ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.01 01:05

“Реал Мадрид” шигшээд шалгарлаа

Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" клуб өнгөрсөн шөнө Германы "Байерн Мюнхен"-ийг талбайд нь 4:0 харьцаатай бут ниргэж, Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр 5:0. Тэд ийнхүү 2002 оноос хойш 12 жилийн дараа финалд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод Серхио Рамос /16\', 20\'/, Криштиан Рональду /34\', 90\'/ нар дубль хийснээр өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Рональдугийн хувьд Аваргуудын лигт 16 гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болж байна.

Өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд Испанийн "Барселона"-г хоёр тоглолтын нийлбэрээр 7:0 харьцаатай буулгаж авсан "Байерн"-ийн хувьд энэ жил аваргаа хамгаалж, түүхэн амжилтын эзэд болохоор зүтгэж байсан юм. Уг нь тэдний хувьд дотоодын лигтээ түрүүлэх болзлоо хэдийнэ хангачихсан, тоглогчид сэтгэл зүй болоод бие махбодийн хувьд харьцангуй давуу байдалд байсан билээ.

Одоо "Реал Мадрид" ирэх тавдугаар сарын 24-нд Португалийн Лиссабон хотноо болох аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт "Атлетико Мадрид" болон Английн "Челси" клубын ялсантай нь тоглоно. Тус хоёр багийн хариу тоглолт өнөө шөнө Лондон хотын "Стэмфорд Бриж" цэнгэлдэхэд болох билээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 02:45 цагт эхэлнэ.

Онцлох нийтлэлүүд