ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.03 09:07

Пиррийн ялалт

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Эртний герегчүүд тэр үед хүчирхэгжсэн ромчуудтай байлджээ. Тулалдаанд дийлэх нь ч дийлсэн юм байна. Ромчууд хөлсний легионуудаа тулалдаанд оруулсан бол герегчүүд байгаа бүх нөөцөөрөө байлджээ. Пиррийн арми ялалтаа тэмдэглэж байх үед тооцоо хийжээ. Дахиад бүх хүчээрээ үргэлжлүүлэн байлдвал дараагийн тулалдаанд ялж болох ч нэг ч цэрэггүй үлдэх юм байна. Ийм ялалт хэрэгтэй юү? Эндээс түүхэнд Пиррийн ялалт гэдэг сургамж үг үлджээ. Хэмжээнээс хэтэрсэн хэтэрхий үнэтэй ялалт нь ерөнхий утгаараа аймшигт ялагдал болдог гэсэн үг. Ингээд герегчүүд Ромд найрамдал санал болгожээ.

Галдан бошигтын Зүүн гарын хаант улс нь тухайн үедээ Төв Азийн хамгийн хүчирхэг улс байлаа. Зэрэгцээ Хятад, Орос хоёртой эн тэнцэхүйц. Урагшаа Кашкар, баруун тийшээ өнөөгийн Узбекстаны нийслэл Ташкентыг захирч байсан юм шүү дээ. Гэвч өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй Халх л зэвүүг нь хүргээд байж. Халхыг дарж авахад хамтраач гэж Манж Чин улсаас ч, Оросоос ч тусламж гуйж зөндөө санал тавьсан. Цаадуул нь зөвшөөрөхгүй болохоор өөрөө гагцаар дайрч ороод дийлэх нь дийлсэн. Даанч удаагүй.

Хүчирхэг Зүүн гарын улсыг энэ далимыг ашиглан дарж авах бололцоо үүслээ гэж манжууд ч, оросууд ч ойлгон нийлж аваад дарсан. Галдан ганцаардаж өлбөрч үхсэн шүү дээ. Хожим нь Зүүн гарын хаант улсыг сөнөөхөд 600 мянган хүн амынх нь 450 мянгыг нь хядсан. Геноцит!

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлалаа. Төрийг Богд хаанаар толгойлуулсан шарынхан, Алтан ургийн язгууртан ноёд хуваан захирав. Биенээ хүлээн зөвшөөрдөггүй ээ. Хооронд нь эвлэрүүлэх гэж Богд байдгаараа хичээсэн. Ерөнхий сайд Намнансүрэн нас барсны дараа шарын толгойлогч Бадамдорж орыг нь залгав. Эрх мэдэлтэй болуутаа ноёд язгууртнуудыг доош нь хийж өгсөн дөө. Өс санасан ноёд язгууртнууд энэ хөсрий лам нарт дээрэлхүүлж байхаар Хятадын захиргаанд байсан нь дээр гэж үзэв. Сю Шүжан Монголд дураараа орж ирсэн юм биш шүү. Монголын алтан ургийнхнаас бүрдсэн Засгийн газрын албан ёсны урилгаар тэд заллагаар ирсэн юм. Автономиа устгуулаад та нарынхаа ивээлд орж Хятадын зүгээр нэг ердийн муж болъё гэсэн монголчуудын урилга заллага хүслийг биелүүлэхээр ирсэн. Харин Сю генерал нь солиотой эр байсан учир дөвчигнөж харынхныг ч шарынхныг ч айлган эгээтэй л улс орныг хөмрөх шахжээ. Хожим нь Хятадад засаг солигдсоны дараа ноёд язгууртнууд Бээжинд очин шинэ засагт хэлэхдээ Монгол руу Сю шиг мэдрэл муутай гажиг хүн хойшид битгий явуулж байгаарай гэж гуйсан байдаг.

1921 оны Ардын хувьсгал бол тухайн үед бий болсон Түшмэдийн ба Ардын дугуйлангийнхны хамтын бүтээл юм. Ялалтын дараа ардын бүлэг төрийн эрхийг авсан нь түшмэдийн бүлгийхний тэвчээрийг барав. Ингээд улаан оросуудтай нийлж байгаад тэднийг бүгдийг нь алж устгасан. Өөрсдийг нь оросууд дараа нь намнаж ноёдын бүлэглэлд эрхийг шилжүүлсэн. Энэ хооронд оросууд өөрийн үнэнч бүлэглэлийг шинээр бэлдэж байгаад ноёдыг ч үгүй хийсэн. Үнэндээ Монголын талаас хэн нь ч ялаагүй. Түр зууртаа бүлэглэл болгон Пиррийн ялалт байгуулжээ. Үр дүнд нь бүхий л сэхээтэн язгууртнуудаа устгуулж үндэсний гамшиг амссан. Нөхөж баршгүй.

Өнөөгийн Чех улсын бахархал нь нэн эртний Праг хот. Гайхамшиг! Германы нацистууд эхлээд Сүдецийг, дараа нь Морав, Словакийг эзлэхэд тэд юу ч хэлээгүй буугаад өгчихсөн. Харин польшууд нацистуудтай бүх хүчээрээ үзэж таржээ. Тэдний эрэлхэг зоригийг шүтүүстэй. Германаас өөрийгөө өөрийн хүчээр чөлөөлөх гэж тэд 1944 онд бослого гаргажээ. Зөвлөлтүүд Варшавын дэргэд тулж ирсэн байсан ч давшилтаа зогсоон польшууд германчуудад хэрхэн хядуулж байгааг сонирхон хараад зогсчихов. Варшав хотын 80 хувь нь үнсэн товрог болжээ. Бараг сөнөөд дууссан варшавчуудад эрэлхэг байсны бахархлаас өөр юу ч үлдсэнгүй.

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

1990 оны анхны сонгуулиар МАХН 60 хувийн ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд болсон Бямбасүрэн ялагдсан Ардчилсан хүчнийхийг засагтаа урьсан нь тулаад байгаа аюулыг хамтарсан хүчээр даван туулъя гэсэн санаа. Үүнд нь Социал демократ нам оролцоогүй, гэвч цагийн аясаар харахаар тэндээс соц дек юу ч хожоогүй, оролцоогүйг нь хэн ч анзаараагүй. Харин хамтарсан Засаг тэрхүү шилжилтийн хүнд үеийг амжилттай давсан.

1996 онд Энхсайханы Засгийн газар төрийн эрх мэдлийг бүхлээр нь авсан ч төрийн албаны аппаратыг дангаар эзэгнэж байсан сөрөг хүчний төлөөлөгчдөд гар хүрээгүй. Гэтэл 2000 онд төр эзэрхийлсэн Энхбаяр төрийн албанд ажилладаг сөрөг төдийгүй “сэжигтэй” 15 мянган эсэргүүнийг эгшин зуур ажлаас нь халжээ. Юу хожсон юм бол?

2008 оны сонгуулийн дүн гарангуут үндэсний хагарал болж цус хүртэл урссан. Ерөнхий сайд Баяр ялагдсан сөрөг хүчиндээ хамтарсан засаг байгуулах санал тавьсан. Чухам үүний үр дүнд Монголын түүхэн дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Өнөөдөр тэр хөрөнгө оруулалт улсын төсвийн гуравны нэгийг дангаараа хангаж байна. Хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа болсон юм.

Саяхан Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанд Хятадын асуудал хариуцсан генерал үг хэлжээ. Тэрээр Хятадыг Оросын хамгийн том өрсөлдөгч, хэзээ нэгэн цагт тэртэй тэргүй муудалцах субьект гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд бидэнд өмнөөс нь барих хөзөр бол Казахстан, Монгол хоёр юм гэж генерал хэлэв. Хэрэв Оросын эрх ашигийн зүгээс эрүүл ухааанаар харах аваас генералын түмэн зөв. Монгол бол Оросын хувьд Хятадтай наймаалцах том хөзөр.

Зүүн Германыг баруунд үнэгүй тушаасан гэдгээрээ Горбачёв олон жил хараал идлээ. Үүнийг Путин ч ил тод зарладаг. Үнэхээр 40 жил авч явсан тийм том олзыг сохор зоосны үнэгүй алдсан нь харамсаар зүйл байж болох. Энэ сургамжаасаа үндэслэн 70 жил авч явсан геополитикийн асар их ач холбогдолтой Монголыг дахиад л ямар ч үнэ хөлсгүй бусдад алдана гэж үү? Монголын үнэ цэн гэж юу вэ? Цэврээрээ Оросын мэдлийнх байж л үнэ өртөгтэй болно. Гэтэл үүнийг өрнийн хөрөнгө оруулагчдын өмч болгочихоод хагас дутуу эзэмшилтний бараагаа үнэ хүргэж зарах гэж үү? Монгол дахь гадны хөрөнгө оруулалтанд эгдүүцээд байгаа Оросын геополитик ердөө л энэ. Хөлслөгдсөн монгол бууны нохойнуудын хуцааны цаад шалтгаан ч энэ.

Японы дэлхийн дайны үеийн солиорол бол энэ орны ялагдлын эх сурвалж байсан юм. Засгийн эрхийг барьж байсан милитаристуудын тушаалаар Пөрл Харборыг бөмбөгдсөн түүхэн ялалтыг удирдсан адмирал Ямамото “Бид тулалдаанд ялалт байгууллаа. Гэхдээ унтаж байсан арсланг сэрээснээр дайнд ялагдах үүдээ нээчихлээ” гэж хэлж байсан гэдэг. Саяхи сонгуулиар Хүүк тулалдаанд ялсан боловч үргэлжлүүлээд дайн хийвэл ялагдал хүлээж магадгүй үүдээ нээж байна. Магадгүй энэ нь Пиррийн ялалт байж болох. Пиррийн ялалт мөн бол хохирогч нь Монгол орон. Хүүк бол цэргийн хүн, цэргийнхэн хойшдыгоо бодолгүй тулалдааны ялалт болгоноос кайф авдаг. Түүнийг 1994 онд бичигтэй цагаан даавуугаар толгойгоо ороочихоод өөрийн огт таньж мэдэхгүй, нэрийг нь ч олигтой цээжлээгүй талийгч нар болох Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбалыг өмөөрөн дөвчигнөж явсан улаан хамгаалагч дүрээр нь хүн болгон танина. Залуу байж, одоо тэрээр ухаажвал ухаажихаар 50 насыг давсан эр. Байлдаж тоглон Пиррийн ялалтанд хөөрөхөөргүй нас дарсан. Голдоо нүхгүй тэнэг үеэ өнгөрөөсөн.

Одоо түүний зовлон эхэлсэн. Ковидогийн цар тахалд хамгаа гөвж ядарсан Монгол орны өмнөөс хариуцлага хүлээх хүнд ял түүнд тулгарлаа. Энэ бол ганц Хүүкийн зовлон биш, манай нийт үндэстнийг гамшиг тосож байна. Хэрэв үүнийг тэр ойлговол, хэрэв үүнийг Монголын төрийн тулах бас нэгэн багана болсон Ардчилсан нам ойлговол зөвхөн хамтдаа зүтгэж, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалан байж энэ гамшгийг даван туулна.

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэрэв байгаа юм бол хаана хэнээр илэрхийлэгдэж байгаа нь мэдэгдэхгүй МАНАН хэмээх салхин тээрэмтэй горзгор Кихот давжаа Пансогоо дагуулан хичнээн ч жил тулалдав? Хэрвээ МАНАН байсан юм бол саяхи сонгуулиар нам дарагдлаа. Энэ бол саяхи сонгуулийн хамгийн том ялалт. Юутай ч салхин тээрмийг устгалаа. Дайсан дарагдлаа, одоо гэр орноо боддог цаг.

Их л энгийнээр хэлбэл, Пиррийн ялалт байгуулсан Хүүкийгээ дэмжье, гэхдээ дайныг шатлан өргөжүүлэх аархлыг нь доош даран, нийт үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин дайн байлдаангүйгээр гэр орноо босгоё. Хүүхэд шиг “Хүүк ээ, айгаагүй бол дахиад барилдъя” гээд байж болохгүй л дээ, хэрэв эрүүл ухаан гэж байдаг бол?

2020.6.30

Онцлох нийтлэлүүд