ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.04.20 04:04

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын чуулганаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг 78 хувийн саналаар дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Хуралдааны явцад гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Прокурорын тухай хууль батлагдсаны дараа Монгол Улсын прокурор гэж ямар хүн байх тухай дүр зураг гарч ирнэ. Бүх Эрүүгийн хэрэг хянагдана. Үндсэндээ Монголын хаан болж харагдана. Тиймээс сэлгэн ажиллуулдаг горим, улс төрөөс хараат бус байх ажлуудыг хийх хэрэгтэй. Прокурор шударга байж бидний энэ танхимд яриад сууж байгаа хууль биелэгдэнэ. Тиймээс энэ хуулийг анхаарч, хараат бус байдлыг бүрдүүлэх ёстой. Прокуророор авч байгаа сонгон шалгаруулалтыг илүү төгс хийх хэрэгтэй. Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Манай Үндсэн хуультай прокурорын байгууллагын хуулийг нийцүүлэх тал дээр ажлын хэсэг анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр хэрэг мөрдөх ажиллагаанд прокурор хяналт тавина гэсэн заалттай. Өнгөрсөн 20 гаруй жил прокурорын байгууллага төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан тохиолдол цөөн. Ялангуяа байгаль орчны асуудал дээр төрийг төлөөлөх шаардлага байгаа. Прокурорын байгууллагын ачаалал эрх зүйн шинэчлэлтэй холбоотой ачаалал нэмэгдэнэ. Тиймээс бэлтгэл ажлаа хангахгүй бол долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ шүү гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Сайн хууль гарсан уу, муу хууль уу гэдэг нь амьдрал дээр шалгагдах болохоос бид олон өөрчлөлт оруулсан эсэхээр хэмжигдэхгүй. Гол нь шударга ёс тогтооход нийцэж байгаа эсэх нь чухал. Нэг хүний асуудлын цаана мянга мянган хүн хохирч байгаа. Хөөцөлдөх хүнгүй, хамаатан садан муутай хүмүүс хохироод явж байгаа. Тиймээс прокурор хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг хамгаалах төлөөлөгч байх ёстой. Тэрбум тэрбумаар идсэн уусан хүмүүс чинь зүгээр явж байгаа шүү. Гэтэл төлөгний мах авлигад авсан хүнд 5,3 жилийн ял өгөөд сууж байна. Ард түмэндээ үйлчлэх талдаа чих нь зөөлөл хөл нь хөнгөн байвал сайн байгууллага гэж хэлнэ. Тийм боломж олгосон хуулийг сайн хууль гэнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Одоогийн хүчин төгөлдөр хууль болоод Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хууль нь байгууллагын асуудлыг нарийвчлан тусгасан. Үүгээрээ ач холбогдолтой. Тиймээс батлан гаргах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энд маргааны шинжтэй асуудал байна. Ерөнхий зарчим нь яллах, цагаатгах хоёрыг энэ тэнцүү авч явах ёстой. Олон хэрэгт ял завшуулж хууль бусаар хэргийг хэрэгсэхгүй болгох явдал гарч байна. Мөн олон хэрэгсэхгүй хэргийг шүүхийн шатанд аваачиж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Хүний эрхийг хамгаалах тал дээр прокурорын байгууллага байхаас өөр арга байхгүй. Ганцхан өмгөөлөгч хүний эрхийн баталгаа байж чадахгүй. Оруулж ирж байгаа хуль болгон дээр нийгмийн баталгаа эдийн засгийн баталгаа орж ирдэг. Энэ хуулийн төсөлд прокурорын нийгмийн баталгааг нэмээгүй, хасаагүй гэж хууль боловсруулсан хүмүүс ярьж байна. Прокурор бол өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс юм шүү гэлээ.

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрээр УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөлөө.

Онцлох нийтлэлүүд