ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.13 09:09

Р.Гончигдорж: Би сонин л уншдаг, хамгийн найдвартай эх сурвалж болохоор

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Улстөрчид болон улс төрийн намуудын анхаарлыг татсан гол сэдэв Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль байлаа. УИХ аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгууль явуулах тогтоолыг баталсан. Гэсэн ч үндсэн хуулийн Цэц УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн. Таны байр суурийг сонирхмоор байна?

-Танай сонины төрийн шагналт Б.Цэнддоо 2010 онд билүү “Вээрсүүд” гээд бичсэн дээ. “Вээрс” гэдэг нь таамаглалт хувилбар юм. Хүмүүс янз бүрийн вээрс ярьж байна. миний хувьд нэгдүгээрт, хууль биелүүлэх ёстой. Хуулиараа зургадугаар сарын эхний долоо хоног, аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгууль явуулна гээд заасан. Сонгууль чинь ээлжит, дахин, нөхөн гэсэн олон төрөлтэй. Өнгөрөгч зургадугаар сард нөхөн сонгууль зарлах боломжгүй, маш бага хугацаа үлдсэн байхад Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ хуулиа биелүүлж аравдугаар сард нөхөн сонгууль явуулахаар хуулиа гаргасан. яах ч аргагүй тэгэх ёстой. Сонгууль товлох, зарлах гэсэн хоёр үгнээс бүрдэж байгаа. Тэдний өдөр сонгууль явуулна гээд өдрөө товлочихож байгаа юм. Сонгууль ингээд товлогдчихсон учраас сонгуультай холбоотой үйл ажиллагаа тэдний өдрөөс эхэлнэ шүү гээд сонгуулиа зарлаад явж байгаа нарийн графикчилсан үйл ажиллагаа. Тэр утгаараа үүргээ заавал биелүүлэх ёстой. Хэнтийн тойргоос сонгогдсон гишүүн эхлээд түдгэлзэх гэсэн. дараа нь УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд явсан. Энэ хугацаануудыг харьцуулахад сонин вээрсүүд ажиглагдана. Угаасаа түдгэлзэж болохгүй зүйл дээр түдгэлзэх гэж удсан. Тэгж байтал зургадугаар сард сонгууль явах боломжгүй хугацаанд яагаад чөлөөлөгдье гэсэн юм. Сүүлд Үндсэн Хуулийн Цэц яагаад түдгэлзүүлсэн юм. Ингээд түдгэлзүүлчихээр нөхөн сонгуулийн ажил бүгд зогсчихно.

Гэтэл УИХ яагаад Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг авч хэлэлцээгүй юм бэ. Нэн даруйгаа байг гэхэд ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга олон удаа гарлаа шүү дээ. Ядаж энэ асуудлыг яагаад ээлжит бус чуулганаар хэлэлцэж нэг мөр болгон эцэслээгүй юм. Ээлжит бус чуулган эрт хуралдаад явсан бол аравдугаар сард нөхөн сонгууль явах бүрэн боломжтой байсан. Энэ мэтчилэн бодоод байвал олон вээрсүүд гарч ирнэ. Би энэ талаас нь хармааргүй байгаа юм. Цэц дээр үүссэн маргаан дээр хоёр зүйл бодож байна.

Нэгдүгээрт, иргэд маргаан үүсгэхдээ буруу хаягласан юм болов уу гэж бодож байгаа. Тэр хүмүүс сонгуульд өрсөлдье гэсэн чинь сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихсон гэж үзээд Үндсэн хуулийн Цэц рүү тогтоолоор хандсан. Хэрэв би өрсөлдөх гэж байсан бол Сонгуулийн ерөнхий хороонд буюу нэр дэвшигчийг бүртгэдэг газар хандана. Тэнд бүдэрвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Сууриараа Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийн зөрчил байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэц рүү Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг өгнө. Ээлжит сонгуулийн харилцааны үед нэг жилийн өмнө төлөвлөж болдог хугацаат сонгуулийн харилцааг зохицуулсан. Түүнээс биш нөхөн сонгуулийг зохицуулсан харилцаа алга. Хэрэв хуулиар зохицуулагдаагүй харилцаа байвал Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу хүний эрхийг хангах үүрэг чиглэлийн хүрээнд тэр хүмүүсийг бүртгэх ёстой болно.

-Яагаад?

-“Ээлжит бус сонгуулийг яах вэ гэдгийг зохицуулаагүй байна” гэж өргөдөл гаргагч нар хэлсэн байна лээ. Иргэн хуулиар зохицуулаагүй харилцаанд иргэн өөрийн эрхийг хамгаалуулаад явдаг журамтай. Тэдэнд давуу тал байж л байгаа байхгүй юу. Тиймээс өргөдөл гаргасан хүмүүс хаягаа олж өргөдлөө гаргасангүй гэх гээд байгаа юм. Тэр хүмүүс өөр ухаанаар бодоод би мунхаглаж байж магадгүй. Гэхдээ УИХын тогтоолыг биш, өөрийн нэр дэвших гэсэн улс төрийн эрх, эрх чөлөөг эдлэхийн тулд бүртгүүлэх өргөдлөө өгөөд явсан бол болох байсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц энэ тогтоолыг барьж аваад “УИХ сонгуулиа товлон зарласан байна. Таныг бүртгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг зохих газар нь тавь. Үндсэн хуулийн зөрчлийн маргаан үүсгэх боломжгүй байна. Учир нь УИХ хуулийн дагуу хуулиа биелүүлж сонгуулийг товлон зарласан байна” гэдэг байдлаар явах ёстой байсан л даа. Аливаа зүйлд логикоор хандах хандлага манайд дутуу байна. Мэдэхгүйгээсээ юм уу, сэтгэхгүйгээсээ юм уу, мэдсэн ч сэтгэсэн ч санаатайгаасаа юм уу гэдгийг мэдэхгүй. Миний хувьд аравдугаар сард нөхөн сонгууль явуулах боломж байгаа гэж бодож байна.

-Ирэх оны зургадугаар сарын тухай л хүмүүс одоо ярьж байгаагаас биш ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох боломж байгаа талаар ярих хүн алга?

-Хэнтий аймгийн сонгогчид буюу иргэд төрийн эрхийг шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох Үндсэн хуулийн эрхээ хангуулах эрхтэй л байхгүй юу. Хэнтий аймгийн хэдэн хүний эрхийн асуудал ярьж байна вэ. Энд Цэц дээр хэдэн хүний асуудал яригдаж байгаа юм. Аль нь суурь эрхийн асуудал ярьж, аль нь эрх мэдлийн тухай ярьж байна вэ. Төрийн эрх мэдэл хэнд хадгалагддаг юм. Түүнийг нь яаж хэрэгжүүлдэг вэ гэдэг Үндсэн хуулийн үндсэн том агуулга дээр бидний хамгийн том эрхийн асуудал яригдаж байна. Жинлүүр дээр энэ яригдах ёстой байхгүй юу. Сонгуулийн идэвхтэй үйл ажиллагаа үндсэндээ 25 хоног. Ээлжит бус чуулганыг нэн даруй зарла. Цаг хугацааны хайчинд орчихлоо. Үндсэн болон ээлжит сонгууль зарим нөхцөл байдалд тодорхой шалтгаануудаар хойшилдог биз дээ. Тиймээс сонгууль явуулах хоногийг 23 долоо хоногоор хойшлуулаад явуулж болно. Тэгж агуулгаар нь ойлгох ёстой. Хуулийн суурь агуулгыг биелүүлэх асуудал яригдах ёстой юм. Аравдугаар сард болох нөхөн сонгуулийг аль болох тэр хугацаанд нь ойртуулаад явуулах нь зөв. Хэн ч хууль зөрчлөө гэдэг зүйл ярихгүй. Бий болсон нөхцөл байдалд Их хурал хуулиа ингэж биелүүлэхээс өөр аргагүй.

-Үндсэн хуулийн суурь зарчмаа барьж ажиллаагүй Цэцийг яах ёстой юм бэ?

-Цэцтэй маргаан хийх сонирхол алга, надад. Мэддэг, томилдог, нэр дэвшүүлдэг газрууд нь байна шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр УИХын эс үйлдлээс болоод Үндсэн хуулийн хамгийн том агуулгын зөрчил үүсчихлээ. Нөхөн сонгууль ганц Хэнтий аймагт биш, хэд хэдэн тойрогт болох байсан бол яах вэ. Ямар нэгэн нөхцөл байдлаас болж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн үед нөхөн сонгууль болсон бол яах юм. Нөхөн сонгуулийн энэ гажуудал жишиг болчих вий гээд хүмүүс айж байна шүү дээ. Монгол төрийн дархлаа алдагдах байдалд орсон үед ийм нөхцөл байдал үүсвэл яах юм. Юмыг тэгж давуулж бодож байх учиртай. Түүнээс том зөрчил, жижиг зөрчил гэж ярьдаггүй л байхгүй юу. Жижиг зөрчил гарахад тоохгүй өнгөрвөл том зөрчил гарах нэгэн шалтгаан нь болно. Тиймээс Үндсэн хуулийг сахин хамгаалах чиг үүргээ биелүүлэх л ёстой.

-Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан бол өөрсдөө энэ шийдвэрээ хүчингүй болгох ёстой юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэцийнхэн маань өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэдэг. Би шууд утгаар нь шүүхтэй адилтгасангүй. Анх Үндсэн хуулийн маргаан гэж үзээд маргаан үүсгэсэн асуудлаасаа эхлээд эргэж харж болох л байхгүй юу. Өргөдөл, мэдээлэл гаргасан иргэд ч гэсэн анхнаасаа буруу мэдээлэл гаргасан. Тэр буруу мэдээллийг нь Үндсэн хуулийн Цэц уухайлан шүүрч аваад буруу замаар шийдчихсэн.

-Ирэх оны зургадугаар сард ч гэсэн нөхөн сонгууль явуулах хүсэл эрх баригчдад байхгүй юм биш үү?

-Нэг л хүний асуудал яригдаж байгаа. 65, 64 байх нь дийлэнх олонхын статусыг ерөөсөө өөрчлөхгүй. МАН-ын хүчний тэнцвэр болон түүнтэй холбогдох бэрхшээл үүсэхгүй шүү дээ.

-Гэхдээ нам дотроо хоёр хуваагдсан болохоор ганц суудал ч гэсэн фракцуудад чухал байгаа юм биш үү?

-Нам доторх фракц ганц суудал дээр ингэж байгаа бол үүнээс ноцтой асуудал бий. Цаашид бий болно, байх болно. Жижигхэн зүйл дээрээ бүдэрч унаад байх юм. Тэдний дийлэнх олонх байх суудлын харьцаа, засгийн эрхийг барьж байгаа хүчин зүйл нь нэг хүний суудлаар баланслагдаж байгаа юм бол нэг хүний баланс гэдэг чинь жижиг зүйл гэдгийг л хэлье. Нэг хүний балансаа нөхөөд өөрөө гарч ирнэ гэж байгаа бол хэтэрхий бардамнал. Өөр намаас гарч ирэхийг хэн үгүйсгээд байгаа юм.

Асуудлын гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэн. Үндсэн хуулиараа бид төрийн эрх барьж байгаа. Улс төрийн эрх бидэнд хадгалагдаж байгаа шүү. Энэ эрх мэдлээ УИХд төлөөлөгчөө сонгож хэрэгжүүлдэг юм аа. Бидний тэр эрх хаана байна вэ гэдэг нь хамгийн том асуудал. Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гээд Үндсэн хуулиа зөрчөөд хүчээр очдог юм аа гэхэд 2020 он болтол нөхөн сонгууль явуулахгүй байх гэдэг эргэлзээ бий болж болно. Өмнөх Сонгуулийн тухай хуулинд ээлжит сонгууль явуулахаас зургаан сарын өмнө нөхөн сонгууль явуулахгүй гэдэг заалттай байсан. Харин одоогийн Сонгуулийн тухай хуулинд энэ заалт нь алга. Хуучин энэ заалтыг УИХ намрын чуулганаараа өөрчлөлт оруулаад оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Ардын нам үнэхээр нөхөн сонгууль явуулахгүй гэж шударгыг огоорон тэмүүлж байгаа бол энэ заалтыг нэмэхэд тэдэнд тийм ч хэцүү биш.

-17 мянган иргэн хохирчих гээд Үндсэн хуулийн Цэц нь гэдийчихээд, эрх баригч намын бүлэг нь хоёр хуваагдчихаад энэ улсынхаа эрх ашгийг бодож байна уу?

-Намрын чуулганы гол асуудал төсөв батлах. Төсөв батлахад 42 дугаар тойрогт багтдаг бүх сумдын асуудал яригдах учиртай. Төсөвт асуудлыг нь суулгаж, төрийн эрх барих эрх мэдлийг нь дамжуулж өгдөг. Тиймээс Хэнтий аймгийн нөхөн сонгууль аравдугаар сардаа багтаж заавал явах ёстой. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг шиг Үндсэн хууль бүх хуулийн дээр байдаг. Үндсэн хуулин дээрээ суудаг хүн байдаггүй байлгүй дээ. Үндсэн хуулиа сандайлж суусан бол өөр л дөө. Үндсэн хуулиа сахья гэж байгаа бол Үндсэн хууль чинь бүгдийн магнайд байдаг зүйл.

-Сүүлийн үед МАН-ынхан 60 тэрбумын асуудлыг дотроосоо сөхөөд ярьж шуугих юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ. Өмнө нь албан тушаалын наймаа ил, далд байсан л гэх юм. Та мэдэж байгаа байлгүй?

-Улс төрийн маргаан нь тэндээ л байдаг юм байгаа биз. Эрх зүй талаас нь бодож үзье. Би сошиалд ордоггүй хүн. Сонин уншдаг. Сонин бариад уншиж байхад цаанаа л нэг таатай байдаг. Бичсэн зүйлийг нь арилгаж болох биш хамгийн найдвартай эх сурвалж. Тиймээс танай сонин дээрээс өмнөх прокурорын дүгнэлтүүдийг харсан. 60 тэрбумыг хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ гэж байгаа юм. Өөр нэг прокурор мөн иймэрхүү утгатай зүйл ярьсан байсан. Албан тушаалд мөнгө авч томилсон байдал илэрсэнгүй гээд өмнө нь нэг хаасан байх аа. Одоо дахин сэргээж байна. 60 тэрбумаар албан тушаалыг үнэлэх яриа болсон гэдгийг хуулийнхан нотолсон. Энэ хэрэг биш юм уу. Үндсэн хуулинд “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж байдаг. Ингэж наймаалцъя гэдэг зүйл ярьсан нь тогтоогджээ дээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа биз. Завдах гэдэг ойлголт бий. Бүгд үүнийг мэднэ. Завдсан уу завдсан. Түүнээс хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдэг асуудал биш. Тиймээс энэ хамгийн ноцтой хэрэг. Төрийн эрх мэдлийг өөрсдийн дураар мөнгөөр хэрэгжүүлэхийг завдсан.

-Өмнө нь албан тушаалын ийм зүйл байсан юм биш үү. Баримтаар ил болсон нь л энэ байх?

-Миний одоогийн хамгийн том эмзэглэл барьцах эмзэглэл. Барьцах гэдгээр муу юмыг далдлах гэсэн оролдлого түгээмэл болсон. “Тэр хүн муу юм хийдэг ш дээ” гэдэг. Түүнтэй барьцаад байвал улам л муу юм хийнэ. Хүнээ болино биз дээ. “Хүүхдэд битгий муу юм заагаад бай. Сайн зүйлийг нь сур” гэдэг байх аа. Энэ чинь гэр бүлээс эхлээд улс төрийн том соёл, ухамсар, зөв хандлага юм шүү. Гэтэл энэ том 60 тэрбумын асуудал дээр ч гэсэн яригдаж л байгаа байхгүй юу. Ийм барьцах сэтгэлээр өөрийгөө зөвтгөөд байвал жирийн иргэд хүртэл “Тэр тэгээд болдог юм билээ” гээд барьцаад яах вэ. Монголын нийгмийн төлөв байдлын асуудлыг судлах ёстой болчихоод байна шүү. Нийгмийн төлөв байдал, буруу зүйл юунаас өдөөгдөөд байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хууль ч гэсэн нийгмийн төлөв байдлын судалгаан дээр хийгдэх ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр хууль хийвэл хууль хэрэгжихгүй. Хууль зорьсон зорилгодоо хүрэхгүй болоод ирэхээр үнэ цэнэ нь алдагдаад эхэлдэг.

-Та намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ. АН фракцгүй боллоо. Бүх гишүүдээсээ намын даргаа сонголоо л гээд байгаа шүү дээ?

-Би намын жирийн гишүүн, ажиглагчийн түвшинд л байна. Фракцгүй нам боллоо гээд ярьж байгаа нь надад гутранги байдлаар ажиглагддаг.

-Ямар учраас тэр вэ?

-Шооч байдлаар нэг нөхөртөө би “Фракцгүй нам байх амархан шүү дээ. Бусад фракцаа алга болгочиход фракцгүй нам болчихож байгаа биз дээ” гэсэн чинь үгүй мөн их инээж байгаа юм. Үүгээр би намаа шүүмжилж байгаа юм биш. Фракц буюу олон санаа, олон байр суурь зэрэгцэн оршиж, харилцан төлөөллүүддээ байлгаж гэмээнэ нам оршино. Олон тулгууртай байшин, ганц тулгууртай байшин хоёрын ялгаа их дээ. Ганц тулгууртай байшинг ган тулгууртай лут юмаар хийхгүй бол нэг л тийм байна. Мөн үү. Ганцхан тулгуурандаа захирагдсан байснаас олон тулгуур дээрээ сүндэрлээд явах нь илүү даацтай, ганхаж, нурахгүй. Яахав ганц тулгууртай байшин ганхаж, нурахгүй байж магадгүй. Гэхдээ ганц тулгууртай барилга, олон тулгууртай барилгын хооронд ялгаа бий. Ядаж л харахад архитектор нь өөр. Өргөсгөж тэлье, орон зайн багтаамжаа нэмэхээс эхлээд боломжийнхоо хувьд ч гэсэн ялгаатай. Улс төрийн нам орон зайгаа тэлж байх нь хамгийн чухал.

Эрх мэдлийн өндөрлөг рүү очъё гээд дээш нь шовойлгохын оронд сууриа тэлээд өргөн хүрээг хамрах ёстой. Ардчилсан нам 1990 онд эхлүүлсэн үйлсийнхээ “хариуцагч” учраас өөрийн суурь, үүссэн зарчим, үнэт зүйлээсээ салахгүй байх. Түр зуур янз бүрийн үйл ажиллагаа ажиглагдаж болно. Гэхдээ л...

-Ардчилсан нам нэгэн цаг үед намынхаа нүүр царай болсон хүмүүсийг намаасаа хөөж байна. Тухайлбал, С.Баярцогт байх жишээтэй. Түүнийг намаа муухай харагдуулсан, 2016 оны сонгуульд ялагдалд хүргэсэн гээд баалдаг. Ингэж намаасаа хэн нэгнийг хөөснөөрөө нам цэвэршиж, эрүүлжиж байна гэдэг...

-С.Баярцогтыг хөөлөө гээд нам цэвэршихгүй. АН хэдэн мянган гишүүнтэй билээ дээ. С.Баярцогтоос болоод нам муухай харагдлаа гэвэл бас л худлаа. Ганцхан хүнээс болоод муухай харагддаг нам гэж байвал мөн ч өчүүхэн ээ дээ. Мөн биз. Нөгөө талаас нь үйл явцыг хараад байхад гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг бидний ардчиллын том зарчим бий. Улс төрийн намд эргэлзэх эрх бий. Улс төрийн өнгө аяс орчихсон юм биш биз дээ. Манай намаас өндөр албан тушаал хашиж байсных нь хувьд янз бүрийн гүтгэлэг явуулж байгаа юм биш биз. Хэрэв тийм бол улс төрийн нам гишүүнийхээ эрхийг хамгаална шүү гэх мэт олон сувгаар бодож байж явдаг байхгүй юу.

Сүүлийн үед хөгшин, залуу гээд ялгах юм. Энэ хамгийн утгагүй зүйл. Ямар ч ургамал үндэснээс ургаж цэцэглэдэг. Тэр үндсэн дээр цэцэг ургаж жимслээд унасан ч дараа жил нь дахиад ургадаг. Юм болгон залгамж халаатай. Залгамж халааг нь тасдуулах гэсэн хамгийн муухай сэтгэл бол залуу, хөгшнөөр нь хооронд нь нүдэлцүүлэх явдал. Аливаа зүйл үгүйсгэл дээр биш, үргэлжлэл дээр явдаг. Залуучууд ахмад үеэ үгүйсгэж биш үргэлжлэл нь болж гарч ирдэг. Тэгэнгүүт ахмадууд нь “Энэ миний үргэлжлэл” гэж ханддаг юм. Эцэг, эх, үр хүүхэд шиг. Эрийн цээнд хүрлээ гээд аав, ээжээ хаяад явдаг юм уу.

Төр ч гэсэн адилхан. Өмнөх нь буруу хийж байсан. Би ч гэсэн буруу хийнэ гээд барьцаж болдог юм уу. Бурууг нь засч, зөвийг нь үргэлжлүүлнэ. Энэ чинь хүмүүжил болж бууж ирээд байна.


Онцлох нийтлэлүүд