Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.01.14 11:01

П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагвыг дахин амлаж “олныг баясуулагч” хэмээх монгол бөхийн цэнгэл баярыг мэдрүүллээ

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 105 жилийн ойн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр бөхчүүдийн барилдаан шинэ оны өмнөхөн болсон. Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхагласан өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд чансаагаараа тэргүүлсэн шигшмэл 128 хүчтэн ир бяраа сорьж, төрт ёсны их баярыг зургаа дахь удаагаа тэмдэглэж байна. Эл удаагийн барилдаанд Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын аваргууд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын арслангууд болон Б.Гончигдамба гарьд, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан нарын заанууд, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Цацабшир, Т.Баасанхүү нарын харцага цолтнууд зодоглосон. Дунд шөвөг буюу шилдэг наймд хоёр аварга, дөрвөн арслан, хоёр заан цолтон тунаж үлдсэн нь ямархан чансаатай барилдаан болсныг илтгэнэ.

Тавын даваанд тунаж үлдсэн найман бөхөөс Ч.Санжаадамба аварга хамгийн түрүүнд улсын арслан Э.Оюунболдыг амласан. Түрүү жилийн наадмын наймын даваа буюу гарьд цолны төлөө энэ хоёр бөх тунаж барилдаж байсан. С.Мөнхбат аварга Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг амласан. Хоёр аварга ам бөхөө амласны дараа цолныхоо эрэмбээр П.Бүрэнтөгс арслан ам сонсох байв.

Түүнийг ам бөхөө амлахаар гарын даа нарын зүг хандахад бөх тайлбарлагч “Улсын арслан Бүрэнтөгс гурван бөхөөс ам авна. Тодруулбал, улсын арслан Пүрэвдагва, Батсуурь, улсын заан Пүрэвсайхан нараас ам авна” хэмээн зарлахад Бөхийн өргөөг дүүртэл цугласан олон “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн уухай хадаах нь тэр. Үзэгч олны ингэж шуугиан шаагиан болсон нь хоёр залуу арслангийн барилдааныг дахин үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхэд оршиж байв. Түрүү жилийн наадмын наймын даваанд Бүрэнтөгс, Пүрэвдагва нар хүч үзэж, чухам ямархан барилдаан болж өрнөснийг монголчууд бүгд мэдэж байгаа. “2016 оны хамгийн дуулиант барилдаан” хэмээн бөх сонирхогчид онцолсон байна лээ. Наадмаар Пүрэвдагва нь давж Бүрэнтөгс нь газар элэглэн унаад эгшиж, мэгшиж уйлсан. Тэгвэл өнгөрөгч намрын сүүлээр Өмнөд Монголд болсон Алтан бүсийн барилдаанд тэр хоёр дахин таарч мөн л Пүрэвдагва нь давсан. Харин Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд Бүрэнтөгс даагаа нэхэн амлаж барилдаад бардам хаясан юм. Ийм л нэг хүчтэй тэмцэл идэрхэн энэ хоёр арслангийн дунд байдаг учир үзэгч олон дахин барилдахыг нь үзэх гэж тэсгэл алдан “Пүрэвдагва” хэмээн орилсон нь мэдээж.

Түүнээс биш наадмын дараа цахим ертөнцөд өрнөсөн “халх дөрвөдийн тэмцэл” гэх зүйл үүнд хамаарахгүй ээ. Үзэгчдийн энэхүү хүсэлтийг Бүрэнтөгс арслан хүндэтгэж гарын даа нар дээр очин нэр сонсолгүй, шууд л толгой дохиод инээмсэглэж харагдсан. Тэр нь бөх сонирхогчдынхоо хүсэлтээр Пүрэвдагвыг амлая гэсэн үг байв. Ингээд ам бөхөө амласан арслан Санжаа аваргын араас буюу зүүний дагавар магнайд гарахдаа аваргатай мөн л инээд алдаад толгой дохиж байв. Аварга түүнээс “Яасан, Пүрэвдагвыг авчихав уу” гэж асуусан нь тодорхой.

Бүрэнтөгсийг тийм ам авахыг хүлээж байсан үзэгч олон ёстой л нэг сэтгэлийн хөөрөл, цэнгэл баяр гээч нь дээд цэгтээ хүрэв үү гэмээр шавайгаа ханатал баярлалдаж, шаагитал алга нижигнүүлэв. Тэрхүү нижигнэсэн алга ташилтын дуу намжиж амжаагүй байтал Архангай нутгийн уран барилдаант арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн залуу хүчит арслан П.Бүрэнтөгсийг хоёр гарын сэнжигний барьцнаас ганц хүчтэй дугтарч дундуйлдаад татчихлаа. Бөгсөөр нь суулгаж, гулдайтал нь чирч, бүтэн эргүүлээд хаячих нь тэр. Үүнийг л хүлээж байсан мэт үзэгчдийн уухайн түрлэг бүр яадгаа алдаж хоцорсон л доо. Ийм л харгүй сайхан барилдаан хоёр арслангийн дунд болсон. Монгол үндэсний бөхөд байх нэг гол зүйл бол олныг баясуулагч гэх тодорхойлолт юм. Манай бөхчүүд олныг баясуулж, наадамчин олон, үзэгч түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс илүүтэй дандаа ашиг хонжоо, амин хувиа бодож, буулт хийж, худлаа барилдаж уур дургүйцлийг нь хүргэдэг.

Харин Бүрэнтөгс олныг баясуулагч гэх гол шугамаа барьсан зөв зүйтэй шийдвэр гаргасан. Түүнээс үзэгчдээ хүндэтгэлгүй, Пүрэгдавыг бус Батсуурь юм уу, Пүрэвсайханыг амлан өөрийгөө бодсон бол яалаа гэж дунгуй хадталаа унах вэ дээ. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ шийдвэр бол Бүрэнтөгс Пүрэвдагвад өширхсөндөө бус ерөөс үзэгчдээ хүндэтгэсэн, тэдний урам зоригийг бадраасан, бөхийн барилдааныг жинхэнэ утгаар нь шоу цэнгээн болгосон зүйл байв. Өнөө цагт уул нь монгол үндэсний бөх ингэж л шоу цэнгээн дор болж үзэгчдийг хөөрөлд автуулдаг, өөрийн эрхгүй бооцоо тавихад хүргэдэг сонирхолтой, үзүүштэй болох хэрэгтэй юм.

Онцлох нийтлэлүүд