ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.01.10 02:01

О.Уинфри АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

АНУ-ын телевизийн нэрт хөтлөгч, хэвлэлийн магнат, тэрбумтан Опра Уинфри 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй талаар СNN агентлаг мэдээлжээ. Тус агентлаг түүнтэй ойр эх сурвалжийг үндэслэн ийн уламжилсан байна. Түүнд дурдсанаар О.Уинфри АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэв. Нэрт хөтлөгчийн олон жилийн түнш гэгдэх Стидмэн Грэм Лос-Анжелес Таймс сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар анх ам нээжээ. Тэрбээр “Опраг сонгуульд өрсөлдөх шийдвэрийг ард түмэн гаргана” гэсэн байна. 63 настай О.Уинфригийн нийт хөрөнгө 2.8 тэрбум ам.доллар аж. Форбес сэтгүүл түүнийг 2010, 2013 онд хамгийн нөлөө бүхий хүнээр шалгаруулж байсан удаатай. Опра Уинфри өнгөрсөн ням гаригт Лос-Анжелес хотноо болсон “Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах 75 дахь удаагийн наадамд оролцжээ. Энэ үеэр тэрбээр бусад жүжигчдийн адил бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэхээ мэдэгдсэн юм. Анхны өнгөт арьстан тэрбумтан тэрбээр Миссисипи муж улсын Костюшко хотноо мэндэлжээ. Хувийн кино студи, кабелийн телевизтэйгээс гадна сэтгүүл гаргадаг байна.

Онцлох нийтлэлүүд