ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.11.20 04:11

Польш улстай хамтран ажиллах талаар ярилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон талаар танилцуулж, УИХ-ын даргыг Польш Улсад айлчлах үеэр гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон гэлээ . Түүнчлэн МУИС-ийн Польш хэлний ангийн оюутнуудтай уулзаж, санал солилцсоны зэрэгцээ оюутнуудад олгох тэтгэлэг, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн тухайгаа танилцуулсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс нь Европын Холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Тэр дундаа Польш Улстай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь парламентын харилцааг гүнзгийрүүлэхэд нэгэн шинэ хуудас болж байгааг тэмдэглэж, парламентын Тамгын газар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмждэгээ илэрхийллээ. Түүнчлэн хоёр талын хооронд боловсрол, соёл, батлан хамгаалах болон улс төрийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна гээд, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа зам тээвэр, барилга,үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Онцлох нийтлэлүүд