Онцлох нийтлэл
2014.12.30 10:12

Реваншиcтууд

Реваншизм (франц хэлний revanchisme, revanche–хөрвүүлбэл "өшөө хонзон", "хариу үйлдэл", "өр төлөөс"), реваншист гэхлээрээ тийм үйлийг үйлдэгч – хонзогногч. Олон улсын харилцааны хичээл дээр энэ тухай заадагсан, ухаан нь Германы, Японы, Унгарын, Финийн, посткоммунист реваншизм гээд түүхэн сэдвүүд бий. Ялагдсан тал ялагдлаа үл зөвшөөрөн, дайны үр дүнг хянаж үзэхийг шаардах, тэр шаардлага нь яван явсаар дараагийн дайны шалтгаан болдог тухай сэдэв л дээ.

Харин энэ сэдвийг өнөөгийн Монголын нийгэм рүү авчирч холбож тайлбарлах адтай санаа хэн нэгэнд төрсөн байж болно. Тэгж бодож явдаг хүн бий бол би бүрэн дэмжиж үзэл бодлоо хуваалцаж байгаа маань энэ болно.

Өнөөгийн нийгмээ ажваас (нийгэм гэдэг маань хүмүүн хоорондын харилцаан дээр тулгуурлан хөгждөг тул хүмүүс гэсэн үг л дээ) тэр чигтээ реваншистуудаар дүүрсэн мэт. Нийгмийн бухимдал, зөрчил тэмцэл, атаа жөтөө, хор шар, гэмт хэргийн нэлээд нь реваншизмаас үүдэлтэй байж болох. Өш хонзон, хонзогнолын үр дагавар гэх үү дээ.

УИХ ердөө 76 суудалтай (далан зургаахан!), УИХ-аа сонгох болохоор хэдэн зуугаараа өрсөлдөнө, зарим тойрогт өрсөлдөгчдийн тоо 30-аас давна гээч, үр дүн нь тэр хэдэн зуугаас зөвхөн 76 нь төрийн дээд эрхийг атгах хувь хүртэнэ, сонгогдоогүй үлдсэн хэдэн зуу нь бүгд реваншистууд болж үлдэнэ. Хөмхийгөө зуусаар яаж ийгээд дараагийн УИХ-ын сонгууль хүргэнэ, дахиад унана, дахиад хөмхийгөө зууна, дахиад үзнэ, дахиад унана... Гэхдээ энэ хооронд мөрөөрөө байхгүй ээ, элдэв хөдөлгөөн үүсгэнэ, тэмцэл сэднэ, хэвлэлийн бага хурал гээчийг угсруулж өгнө, зурагт үзэхлээр нөгөө л таньдаг хэдэн царай. Тэд хүний үг сонсоно гэж байхгүй, засаглалын хуваарилалтыг хэзээ ч хүндэтгэхгүй. ТББ-уудын шугамаар зохиогддог хүний эрх, ардчиллын элдэв сургалт семинарыг алгасна гэж байхгүй, тэнд очоод үймүүлнэ, өөрсдийнхөө үгийг л хэлнэ, бусдыг сонсохгүй, эцэст нь хөөгдөөд гарна, хэд хоногийн дараа дараагийн семинар, урилга өгөөгүй ч шударга үгээ хэлэхээр тэд очно. Хөндөх сэдэв тэдэнд мундахгүй, улиг болтол ярьдаг хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос эхлээд 7 сарын 1-ний үйл явдал, байгаль орчин, ашигт малтмал, Оюу толгой, Таван толгой, нөхөн сэргээлт, хуйвалдааны засгийн газар, газар шороо, Үндсэн хууль... ийм нэг цикл манай нийгэмд буй болоод удаж байгаа юм байна.

УИХ-аа бид зургаан удаа сонгоход зургууланд нь биш гэхэд тавд нь, дөрөвт нь нэрээ дэвшүүлж өрсөлдөөд бараагүй хаягдсан реваншистуудыг нийгэм таньдаг болсон байх. Тэдэн дээр нэмэгдэж хүч сэлбэх дараагийн реваншист бэлэн буй. Гэртээ зурагтаар УИХ-ын чуулганы хуралдаан үзэж суугаад л гэнэт өөрийгөө таних нь тэр.УИХ-д суугаа 76-гийн ядаж ганц хоёр, эсвэл 10 нь өөрөөс нь тэнэг, ухаан дутуу, боловсрол нимгэн болохыг тэр нөхөр олоод харчихна, тэгээд л өөрийгөө сойно, өөрөө УИХ-д сууж байх ухаантан гэж ах дүүс аав ээжээрээ хэлүүлж дөнгөнө, тэгээд өөрийнхөө ижлийг хайна, ямар нэгэн иргэний хөдөлгөөн бэлэн зэхээстэй байж байна, тийшээ очоод хэвлэлийн бага хурлын арын фон болоод суугаад авах нь тэр. Өөрөө өөрийнхөө үнэн гэдэгт итгэчихээр тэднийг засч залруулах аялуулах ганц ч хүн хорвоод байхгүй.Тэднийг тогтоох албан байгууллага гэж байхгүй. Таарч тохирох ажил ч гэж олдохгүй. Реваншистуудын улс төрийн нам гэж бүр хэд хэдээрээ Дээд Шүүхэд бүртгэлтэй байж байна, дараагийнх нь бүртгүүлэх гээд оочерын толгойд бэлэн зэхээстэй.

Улс төрийг орхилоо гэхэд миний ажиллаж байсан их дээд сургуульд реваншист багш маш олон байх юм аа. 1990 оноос өмнө аз жаргал, хамаг сайн сайхан нь цэцэглэж байсан бололтой, 1990 оноос хойш гундсан, гэвч социализмын үеийн эрдмийн зэрэг цолоороо далайлгаад тэд их сургуулиудад шигдээд үлдчихсэн, их сургуулиас ямар нэгэн юм олж өөртөө унагахыг хичээнэ. Заадаг хичээл зөв буруу, хэрэгтэй хэрэггүйг ялгах тэнхээ цаад оюутнуудад нь байхгүй тул мань нөхөд их сургуулиудыг зайдагнаж өгнө, үхэх өдрөө хүртэл их сургуульд байхыг хүснэ, "гавьяат", "ардын" цол, одон нэхэх бол энүүхэнд. Хамт олноо зүгээр суулгана гэж байхгүй, тэнхим, багш нарыг талцуулна, хов хутгана, хор найруулна. Одоо ихэнхи нь брокер болоод сургууль сургууль дамжин дүн гуйж засуулах, эсвэл дүнгийг нь даруулах, эсвэл оюутан элсүүлэх, шилжүүлэх хор найруулцгаагаад явж байна. Чухам ийм реваншистуудын эсрэг л МУИС түрүүлэнреформ хийсэн байх гэж би бодоод явдаг юм.

Шинжлэх ухааны академи гэж реваншист сэхээтэн дэндүү олонтой нэг байгууллага бий. Эрдмийн цол өгсөнгүй гээд Үндэсний ШУА байгуулаад гарчихсан, академичийг баруун солгойгүй өгнө, ер нь "академич" гэх алдрыг хайрлах академи манай улсад мундахгүй олон. Реваншист тэр сэхээтнүүд бол олон улсын ба үндэсний хурал симпозиумыг үймүүлэх, илтгэгчийг гутаах доромжлох, өөрөө илүү нэгнийг урихгүй байх, алгасах, үгүйсгэх бол энүүхэнд. Өөрөө өөрийгөө л сонсоно, өөрийнхөө ярианд уярна, бусдыг яриулахгүй, таглах үг нь бэлэн зэлэн. Гадаад томилолтын мөнгө нэхэж аваад дэлхий хэсээд байх нь тэр.

Реваншистууд төрийн албанд маш олуулаа байна."Гавьяат", "ардын" цол, одон нэхэгчид төрийн албанд маш их бий, нуух юм байхгүй. Цол тэмдэг нэхэх бол энүүхэнд, аливаа томилгоо, шагнал урамшил дээр тэд байнга гонгиноостой. Дараа дараагийн хойч үеэ, үр хүүхэд ач зээ нар шиг залуусаа үзэн ядах, мөчөөрхөх, үгүйсгэх хэлбэрээр тэдний ааш аяг ил гараад ирнэ. Хуурай нойтон агсамыг тэд л тавина. Аль ч Засгийн газрын үед юм бол Гадаад харилцааны сайд хийж явсан нэгэн эрхэм "Гадаад яам шинэчлэгдээд явах ёстой байтал байхгүй шүү. Яана даа гэмээр. Би Гадаад яаманд очих дургүй, очоод хүн харахаас дургүй хүрчихэж байгаа юм чинь. Тийм болохоор ер нь холхон л байж байсан нь дээр юм болов уу гэж боддог болчихсон" гээд яриад явж байх юм. Энэ чинь реваншизм биш гэж үү?

"Урлагийн алтан үеийнхэн" хэмээн амаа цангатал ярьдаг ахмад нөхөд мөн л реваншизмын гольдрол руу тун ойртож явна. Алт, мөнгө, хүрэл гэж медаль байдаг байх, хэрэв алтан үе хэмээн түүхийг томъёолж байгаа бол мөнгөн үе, хүрэл үе гэж бас байх нээ?Одоогийн залуусын авьяас чадварт тэд тун ихээр эргэлзэх ба тэдний нэг төлөөлөгч нь зурагтаар ярьж байхыг үзэхүл, хүнд өвчин туссан үедээ хутга барьж гараад хэд хэдийг хутгалаад сийчээд, банк дээрэмдээд хаячихмаар санагдсан гээд хээвнэг ярьж байв. Энэ чинь реваншизм, бүр цаашилбал терроризм биш гэж үү?

Реваншизм нь эдийн засаг, бизнес, эмнэлэг, төрийн бус байгууллага, хүний өдөр тутмын харьцаа, интернэт, бүр хайр дурлал, амрагийн явдал дээр хүртэл илэрнэ гээч.Орчин цагт реваншистууд хорсол бухимдлаа гаргадаг, тайлдаг, таашаал авдаг нэг боломжит суваг нь интернэт юм. Интернэтээр тардаг хэвлэлийн сайтуудын сэтгэгдлийн булан гэж гэж тэр чигтээ реваншизм. Хараах ерөөх, занах зүхэхийг үзүүлж өгнө. bааbаr.mn сайтад хорслоо тайлагч реваншистуудын бичдэг коммент гэж хэдэн боть ном болохоор. Гадаад хэд хэдэн улсаас тухайлбал Герман, Испани, АНУ-аас дагнан коммент бичиж биднийг харааж зүхэж суудаг хэд хэдэн реваншист байна. Барселоноос нэг нөхөр бүр уйгагүй бичих юм. Суугаа газрынх нь хаяг-хот, гудамж, интернэтэд нэвтэрдэг сервер нь дурайж байна. Тэд Монголын бүх сайтыг ухаж онгичиж суух ба очсон тэр орондоо гуравдугаар сортын хүн тул түүндээ өсөрхөөд өсөрхлөө сайтаар гаргаж суугаа нь тэр болов уу.

Реваншистууд нийгмээр дүүpлээ гээд тэд 1990 оны өмнөх социализмдаа эргэж оръё гээд байгаа юм биш л дээ. Социализмдаа эргэж оръё гэвэл тэднээс "За" гэх ганц ч хүн гарахгүй. Бусдын сайн сайхан яваад л өсөрхөөд байгаа хэрэг!

Онцлох нийтлэлүүд