийн хурал дээр сануулна. “Яагаад ашиг чинь амласандаа хүрсэнгүй вэ” гэх мэтээр асууж, лавлаж хариуцлага тооцож ажиллана. Энэ ажлыг бүх иргэд нэгэн жигдээр ингэж хийхэд хэцүү. Нэгдүгээрт, цаг завын асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, боловсролын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, иргэдийн хийх ёстой энэ их ажлыг хөрөнгө оруулалтын сан мэргэжлийн өндөр түвшинд, иргэний өмнөөс хийгээд өгчихнө гэсэн үг. Сангийн зорилго маш тодорхой. Гишүүддээ өгөөж өгч байж тухайн сан орлоготой ашигтай ажиллана. Бүр тодруулж хэлбэл, хөрөнгө оруулалтын сан иргэдэд очиж буй өгөөжөөс багахан хувийн авч амьдардаг.

-Та түрүүн нийгмийн даатгалыг халамж гэж тодотгосон. Шалтгааныг нь тайлбарлаач?

-Нийгмийн даатгалын төлж буй хувь хураамжийн хувьд тэтгэврийн даатгалдаа 8.5 хувийг эргэн төлж байгаа. Ажил олгогч 8.5 хувь , ажилтан 8.5 хувь буюу нийтдээ 17 хувийг цалингаасаа төлж яваа гэсэн үг. Татварын өмнөх дүнгээр. Энэ 17 хувь татвар төлөгчид ямар өгөөжөө өгч байна вэ гэж харах учиртай. Үндсэндээ тэтгэвэрт гарахад нь амьдралын түвшнийг нь нэлээд доошлуулсан мөнгө л гар дээр нь очиж байгаа. Энэ агуулгаар нь халамж гэж хараад байна л даа. Та бид хоёрын ярьж суугаа хувийн хөрөнгө оруулалтын сан амьдралын баталгааг нь өгөх хэлбэр юм.Орлогын түвшинг нь бууруулахгүй хэмжээний хуримтлалыг бүрдүүлэх гээд байгаа хэрэг. Нэгэнт төлж яваа 17 хувь дээр нь нэмж татвар төлөгчөөс мөнгө авах гээд байвал яах вэ? Өнөөдрийн амьдралд нь тодорхой хэмжээний бэлэн мөнгөний хомсдол үүснэ.

-Тэгэхээр иргэдийн өнөөдөр төлж байгаа 17 хувийг төр нь, хувь нь тодорхой хэмжээгээр хувааж байршуулах асуудал хамгийн бодитой, зөв шийдэл болох нь ээ?

-Яг тийм. Ажил олгогч 8.5 , ажилтан нь 8.5 хувийг төлж байна аа даа. Ажилтан 8.5 хувиа төлөөд одоогийн энэ системдээор. Үлдсэн 8.5 хувиа тодорхой хэмжээгээр хуваачихвал яасан юм бэ л гэх гээд байгаа юм. Тэгэхээр тэтгэврийн сан руу явж байгаа мөнгө тодорхой хэмжээгээр буурч болно. Гэхдээ эцсийн үр дүнд нийт иргэддээ амьдралын баталгааг нь өгнө гэсэн өгөөж энэ бүхний цаана бий. Эхний ээлжинд 8.5 хувиа хоёр хувааж болно. Дөрөв, хоёроор ч юмуу. Эсвэл бүр багаар хоёр, гурваар ч юм уу хуваах гарц бий. Цаашид илүү сайн хөгжтөл энэ мэтээр аажмаар шийдээд явах боломжтой. Тэгж чадвал хөрөнгө оруулалтын сангууд олноороо нээгдэх байх. Товчхондоо өнөөдөр төлж буй шимтгэлийн цөөхөн хувийг хувийн хөрөнгө оруулалтын сан руу хийж, тодорхой хуримтлал үүсгэж үзье гэсэн санаагаар хэлээд байна л даа.

-Хувь хүн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээсээ таван хувийг хувийн хөрөнгө оруулалтын сан руу оруулдаг орчин бүрдлээ гэж бодъё. Энэ тохиолдолд хүртэх өгөөж нь хэр байх бол, энгийн тооцоо хийж үзвэл...?

-Дундаж цалин нь 1100000 төгрөг, татвар төлөгч нь 25 настай ажлын гараагаа эхэлчихсэн, тодорхой хэмжээний туршлагатай, ирээдүйд 40 жил ажиллах чадамжтай гэж бодъё. Цалингийнх нь таван хувь гэвэл 55мянган төгрөг болно. Энэ мөнгөнд 40 жилийн хугацаанд аравхан хувийн өгөөж ирнэ гэж тооцоход тэтгэвэрт гарахдаа 347 сая төгрөгтэй болчихно гэсэн үг. Энэ мөнгөө яаж зарцуулах нь тухайн иргэний өөрийн хэрэг. Хөрөнгө оруулалтын сандаа үлдээгээд, тодорхой хэмжээний хувийг сар бүр аваад сууж байж болно. Эсвэл үр хүүхдэдээ өвлүүлж болно. Жилийн өгөөжийг нь хоёрхон хувиар өсгөөд 12 хувь гэж тооцъё. Тэр тохиолдолд өнөө залуу тэтгэвэрт гарахдаа 647 сая төгрөгтэй болно. Өгөөжийг бүр бууруулаад наймхан хувь гэж бодвол 192 сая төгрөг. Тэтгэвэрт ийм хэмжээний мөнгөтэй гарна л гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоогоор тэтгэврээ аваад, дээр нь хувийн хөрөнгө оруулалтын сангаас ийм хэмжээний өгөөж хүртэнэ гэдэг бол иргэдийн хувьд том боломж.

-Ийм орчин бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчилнэ гэсэн том ажил ундрах уу?

-Тэгнэ, та бид хоёрын ярьж суугаа асуудал шинэ хууль баталж байж л шийдэгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын сангууд хүчтэй орнууд гэвэл та ямар улсуудыг онцлох вэ?

-АНУ-ын хувьд хамгийн том сангууд байршдаг, хамгийн их хуримтлал үүсдэг газар. Хамгийн том сан нь гэхэд 6.3их наяд ам.доллараар яригддаг. Энэ том мөнгөн дүн бол олон иргэдээс үүссэн хуримтлал. Иргэдийнх нь итгэл байгаа болохоор сан нь баян байна гэсэн үг. Сан нь баян байгаа болохоор хамгийн өндөр дүнтэй, ирээдүйд ирэх өгөөж ихтэй IPO-д оролцох боломжтой. Нийт зах зээлийн эрсдэлээ хуваарилаад дийлэнх компани дээр хувьцаа авчихаж болно. Улам хүч чадалтай болж байна л гэсэн үг. Хоёр дахь том сан нь гэхэд 5.1 их наяд ам.доллартай байх жишээний. Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Вьетнам, Индонезийн хөрөнгийн зах зээл нь хөгжиж яваа. АНУ-тай харьцуулаад байхаас илүү Өмнөд Солнгостой харьцуулж үзэх хэрэгтэй. Энэ улс дайны араас, 40 жилийн дотор босоод ирчихсэн улс. Сингапур жижигхэн боомт байсан. Гэтэл өнөөдөр амьдралын баталгаа нь хангалттай түвшинд хүрчихсэн. Сингапурын жишиг гэхэд хуримтлалын сан нь үндсэндээ улсынх мөртлөө үйл ажиллагаа нь хараат бус явдаг. Үндсэндээ хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг хийж байна л гэсэн үг. Хөрөнгө нь 420 тэрбум долларын үлдэгдэлтэй. Зөвхөн эрүүл мэнд гэхэд 1.1 тэрбум долларыг улиралдаа зарцуулж байна. Гэтэл бид эрүүл мэндийн даатгалын хуримтлалаа төлдөг ч авч байгаа үйлчилгээ нь хэцүү.

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж эхэлснээр зах зээлд ямар давуу талууд ажиглагдаж эхлэх бол?

-Америкаар жишээлье. Хөрөнгө оруулалтын сангууд АНУ-д 1980-аад онд хөрөнгөтэй, ашиг муутай компаниудыг задалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн хуваарилалтыг нь зах зээлийн дүрмээрээ ашигтай газар луу нь шилжүүлсэн гэсэн үг. Магадгүй үйлдвэрийн шатнаас үйлчилгээний шат руу шилжилт хийж байна гэсэн үг. АНУ-д 50, 60-аад онд хамгийн амжилттай үйлдвэрүүд байсан газрууд 80-аад онд бага ашигтай болчихгүй юу. Тэгэхээр нь тэр компаниудыг задалж эхэлсэн. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө, эрсдэл гаргаж байж хийсэн. Хувьцаат компанийг худалдаж авч байна гэсэн үг. Тэгж задлаад ашигтайг нь буцаагаад хөрөнгийн зах зээл рүү гаргасан. Тухайн компаниуд айхавтар их хөрөнгөтэй мөртлөө ашиггүй ажиллаад байхаар хувьцаа эзэмшигчдийн асуудал болж таарна. Үүнийг амжилттайгаар шийдэх гарц нь мэргэжлийн, чадавхтай, хувьцаат компанитай нэг ширээний ард суух боломжтой сангууд байсан хэрэг.

Х.МӨНХБАТ

Онцлох нийтлэлүүд