ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.11.15 03:11

Ром хотод “Марко Поло цом 2017” гольфын нөхөрсөг тэмцээн болов


Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфын талбайд энэ 11 дүгээр сарын 9-нд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулав. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфын улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфын клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцов.

“Марко Симоне” гольфын талбайд 2022 онд Америк, Европын алдарт “Райдерс Цом” (RYDERS CUP) тэмцээн зохион байгуулагдах гэж буй нь түүний ихээхэн нэр хүндтэй талбай гэдгийн илэрхийлэл юм. Италийн нийслэл Ром хотод дэлхийн 200 гаруй орны ЭСЯ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын ЭСЯ анх удаа Ромын гольфын “ДИГА” холбоотой хамтран ХШ зуунд Монголын эзэнт гүрэнд аялж, Хубилай хааны дэргэд 20 гаруй жил “ажиллаж” манай хоёр оргны түүхэн харилцааг эхлүүлж байсан Италийн алдарт аялагчийн нэрээр нэрлэсэн “Марко Поло Цом” гольфын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан нь улс орноо суугаа орондоо суртчлах, хүн хоорондын болон соёлын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан шинэлэг ажил болов. Элчин сайд Ц.Жамбалдорж “Марко Поло Цом 2017” гольфын тэмцээнд оролцогч гольфчдод зориулан ЭСЯ дээрээ хүлээн авалт зохион байгуулж, тэмцэнний шагналыг гардуулав. Тэмцээний шагналд “Marco Polo Golf Cup 2017, Mongolian Embassy & DIGA, Italy” гэсэн гоёмсог оёо, сийлбэр бүхий монголын ноолууран майк, их гарын улаан, цагаан зэс болон гуулин аяганууд бэлэглэж, бууз, хуушуур зэрэг үндэсний хоол амтлуулж, Чингис хаан архи амсуулсан нь хүлээн авалтад хүрэлцэн ирсэн 120 орчим зочдын талархлыг хүлээсэв. “Марко Поло Цом 2018” гольфын нөхөрсөг тэмцээнийг ирэх онд Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцов.

Онцлох нийтлэлүүд