ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.09 11:06

П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

Шинэчлэн найруулж баталсан Донорын тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хуулийн хүрээнд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдаад байгаа юм. Тус албаны дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.


-Донорын тухай хууль гурван ч удаа шинэчлэгдлээ. Дахин дахин шинэчлээд байх шалтгаан юу вэ?

-Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан, дараа нь 2012 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш зургаан жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард дахин шинэчлэн найруулж батлан гаргаад байна. Ингэж ойр ойрхон шинэчлэгдэж байгаа нь учир шалтгаантай. Цаг үе, хөгжлийн шаардлага, нийгмийн чиг хандлагаа дагаж хууль өөрчлөгдаж боловсронгуй болж байгаа нь маш сайн хэрэг.

-Шинэчилсэн хуулийн хүрээнд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан юм байна. Энэ алба ямар үүрэгтэй вэ?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа бодит утгаараа нутагшиж хөгжиж байна. 1996 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлсэн эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа 10 орчим жилийн хугацаанд Эд нийцлийн лаборатор байгуулах, эмч сувилагч нараа бэлтгэж 2006 оноос дахин эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 158 удаа бөөр шилжүүлэн суулгасан байна. Үүний ихэнхийг амьд донороос хос бөөрний нэгийг нь авсан байна. Мөн 2007 оноос элэг шилжүүлэн суулгах баг байгуулагдаад одоог хүртэл 50 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Эдгээрээс гадна 11 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан.Мөн оны дараахан ХСҮтөв хоёр хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Гэтэл дандаа амьд донороос энэ эмчилгээг хийгээд байх боломж муу байна. Тэгэхээр энэ албыг байгуулсан гол зорилго нь Донорын хуулийг болон донорын үйл хэргийг таниулах, ЭШС эмчилгээнд орох иргэдийн нэгдсэн нэг хүлээх жагсаалт үүсгэх, амьгүй донор буюу тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг зохицуулан зангидаж байх зорилготой.

-Танай алба хэдийд байгуулагдав?

-Хууль маань 2018 оны нэгдүгээр сарын 19-нд батлагдаж, хоёрдугаар сарын 19-өөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байгуулагдсан. Одоо нийтдээ зургаан хүнтэйгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд ажиллаж байна. Оны дараа байгуулагдсан учраас төсөв зардал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төсөвт суугаагүй. Ирэх жилийн төсөвт оруулах санал тооцоогоо хийж байгаа.

-Байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил амжуулаад байна вэ?

-Нийтдээ долоон журам боловсруулж бэлэн болголоо. Удахгүй мэргэжлийн багууд, ажлын хэсгүүдэд өгч хэлэлцүүлнэ. Тэндээс гарсан санал зөвлөмжийг тусгаад Эрүүл мэндийн сайдаар батлуулна. Энэ ажлын хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байгаа УНТЭ, Хавдар судлалын төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Эдгээр эмнэлгүүд нь гол донор эмнэлэг болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх учраас маш нягт хамтран ажиллах ёстой юм.

-Донор гэдэг маань яг хэн бэ?

-ДЭМБ-аас санал болгож байгаа гол зөвлөмж нь тархины үхэлтэй донорыг эрхтэн шилжүүлэн суулгаж ажиллагаанд аль болох түлхүү ашиглах юм. Донорыг дотор нь амьд болон амьгүй донор, цусны гээд гурван янзаар ангилж үздэг.

Амьд донор нь өвчтөний ойр төрлийн гэр бүлийн гишүүд хос эрхтнийхээ нэгийг болон цуллаг эрхтнийхээ талыг өгдөг. Харин амьгүй донорын талаар олон нийтийн дунд ойлголт хангалтгүй. Тиймээс энэ талын ойлголт, Хуулийн заалтуудыг нийтэд таниулж сурталчлах хэрэгтэй байгаа юм. Үүнийг манай зохицуулах алба хийх ёстой.

-Амьгүй донор гэдэг нь ...

-Амьгүй донор гэдэг бол тархиндаа ямар нэг байдлаар гэмтэл авч, тархины эд эс нь үхсэн донор. Эсвэл тархинд цус харваснаас үүдэн тархи нь үхэжсэн хүнийг тархины үхэлтэй гэж оношилдог. Тархины үхэлтэйг оношилж тодорхойлдог тусгай багууд байгуулагдсан. Тархины үхэлтэй гэдгийг нь маш нарийн шалгуураар тогтоох ёстой. УНТЭ, Нэгдсэн III, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр тархины үхэл тодорхойлох баг ажиллаж байгаа. Энэ багуудтайгаа хамтраад ажиллаж, боломжит донорыг илрүүлэх, Донорын хуулийн дагуу гэр бүлээс зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдолд хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нараас хэнд илүү тохирох, хэрхэн яаж хуваарилах вэ гэдгээ тэр Нэгдсэн бүртгэлийн сангийн автомат программаар шийднэ гэсэн үг.

-Зохицуулах алба өөр ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Нэгдүгээрт, Донорын хуулийг болон Донорын үйл хэргийг сурталчлан таниулах ажил явуулна. Хоёрдугаарт, “Хүлээх жагсаалт”-д шаардлагатай иргэдийг бүртгэнэ. Мөн тархины үхэлтэй донорыг тодруулахад тархины үхэл тодорхойлох багуудтай хамтран ажиллана. Монгол Улсад элэг, бөөр, зүрх, уушги, нойр булчирхай гэх мэт таван цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүн олон байна. Гэхдээ тэр бүгд энэ “Хүлээх жагсаалт”-д орох шалгуурыг хангаж чадахгүй. Тэгэхээр энэ багууд өөрсдийнхөө шалгуураар тухайн хүнийг эрхтэн шилжүүлэн суулгах заалтад нь багтаж байна гэвэл сонгож аваад түүнийгээ манай албанд мэдэгдэнэ. Ингэсэн тохиолдолд манай алба тэр хүнийг улс даяар ганцхан байх нэгдсэн бүртгэл мэдээллийн сандаа бүртгэн авч “Хүлээх жагсаалт”-даа оруулна. Энэ жагсаалтад орж байгаа хүн нэгдүгээрт, цусны бүлэг, хоёрдугаарт хувийн эд нийцлийн тохироо, нас болон бүртгэгдсэн он сар өдрөөрөө эрэмбэлэгдээд донороо хүлээгээд байж байна гэсэн үг. Хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь амьд донор буюу ар гэрийнхнээсээ эрхтэн шилжүүлэн авах боломжгүй гэсэн үг шүү дээ. Зохицуулах албаны бас нэг гол ажил бол ЭШС эмчилгээний үр дүнг тооцох, шаардлагатай төсөв, санхүү, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Мэдээж энэ салбарт ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, чадвар чансааг сайжруулах сургалт, семинар зэргийг ОУ-н болон ТБ байгууллагуудтай хамтран хийнэ.

-Монголд хийгдсэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд тархины үхэлтэй донорыг хэр ашигладаг вэ?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгасан 220 гаруй тохиолдлын зөвхөн зургаад нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан. Тухайлбал, 12 бөөр, нэг элэг тархины үхэлд хүрсэн донороос авчээ. Тэгэхээр Зохицуулах албаны бас нэг ажил нь эрхтний боломжит донор гарлаа гэхэд тэр донорыг хүлээх жагсаалтад байгаа хүмүүст хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудлыг зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Matching software system гэсэн программ хангамжийг манай нэгдсэн бүртгэл мэдээлийн санд суулгаж өгөх юм. Хүлээх жагсаалтад эрхтэн солиулах шаардлагтай бүх хүний мэдээлэл орчихсон байдаг, ямар нэг байдлаар донор илэрлээ гэхэд тэр донорын цусны бүлэг, эд нийцлийн тохироо, шинжилгээний хариу зэрэг бүх өгөгдөхүүнийг компьютерт оруулахад цаанаасаа энэ донорын элэг нь Ш.. гэдэг ч юмуу өвчтөнд, бөөр нь В... гэдэг хүнд тохирох юм байна гэсэн сонголтыг автоматаар оноогоод өгчихнө гэсэн үг.

Нөгөө хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр эрхтэн хуваарилна. Гэхдээ залуу хүмүүс гэнэт эрхтний дутагдалд ордог гэмтэй. Тийм тохиолдолд тухайн хүний амь насыг ЭШС эмчилгээнээс өөр аврах боломжгүй үед мэргэжлийн баг болон ЗА хамтран яаралтай журмаар хуралдаж албан ёсоор протокол хөтөлж, шийдвэр гаргана.

-Жагсаалтад орсон хүн эрхтэн шилжүүлэн суулгах дараалалд орлоо гэсэн үг үү?

-Хүлээх жагсаалт гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүсийн эрэмбэлэгдсэн мэдээллийн сан гэсэн үг. Гэхдээ жагсаалтад орчихлоо гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээнд зайлшгүй орно гэсэн баталгаа бас биш шүү. Учир нь эд нийцлийн тохироо таарахгүй, цусны бүлэг тохирохгүй байх тохиолдол маш их байдаг. Мөн донорын хүрэлцээгүй байдлаас болоод хүлээлт гардаг. Энэ хугацаанд тухайн хүний бие муудаж болзошгүй, бүр нас барж ч мэднэ. Ийм эрсдэл байдгийг хаана хаанаа ойлгож байх хэрэгтэй. Ер нь ийм явдал дэлхийн практикт ч их байдаг. Тэгэхээр бид “Хүлээх жагсаалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгуулна гэсэн баталгаа биш шүү” гэдгийг хэлж ойлгуулна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагтай хүн хэр олон байдаг вэ?

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай эмчлүүлэгч олон бий. Жишээ нь зөвхөн бөөр гэхэд 1 сая хүн тутамд жил бүр 110-120 хүн бөөрний түүдгэнцэрийн үрэвслээс болж дутагдалд орж, гемодиализмын эмчилгээ хийлгэх болдог. Үүний 80-85 хувь нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай боллоо гэсэн үг юм. Мөн В,С вирусийн шалтгаант элэгний хатуурал байна. Монгол Улсад В вирусийн шалтгаант элэгний хавдар дэлхийн дунджаас даруй зургаа дахин их байна. В.С вирусээс шалтгаалсан элэгний хатуурлаас жил бүр 10 мянган орчим хүн нас барж байна.

Тархины үхлээр нас барж байгаа хүмүүс бусад өвчиндөө шаналж байгаа элэг нэгт иргэдээ аварч, амьдрал бэлэглэх боломж байгаа. Үүнийг иргэд хэрхэн зөвөөр хүлээж авах вэ гэдэг асуудал бий. Энэ нь амаргүй, монгол хүний уламжлалт сэтгэхүйгээс хол. Тиймээс Донорын хуулийг сурталчлан таниулах нь их чухал. Гэхдээ бурхан шашны номд харшлах зүйл байхгүй. Харин ч Буяны дээд буян, Өглөгийн дээд өглөг бол амьдрал бэлэглэх гэж үздэг юм байна.

-Донор болох асуудлыг хуулинд хэрхэн тусгасан бэ?

-Хуулинд орсон хоёр дахь чухал заалт гэвэл 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн амьд ахуйдаа “хэрэв ямар нэгэн тохиолдлоор тархиндаа гэмтэл авч үхэлд хүрэх юм бол би донор болно” гэдгээ зөвшөөрсөн гэрээслэл үлдээдэг болох заалтыг оруулж өгсөн. Гэрээслэлээ эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд бүртгүүлдэг болж байгаа юм. Донор болох танилцуулах хуудас гаргана. Мөн зөвшөөрсөн тусгай карттай болгох юм. Насны хязгаар 25-аас эхлээд дээд тал нь 65 гэж байгаа ч цаашдаа амьдралын чанараас шалтгаалан нэмэгдүүлэх боломжтой. АНУ, Япон, Испани зэрэг улсад донор болох дээд насыг 70 нас гэж тогтоосон байдаг. Тэгэхээр нэгэнт ийм хууль гарсан учраас иргэддээ, ялангуяа залуучууддаа сайн сурталчилж таниулах хэрэгтэй болж байгаа юм.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгах бүх эмчилгээний үр дүнг жил жилээр нарийн тооцож нэгтгээд улсын хэмжээнд статистик тоо гаргаж үүнийгээ жил бүр ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд тайлагнаж байх ёстой. Энэ нь гарч эрхтний наймаанаас сэргийлэх ач холбогдолтой.

-Ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын наадам болох юм байна. Энэ ямар учир зорилго, ач холбогдолтой тоглолт вэ?

-Ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолтыг зохиох гэж байна. Хамгийн гол нь үүгээрээ дамжуулан Донорын тухай хуулиа сурталчлах юм. Анхны ийм тоглолтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор зохиож байсан бол энэ жилийнхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиохоор болсон.Ерөнхийлөгч спортын энэ тоглолтыг ивээлдээ авч байгаа нь эмч нарынхаа хийж байгаа үйл хэргийг дэмжиж, энэ өндөр технологийг эх орныхоо эрүүл мэндийн салбарын хөрсөнд суулгахаар зүтгэж буй эмч, эрдэмтэд, сувилагч, мэргэжилтнүүдэд өгч том урам зориг мөн хариуцлага юм.

Үүдэл эсээс тухайн эрхтнийг ургуулах технологийг хөгжсөн улс орнуудад туршиж байна. Үүдэл эсээс элэг, зүрх бусад эрхтэнг ургуулна гэсэн үг. Үр дүнтэй байгаа, болохгүй гэх зүйлгүй. Хэрэв ингэвэл амьд донорын асуудал бүр хойш тавигдаж байхгүй болно. Харин тархины үхэлтэй донор нэг хэсэгтээ байх болов уу. Гэхдээ үүдэл эсээс тухайн эрхтэнг ургуулах технологи амжилттай болбол ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа том проблем биш болно.

Түүнээс гадна АНУ, Япон зэрэг оронд 4D технологиор хиймэл эрхтэн хийж эхлээд байна. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд өнгөтэй ирээдүй байна аа гэж харагдаж байна. Гэхдээ иргэд маань нэг зүйлийг бодох хэрэгтэй. Заавал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хүртлээ эрүүл мэндээ доройтуулж, биедээ хайхрамжгүй хандаж болохгүй. Ядахад л архи тамхины хэрэглээгээ багасгаж, биеийн жингээ барьж, амьдралын хэмнэлээ зөв тохируулж сурах хэрэгтэй.

Иргэн бүр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Мэргэжлийн холбоод болон манай албаны зүгээс иргэдийнхээ дунд эрүүл мэнд, тэр дундаа таван цуллаг эрхтнээ хэрхэн хамгаалах талаар сургалт сурталчилгаа явуулахаар төлөвөж байгаа.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардал төсөвт хэдэн төгрөг төсөвлөгддөг юм бол?

-Энэ 2018 онд гэхэд улсын төсвөөс 2,8 тэрбум төгрөгийг төдөн хүнд элэг бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулга гээд хуваарилаад өгчихсөн байгаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 23 хүнд элэг, 24 хүнд бөөр, Хавдар судлалын үндэсний төвд зургаан хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ үүнийг ингэж төлөвлөж болохгүй л дээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэчнээн ч хүнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гарч мэднэ шүү дээ. Түүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүний хариуцлагын хүрээнд зардлын 20-30 хувийг зайлшгүй гаргуулж байх хэрэгтэй байгаа юм. Бүхнийг төсөвт даатгаж болохгүй шүү дээ.


Онцлох нийтлэлүүд