ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.12.07 06:12

Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

putinӨнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тэрбээр энэхүү чухал шийдвэрээ Доод Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчидтай уулзах үеэрээ мэдэгдсэн бөгөөд тус үйлдвэрийн ажилчид алга нижигнүүлэн хүлээн авсан байна.

ОХУ-ын парламентад үнэмлэхүй олонхи Нэгдсэн Орос нам Путины шийдвэрийг сайшааж, түүнд бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа зарлажээ. Путины одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм.

В.Путин Доод Новогород хотод авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчдад хандан “Сонгуульд оролцох тухай байр суурийг минь халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлжээ.

Өмнө нь Путин “Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад хариулахдаа “Ямар ч хүний хувьд энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Зөвхөн ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй" хэмээн хэлж байсан аж.

Мөн тэрбээр уг ёслолын ажиллагаанд оролцогчдоос “Үүнтэй холбоотойгоор надад нэг асуулт байна. Хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргавал та болон таны ойр дотныхон миний шийдвэрийг дэмжих үү?” гэж асуухад танхимд байсан хүмүүс нэгэн дуугаар “Дэмжинэ” хэмээн хариулж байжээ. Путинд итгэж буй иргэдийн итгэл 50 хувьтай байсан нь сүүлийн жилүүдэд 80 гаруй хувьд хүрсэн байна.

Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн. Оросын Холбооны Улсын хоёр болон дөрөв дэх ерөнхийлөгч юм. ОХУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч. Тэрбээр 2000-2008 оны хооронд ОХУ-ын хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ-ын ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй байдлын газрын дарга, 1997-1998 онд ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, 1996-1997 онд ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1999 оны наймдугаар сарын 9-нд Путин ОХУ-ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болов. Борис Ельцин телевизээр хандан ард түмэндээ үг хэлэхдээ Путиныг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэжээ. Шинэ ерөнхий сайдад асар богино хугацаанд сонгогчдын итгэлийг хүлээнэ гэдэг маш хүнд даалгавар байсан аж. 1999 оны наймдугаар сарын 16-нд ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлж баталжээ.

Онцлох нийтлэлүүд