ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.09.12 03:09

Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол. Мөн хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.

Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хувиарлалтыг бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.

Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэхээс гадна түүний хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийнэ. Төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрхзүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраар дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна.

Онцлох нийтлэлүүд