ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.10 11:11

О.Наранбилэг: Нүүр будалтаас илүүтэй инээмсэглэл, аз жаргал хүнийг үзэсгэлэнтэй болгодог

Азийн шилдэг make up артист, “Anara`s make up” салоны артист О.Наранбилэгтэй ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Отгонбаатарын Наранбилэг гэдэг. Сошиалд бол Анара гэдэг нэрээр яваад байдаг юм. Студийн маань нэр нь “Anara`s make up”. Манай хүүхдийг Анар гэдэг л дээ. Анар, Нара гэдэг хоёр нэрийг нийлүүлээд студиэ нэрлэсэн учиртай.

-Мake up-ийг олны танил, мисс, загвар өмсөгчдөд хамааралтай мэтээр ойлгох нь бий. Манайхан Мартын найман, шинэ жилийн үеэр л make up хийлгэдэг байх. “Энгийн үед надад тэр make up нь ямар хамаа байна. Одод нь будуулдаг юм байгаа биз” гэцгээдэг?

-Бүхий л эмэгтэйчүүдэд, зарим тохиолдолд бүр эрчүүдэд ч хэрэгтэй зүйл шүү дээ уг нь. Ер нь бол жүжигчин, урлагийнхан, олны танил хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй боловч бусад энгийн хүмүүст мөн л хэрэгтэй. Нүүр будалт нь гадны таагүй нөлөөнөөс нүүрний арьсыг хамгаалдаг. Бид хувцас өмсч гадуур явдаг шиг, нүүр будалт нь хувцасны үүрэг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт, нүүр будалт нь гадаад дүр төрхийг тодорхойлж байдаг. Заавал мэргэжлийн, хүнд будалт хийх албагүй ч гэсэн өөрийнхөө дүр төрхийг тодотгосон будалт эмэгтэй хүн болгонд зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Нүүр будалт сүүлийн хэдэн жилд сайн хөгжиж байна. Анх өнгө нь тохироогүй крем түрхэх, эсвэл заавал будах ёстой гэж үзээд кремдээд хөмсгөө ч будчих жишээтэй. Ер нь бүгдийг нь будах ёстой гэдэг хандлага байсан бол одоо хуриманд очихдоо нэг дүр төрх үүсгэнэ. Болзоонд очихдоо ялдам энхрий, залуухан харагдуулах будалт хийлгэнэ. Шинэ жилийн баярт өөрийгөө тодотгох гээд үйл явцдаа тохирсон будалт хийлгэдэг болсон. Бид ийш тийш явахдаа хувцасаа тохируулдаг шиг нүүр будалтаар өөрсдийнхөө дүр төрхийг тодотгож байдаг. Бас будалт хийхдээ өөрийнхөө давуу талыг тодотгох ёстой. Ихэнх эмэгтэйчүүд сул талаа далдлах гэж нүүрээ буддаг. Уул нь бол эмэгтэй хүнд сул тал гэж байхгүй. Бусдаас онцгой, давтагдашгүй, зөвхөн тэр хүнд л байгаа зүйл хамгаас үнэтэй. Тэгэхээр тэрийгээ, давуу талаа тодотгох хэрэгтэй. Гоё нүдтэй бол нүдэндээ анхаарал хандуулна. Гоё арьстай бол заавал зузаан биш нимгэхэн fresh будаж болно.

-Гудамжаар, олон нийтийн газарт явж байхад мэргэжлийн хүний нүдээр харахад охид, бүсгүйчүүд юун дээр алдаад байна вэ. Хамраа өндөрлөх гээд бор халзан болчихсон, хацраа өнгөлөх гээд элдэв өнгө нялчихсан, хөмсөгнийхөө доогуур цагаанаар будчихсан охид, хүүхнүүд явж байгаа харагддаг?

-Харьцангуй сайн буддаг болчихсон. Гэхдээ хэт мэргэжлийн будалтыг өдөр тутамдаа хийгээд байна. Нарийн учраа мэдэхгүй байна л даа. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийг буруутгаж байгаа юм биш. Мэдээлэл дутмаг байна. Цаагуураа бол бид л ажлаа дутуу хийснээс тэр хүмүүс алдаа гаргаад байна гэж боддог. Эмэгтэйчүүдийн нүүр будалтын талаар мэдээлэл авч байгаа, сурч байгаа, үлгэр жишээ авч байгаа юмнууд нь дандаа гадных байна. Европ хүний гавлын ясны бүтэц, нүүрний хэлбэр ондоо шүү дээ. Ази хүмүүс арай өөр. Европчууд жижигхэн нүүртэй, нүд хөмсөг нь ойрхон байдаг болохоор нүдийг нь тодотгох гэж хөмсөгнийх нь доогуур цайвар өнгө өгдөг. Нүд, хөмсөг нь зайтай хүмүүс хөмсөгнийхөө доогуур цайвар өнгө өгөхөөр хөмсөгний яс нь улам товойдог.

Хамар өндөрлөхийн хувьд хүний нүүр хавтгай биш. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог, хэлбэртэй. Тэрийг нэг өнгөөр будчихаар, крем тавьчихаар хавтгай царайтай болчихдог. Тийм учраас гэрэл, сүүдэр гэдэг юмыг өгөх ёстой. Гэтэл бүх эмэгтэйчүүд Холливудын жүжигчин Ким Кардашянтай адилхан нүүрний хэлбэртэй биш шүү дээ. Тэр хүний нүүр будалтыг дуурайж гэрэл, сүүдэр тавиад байна уу даа гэж харагддаг. Тэгэхээр хамартаа заавал сүүдэр тавих ёстой юу. Зөвхөн гэрэл тавиад орхичихож болно. Мэргэжлийн make up артистууд олон талын мэдлэгтэй байх ёстой. Хүний анатомын яс өөрийн гэсэн бүтэцтэй. Тэр бүтцийг мэддэг байх хэрэгтэй. Өнгөний тухай ойлголттой байвал сайн. Бор арьстай хүн байлаа гэхэд бор өнгө нь дотроо олон янзтай. Олив буюу ногоовтор туяатай, шар туяатай, ягаавтар туяатай гээд олон янз. Яг тохирсон өнгөө олж чадаагүйгээс нүүр, хүзүүний арьс нь ялгарчихсан байх жишээтэй. Эмэгтэйчүүддээ хэд хэдэн зөвлөгөө өгье. Шууд автоматаар битгий дуурайгаач ээ. Бас эмэгтэйчүүд крем, тень, гэрэл, сүүдэр, нүүрний шугам гээд бүгдийг мэддэг болсон. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө мэддэггүй. Мэргэжлийн хүмүүс үүн дээр л жаахан ажиллах ёстой юм болов уу гэж боддог л доо. Миний арьс тослог уу. Би юу идэж уухаар арьс минь илүү их тослогтож байна вэ, нүүрээ будсанаас хэдэн цагийн дараа гялайдаг билээ, хамрын хэлбэр минь ямар вэ, миний гоё, сайхан хэсэг аль вэ гэдгээ мэдэхгүйгээр хөндлөнгийн, бусдын гоё гээд байгаа зүйлүүдийг дуурайгаад байдаг. Гэтэл надад өөрийн гэсэн үзэсгэлэн байна. Танд ч гэсэн өөрийн гэсэн онцгой зүйл байгаа шүү дээ. Тэрийгээ мэдэхгүйгээр автоматаар юмыг дуурайна гэдэг алдаа юм болов уу.

-Мэргэжлийн артистаар нэг удаа нүүрээ будуулаад зөвлөгөө авчихсан байхад цаашид өөрийгөө зөв будаад явчих боломжтой юу?

-Хүн хүнээсээ хамаардаг. Будаж байхад хараад тогтоогоод хэрэгжүүлээд явчихдаг хүмүүс байхад тайлбарлаад, өөрийнх нь зурган дээр зааж өгөөд байхад эвлэдэггүй хүн ч бий л дээ. Будалтыг нь хийж байхдаа бүхий л мэдээллийг нь өгчихдөг юм.

-Нэг хүний нүүрийг будахад хэдий хэрийн хугацаа ордог вэ?

-20 минутаас нэг цаг 30 минут болно шүү.

-Цаг 30 минут аа?

-Тэр нь юутай холбоотой вэ гэхээр Монголд үзэсгэлэнтэй байх, арьсаа эрүүл, гоё байлгана гэдэг хүнд даваа. Зарим тохиолдолд хэт хуурайшсан, цочирсон арьсанд хэд хэдэн үе дараалсан чийгшүүлэх, зөөллөх арга хэмжээ авдаг. Тэгэхээр будах гэхээсээ илүүтэй эхлээд арьсаа гоё болгоё. Амьдралын хэв маяг, ажил амралтаа зөв хуваарилах, эрүүл байх, сэтгэл санаа өөдрөг байх, стрессгүй байх нь арьсанд шууд хамааралтай.

-Та энэ мэргэжлийг хаана эзэмшив. Хэд дэх жилдээ make up артистаар ажиллаж байгаа вэ?

-Миний үндсэн мэргэжил хувцасны загвар зохион бүтээгч. СУИС-ийн харьяа Дизайн урлагийн дээд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд косметикийн компанид ажилласан.

-Ямар компани?

-“Oriflame”. Энэ компанид ажиллаж байхдаа би маш их зүйлийг сурсан. Би make up-т дуртай. Хаашаа ч харсан гоо сайхны бүтээгдэхүүн дүүрэн байж байдаг байлаа. Дээрээс нь манай захирал Сэлэнгээ намайг маш их дэмжсэн. Хойшоо ОХУ руу дөрвөн удаа The Beauty Academy-д тодорхой хугацаагаар явж сурсан. Баян-Өлгийгөөс бусад бүх аймгаар явж арьс арчилгаа, арьс тодорхойлох, нүүр будалт гээд сургалтуудыг явуулж байсан. Энэ хугацаанд маш олон хүнтэй уулзаад гадаад төрхийг нь харж будалт хийж үзэхээс гадна дотоод сэтгэл зүй, харилцаа их чухал юм байна гэдгийг мэдсэн дээ. Гэхдээ би одоо ч сурч дуусаагүй л байна. Миний хамгийн сайн ойлгосон зүйл бол хүнийг гаднаас нь будаад гоё болчихгүй ээ. Тэр хүнд өөрийнх нь сайхан зүйлийг хэлж өгөх хэрэгтэй. Монголчууд тэр тал дээрээ муу шүү дээ. Сайн сайхан үг сонссон үг хэзээд нүд нь гал цогтой асаад инээмсэглээд ирдэг. Тэр үедээ илүү үзэсгэлэнтэй байдаг. Миний хийж байгаа ажлаас илүү тухайн хүний инээмсэглэл, аз жаргалтай байдал нь өөрийг нь илүү үзэсгэлэнтэй болгодог.

-Та Азийн шилдэг Make up артист шүү дээ. Нэлээд том тэмцээнүүдэд эх орноо төлөөлж амжилт гаргасан байх аа?

-2013 онд Fashion Asia ассоциациас явуулдаг арга хэмжээнд оролцоод тухайн оныхоо Азийн шилдэг таван fashion make up артистын нэгээр шалгарсан. 2017 онд бас Шилдэг таван оролцогчийн нэгээр тодроод Хятадын Винжоу руу явж “Fashion Asia awards”-д оролцсон. Тэр Авардс дээр үзүүлбэрээ үзүүлээд Гран при шагнал хүртсэн.

-Танай хамт олон “Mongo­lia’s next top mode-2” шоуны оролцогчдын нүүрийг будаж байгаа билүү?

-Тийм ээ. Түрүү жилийн шоунд нь манай студийнхэн бас ажилласан.

-“Anara`s make up” студийн нүүр будалтыг бусад студи, салоныхоос юугаар нь ялгах вэ. Салон болгон өөр өөр будалттай байдаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Манайх натурал гэдгээрээ онцлог. Натурал будалтад дуртай хүмүүс манайд түлхүү ханддаг. Монголд нүүр будалтын студиуд сайн хөгжиж байна. Киноны нүүр будалтаар дагнасан студи байна. Бид аль болох давтагдашгүй будалт хийхийг хичээдэг. Тухайн хүний онцлогт тохируулна. Заавал хөөрхөн болгохыг зорихоос гадна үзэсгэлэнтэй, онцгой зүйлсийг нь тодотгохыг хичээдэг.

-Танай студийн фэйсбүүк пэйж хаяг юу билээ?

-AnarA's make up.

-Одоо бараг хөмсөг шивүүлээгүй охид, бүсгүйчүүд бараг алга шүү. Шивсэн хөмсөг цэвэрхэн ч амьд биш харагдуулдаг талтай?

-Хөмсөг шивүүлэхийг дэмий гэж хэлэхгүй. Гэхдээ учиртай байх ёстой. Хүн бүрийн хөмсөг өөр өөр. Зарим тохиолдолд шивүүлэх шаардлагагүй хүмүүс шивүүлчихсэн байдаг. Яалт ч үгүй хөмсөгнийх нь төгсгөл байхгүй хүмүүс бий. Тийм бол яая гэхэв шивүүлж болж байна. Гэтэл хангалттай гоё хөмсөгтэй мөртлөө будаж чадахгүй байна гэдэг шалтгаанаар шивүүлчихдэг. Ер нь тэгээд хөмсөг гэдэг зүйл төгс төгөлдөр, өө сэвгүй байх ёстой биш шүү дээ. Хүн чинь өөрөө алдаа оноотойгоо үзэсгэлэнтэй, амьд байдаг. Бүх юм нь өө сэвгүй болоод ирэхээр тэр хүн амьд биш юм шиг, хиймэл юм шиг, итгэл төрүүлэхүйц биш, эсвэл хүршгүй гэмээр тийм мэдрэмжүүдийг бусад хүний далд ухамсарт өгөөд байх шиг санагддаг. Шивээсний мэргэжилтнүүдэд хандаж хэлэхэд тухайн хүнд хөмсөгний шивээс хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг харж байвал зүгээр. Хөмсөгний эхлэл нь хэт тод, шигүү үстэй байхаар төгсгөлд байгаа шингэвтэр хэдэн үс байхгүй юм шиг харагддаг. Тийм хүмүүсийн хөмсөгний урд хэсгийг шингэлээд өгчихдөг юм. Тэгэхээр хөмсөг нь өргөсөөд уртсаад бүтэн харагдах боломж байгаад байдаг.

-Хүмүүс танаас ямар асуулт, зөвлөгөөг хамгийн их авдаг вэ. Листний нэгдүгээрт байдаг асуулт?

-“Би хамраа яаж өндөрлөх вэ” гэж асуудаг. Ер нь заавал өндөрлөх ёстой юу. Европ хүүхнүүдийг л дуурайгаад байна шүү дээ. Өндөр хамартай, V line-тай гэдэг ч юм уу. Гэтэл бид нар өөрсдөө амжилттай, өөрсдийгөө үнэлдэг байвал эсрэгээрээ европчууд “Би яаж ази хүүхнүүд шиг болох вэ” гэх боломж бий. Давуу байгаа, илүү амжилттай байгаа, илүү гэж бодож байгаа хүнээ хүн дуурайдаг. Гэхдээ одоо европчууд харьцангуй азичуудыг сонирхдог болсон шүү дээ. Ази дүр төрхийг илүү таашаадаг болоод байгаа. Тийм учраас бид бүгдээрээ өндөр хамартай, давхраатай том алаг нүдтэй байх ёстой юу гэдэг асуудал бас гайхмаар. Европ дүр төрх ихэнхдээ хурцдуу харагдах гээд байдаг бол ази төрх илүү залуу, илүү зөөлөн харагддаг. Тэрийгээ яагаад давуу тал болгож болгохгүй юм бэ гэж бодогддог юм. Тийм болохоор make up-аа тиймэрхүү байдлаар хийхийг хичээдэг.

-Та ярилцлагын эхэнд дурдлаа, эрэгтэйчүүдэд ч make up хэрэгтэй гэж?

-Сүүлийн үеийн зурагтын хэмжээ улам томорч байна. Тэгэхээр нүүрэн дээр байгаа жижигхэн сорви, нүхжилтийг эдгээр том телевизүүд чинь хэд дахин томруулаад харуулчихдаг. Тиймээс телевизэд ярилцлагад орох, кино зураг авалт, клип, сурталчилгааны зураг авалтад яалт ч үгүй үндсэн тон тавилт шаардлагатай болчихсон. Тэрнээс гадна хуримын сүйт хархүүгийн нүүрэнд make up хийх шаардлага гардаг. Хуримын зурагт сүйт бүсгүйг тултал нь гоё болгоод үзэсгэлэнтэй дээр нь тавьчихдаг. Бас гэрчүүд нь бүгдээрээ гоё будуулчихсан байдаг. Гэтэл сүйт залуу хичнээн сайхан царайтай байлаа гээд ер нь жаахан дарагдчих гээд байдаг талтай. Тийм болохоор тон тавилт хийдэг. Тон тавина гэхээр будалт биш. Нүүрний арьсанд гурваас дээш өнгө буюу тон ороод ирэхээрээ эвгүй харагддаг. Тэгэхээр тон тавьж ерөнхийд нь арьсны өнгийг жигдэлдэг.


Онцлох нийтлэлүүд