ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.08.29 02:08

Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ

Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн "Мария" хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Өмнө нь 64 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан боловч энэ удаагийн мэдээллээр амиа алдсан хүмүүсийн тоо 50 дахин нэмэгдсэн байна.

Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ.

Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн ажлыг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус арал АНУ-аас 139 тэрбум долларын тусламж хүссэн байна.

Рикардо Розелло хэвлэлийн бага хурлын үеэр, “2975 хүн амиа алдсан гэх мэдээллийг шинэчлэн оруулах заавар өгсөн. Энэ нь таамаг тооцоо боловч шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримт юм" гэж мэдэгджээ.

Сүүлийн 90 орчим жилийн хугацаанд Пуэрто-Рико аралд болж байгаагүй “Мария” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоог худал мэдээлж байна гэж тус арлын албаны хүмүүсийг олон нийт жил орчим хугацаанд шүүмжилж байсан юм.

Үүнтэй холбогдуулан Пуэрто-Рикогийн Засгийн газар амиа алдсан хүмүүсийн тоо 64-өөс их гэж өмнө нь мэдэгдэж байсан удаатай билээ. Гэсэн хэдий ч зарим шинжээчид хар салхины улмаас 4600 орчим хүн амиа алдсан гэж тооцоолсон байна.

Жорж Вашингтоны их сургуулийн судлаачдын гаргасан энэхүү тайланд 2,975 хүн амиа алдсан байна гэж дурдсаныг арлын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.

Мария хар салхи дайран өнгөрсөн буюу 2017 оны 9 дүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хугацаанд хэчнээн хүн амиа алдсаныг судалж тайланг гаргажээ.

Цэвэр ус, цахилгаан байхгүй болон эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байсан зэргээс олон хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ эрчим хүч удаа дараа тасарсны улмаас чихрийн шижин, бөөм өвчнөөр нас барах хүмүүсийн тоо нэмэгджээ.

Карибын тэнгисийн энэхүү аралд АНУ-ын 3.3 сая иргэн амьдардаг байна.

Онцлох нийтлэлүүд