ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.08 11:04

П.Чойсүрэн: Робот бүтээх хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн механикийн тэнхимийн ахлах багш П.Чойсүрэнтэй ярилцлаа. ШУТИС-ийн салбар сургуулиудын робокон тэмцээнд эдний баг түрүүлээд байгаа юм.

-Сургуулийнхаа Робоконы багийг хэзээнээс удирдаж байна вэ?

-Ази номхон далайн бүсийн орнуудын дунд жил бүр робокон тэмцээн зохион байгуулагддаг. Одоо 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль дөрвөн удаа түрүүлсэн байдаг. Мөн Индонез, Тайландад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн. Би энэ сургуулийн робокон багийг 2010 оноос хойш удирдаж байна. Манай сургуулийн оюутны клуб маш олон төрлийн тэмцээнүүдэд оролцдог болсон. Тэмцээнүүд ч хүрээгээ тэлсээр байна. Энэ жил олон улсын Робокон тэмцээн Вьетнам улсад наймдугаар сарын 25-26-нд зохион байгуулагдана. Тус улсын үндэсний соёлд тулгуурласан дүрмийн дагуу бид энэ жил ШУТИС-ынхаа аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн. Дараагийн тэмцээн болтол роботуудаа турших, сайжруулах бэлтгэл ажилдаа орно.

-Ирэх жил олон улсын Робокон тэмцээн манай улсад болно гэл үү?

-Ирэх 2019 онд “Робокон” тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана гэсэн ерөнхий төлөвтэй байгаа. Ази номхон далайн бүсийн орны 17-19 баг ирж оролцоно гэсэн үг. Энэ үйл ажиллагааг угтаад ШУТИС энэ удаа салбар сургуулиудынхаа дунд Роботын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Нийтдээ таван сургуулийн долоон баг оролцсоноос манай Механик тээврийн сургуулийн баг маань тэргүүн байр эзэллээ. ШУТИС энэхүү үйл ажиллагааг дэмжиж 20 гаруй сая төгрөгөөр баг тамирчдаа шагнасан. Энэ бол инженерээр сурч байгаа оюутан залуусын хөдөлмөрийг үнэлж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Нэгдүгээр байр эзэлсэн баг гурван сая төгрөгийн шагнал хүртсэн. Дүрмийн дагуу хоёр робот зохион бүтээх ёстой байсан юм. Нэг нь автомат удирдлагатай, нөгөөх нь гар удирдлагатай робот байсан. Мөн алсын болон утсаар удирддаг байж болдог. Өөрийн гэсэн оюун ухаантай, ухаалаг систем дээр тулгуурласан Робот гэсэн үг. Тэмцээний дүрмийн хувьд бөмбөлгийг гар удирдлагатай робот нь сагснаас аваад, автомат удирдлагатай роботод дамжуулж өгөх ёстой. Дамжуулах явцдаа хүрч болно. Ингээд цагирагт гоол оруулж эхний оноог авна. Талбайн дунд байрлах гурван гоол оруулаад, дараагийн алхмыг хийгээд цэвэр ялалтыг хийх боломжтой болж байгаа юм.

-Энэ төрлийн багийг удирдаж ажиллахад хамгийн тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Инженерийн чиглэлээр суралцаж байгаа залуусын нэг тулгамдсан асуудал гэвэл сургалтын материаллаг бааз байдаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмж харьцангуй өндөр үнэтэй болж байна. Тиймээс сүүлийн үеийн цахилгаан мотор хөгжиж байна. Хөгжлөө дагаад үнэ өртөг нь өндөр болсоор байна. Аравдугаар сард Робот сумогийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг. Үндэсний аварга болсон баг нь Япон улсад болдог олон улсын тэмцээний эрхээ авдаг юм. Манай клубээс энэхүү уралдаанд оролцож 130 гаруй тамирчдаас дээгүүр эрэмбэлэгдсэн Батзаяа, Шинэ-Од гэж тамирчид бий. Мөн автомат Роботуудын тэмцээнд оролцож эрх авахын төлөө монголын багууд өрсөлдөж байгаа. Уг тэмцээн дөрөвдүгээр сард болох төлөвтэй. Түрүүлбэл Бээжин хотод болох олон улсын тэмцээний эрхээ авах юм.

ШУТИС-ийн “Робокон 2018”-д түрүүлсэн хоёр робот

-Олон улсын тэмцээнүүдийн шагнал өндөр байдаг уу. Ямар ач холбогдолтой болдог вэ?

-Шагнал бол өндөр биш. Роботын багууд Монголдоо хоорондоо өрсөлдөөд, хөгжөөд болоод байгаа юм шиг боловч техник өндөр хөгжиж байгаа улс орнуудтай харьцуулахад тааруухан түвшинд байгаа. Бид муу, чадахгүй гэх сэтгэлгээнээсээ гарч өрсөлдөх боломжтой зүйл бол ОУ-ын тэмцээн. Олон улсын багуудтай өрсөлдөж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж, алдаа оноогоо мэдрэх нь чухал. Улс дотроо түрүүлчихээд цээжээ дэлдэж болохгүй. Олон тэмцээнд оролцох тусам суралцах, алдаагаа мэдрэх боломжтой гэж боддог. Хятадын, Японы, Солонгосын роботууд ямар байна, яах амар арга замаар өрсөлдөх ёстой гэх мэт туршлагуудыг суралцах нь чухал.

-Технологи өндөр хөгжсөн орнуудын хэмжээнд хүрэх боломж бий юу?

-Боломж бий. Миний хувьд Япон улсад болсон роботын тэмцээнд робот зохион бүтээж оролцсон. Тэгэхэд манай робот олон улсын жишигт хүрсэн харагдсан. Гэхдээ бидэнд олон удаагийн туршлага, тэмцээний туршилтууд хэрэгтэй байна. Монголдоо хэдхэн багууд хоорондоо тоглодог тул дадлага, туршлага, судалгаа дутмаг байдаг.

-Залуучууд ихэвчлэн бөх дуу сонирхоод, технологийн чиглэлд суралцаж өгөхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Танай сургуулийн хувьд ийм асуудал мэдрэгдэж байна уу?

-Манай механик тээврийн сургуулийн хувьд техникийн чиглэлийг сонирхож байгаа хүүхдүүдийн тоо өндөр байгаа. Харин бусад сургуулийн хувьд робот, технологийг сонирхох хүүхэд залуус бага байна гэж багш нар нь ярьдаг. Манай хоёр баг нийтдээ 10 гишүүнтэй. Нэг баг нь таван гишүүнтэй байгаа. Хамгийн бэрхшээлтэй нь тэднийг байрлуулаад туршилт хийх талбай, материаллаг байдал дутмаг байдаг. Дуу спорт, урлаг бол хүнийг нийгэмшүүлдэг учир байх ёстой зүйл гэж би боддог.

-Технологийн чиглэлээр суралцсан хүүхдүүдийн давуу тал ямар байдаг вэ. Багаас нь сургах нь илүү үр дүнтэй биз?

-Миний хувьд залуу зохион бүтээгч тэмцээний хөндлөнгийн шүүгч хийдэг байсан. Тэндээс харж байхад хүүхдүүдийг клубтээ аваад ажиллуулмаар харагддаг. Тиймээс хүүхдийг 10 жилээс нь энэ чиглэлээр сургаж, технологид сонирхолтой бол энэ төрлийн тэмцээнүүдэд оролцуулж байвал амжилт гаргах боломж илүү өндөр байдаг. Робот хийлгэж сургахаас илүү, хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой. Тэгэхгүй чи үүнийг хий, энийг бүтээ гээд хөрөө хайч өгөөд, хөрөөдүүлэх, алх өгөөд хадуулах нь нэг өөр. Тэр хүүхэд өөрөө сэтгэлгүй бол мянга хадаж, зүлгээд наагаад амжилт үзүүлэх боломж хомс. Харин эсрэгээрээ хүүхэд “Багш аа би ийм юм хиймээр байна, надад нэг дугуй өгөөч, мотор олоод өгөөч, надад туслаач” гэж сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдийн бүтээл маш сайн болдог. Мөн хүүхдүүд энэ чиглэлээр судалгаа сайн хийх зайлшгүй шаардлагатай байна. Өмнөх жил хийсэн бүтээлийг давтах биш, дараа дараагийн алхмуудыг хийх ёстой.

-Танай багт ивээн тэтгэгч бий юу?

-2011-2013 онуудад манай багийн ивээн тэтгэгч нь “Танан импекс” компани байсан. Сүүлдээ эдийн засгийн асуудалтай холбоотойгоор ивээн тэтгэхээ больсон. Одоогоор ивээн тэтгэх байгууллага олдохгүй байгаа. Сургуулиас жил бүр 2-3 сая төгрөг гаргаж өгч, энэ үйл ажиллагааг дэмжиж байна. Өмнө нь бид бүтээсэн роботуудаа хадгалаад, жил жилээр нь үзэсгэлэн гаргана гэж мөрөөдөж байсан. Гэвч тоног төхөөрөмжгүй болоод хуучин роботуудаа эвдэж, задалж дараагийн бүтээлдээ ашиглаж эхэлсэн. Энэ бол харамсалтай зүйл. Уг нь эхнийхээ бүтээлүүдийг хадгалаад, дараагийн шавь нар маань улам сайжруулаад, өөр бүтээл хийх зэрэг чухал ач холбогдолтой байсан юм.


Онцлох нийтлэлүүд