ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.03.12 11:03

Паралимпийн гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд 16-д орлоо

Пёнчан хотод болж байгаа өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрбээр өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байранд орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ. Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтаар 20 тамирчнаас 14-р байр эзэлж байжээ. Б.Ганболд гурван зайд уралдах бөгөөд III сарын 14-ний өдөр спринт /1,1 км/, 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.

Онцлох нийтлэлүүд