ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.19 01:01

​Р.Отгонбаяр: Арын албанд 10 жил ажиллаад анхны гол дүрээ авсан


“37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан “Фантастик” продакшны залуу уран бүтээлч, жүжигчин Р.Отгонбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сайн байна уу. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа манай уншигчидтай хуувалцхагүй юу. Ойрд ямаруран бүтээл дээр ажиллаж байна?

Ойрын үед гэвэл амралтын байдалтай л байна. Тогтсон хийж байгаа зүйл алга.

-За тэгвэл кинонд хэрхэн тоглосон талаар ярилцъя. Та СИТИ их сургуулийг хэдэн онд төгссөн билээ?

Би 2017онд Цагааны Цэгмидийн Төмөрхуяг багшийн удирдлаган доор СИТИ их сургуулийг төгсөж байлаа. Жүжигчин мэргэжилтэй. “37-р точка” кинонд багштайгаа аав, хүү болж тоглосноороо бахархаж ярих их дуртай.

Image may contain: 2 people, text

-“37-р точка”-гийн Тулгат таны бүтээсэн анхны гол дүр гэсэн. Мөн багштайгаа хамт ажиллахад ямар байсан бэ?

Анхны гол дүр дээрээ ажиллаж байдаг, дээрээс нь багштайгаа хамт тоглох жаахан эвгүй л байсан. Сандрал маш их. Багшаасаа зөвлөгөө авах гэхээр багш “би чамд заадгаа заасан өөрийнхөөрөө л хий” гээд хэлж өгдөггүй тэр нь их хэцүү байсан. Бид хоёрын сцена гэхдээ бас нэг их байдаггүй хоёр сцена дээр л хамт явсан. Нэг нь хоол идэж байхад нөгөөх нь үүдэнд гээд. Миний ажилласан Тулгатын дүр болохоор их саагуу, хэгжүүн, хөөрүү том толгойтой гэх юм уу тийм залуу. Аав ээжээсээ айж эмээх зүйл байдаггүй.

-Тулгатын дүр таны хувь хүнээс их өөр юм шиг санагдсан?

Тийм шүү. Надаас тэс өөр. Би ер нь их тайван, дөлгөөн хүн. Тулгат болохоор саагуу зүрхний өвчтэй, болж өгвөл л хүнтэй муудалцаж зодоон цохион хийчих гээд байдаг ер нь надаас тэс өөр хүн л дээ.

-Зураг авалтын үеэр хэр их загнуулсан бэ?

Нэлээн их загнуулсан. Ер нь би Тамираа ахаас их айдаг. Тамираа ах бол бүхнийг хоосноос эхэлсэн хөдөлмөрч хүн бас үнэхээр мундаг найруулагч. Айдаг гэдэг ньхүндэлдэг гэдгээр нь ойлговол зөв. Тэр хүнийг хайрлаж хүндлэхийн хэрээр эмээдэг болчихдог. Түүнээс биш цохиж нүдээд, загнаж зандраад байдаг болохоор айдаг гэсэн үг биш.

-Анх зохиолоо уншхаасаа өмнө дүрээ мэдэж байсан уу эсвэл зохиолоо уншсаныхаа дараа Тулгатын дүрд тоглоно гэдгээ мэдсэн үү?

Тамираа ах надад хэлж байсан. Тулгат гэдэг дүр дээр чи ажиллана шүү гээд тэгээд зохиолоо уншсаны дараа өөрөөсөө тэс ондоо хүний дүр бүтээх гэж байгаагаа мэдсэн л дээ. Бас надад турах даалгавар өгсөн. Тэр үед би 78 кг жинтэй байсан. Харин кинонд тоглох үедээ 68 кг буюу 10 кг хасч тоглосон.

-Анх кинонд тоглоно гэдгийг мэдээд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

Хамгийн анх эхнэртээ хэлж байсан л даа. “За хайр аа, ийм хэсэг байгаа эвгүй санагдахгүй байгаа” гээд шууд хэлсэн. Эхнэр маань бас урлагийн хүн. Эхэндээ дургүйцэж байсан ч адилхан урлагийн хүмүүс учир мэргэжлийн онцлогийг минь ойлгож зөвшөөрсөн.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

Манай эхнэр 2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажилладаг. Охин маань одоо хоёр ой гарантай. Эхнэр маань үргэлж намайг ойлгож дэмждэгт үнэхээр их баярладаг.

Image may contain: 2 people, people standing and shoes

-Дүр болгон өөрийн гэсэн зан араншин, сэтгэл зүйтэй байдаг. Тулгатын дүрийн юуг хамгийн их онцолж гаргахыг хүссэн бэ?

Тэр бол сагсуу, зүрхний өвчтэй, хэнээс ч айхгүй хэний ч дор орохгүй яг л өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцээд түүнийхээ төлөө тууштай явж байгаа залуу. Үүнийг нь л онцлог юм болов уу гэж бодсон. Гэхдээ би их хичээсэн боловч хүссэн хэмжээндээ хүртэл тоглож чадаагүй. Бага зэрэг туршлагагүйтсэн тал байгаа. Камерын ард бусдын жүжиглэхийг харахад амархан санагддаг ч өөрөө камерын өмнө гарахаар шал өөр, хамаагүй хэцүү юм байна лээ. Жаахан шар хөдөлж, уур хүрсэн гэхдээ нэгэнт л дүрд сонгогдсон учраас дүрдээ хариуцлагатай хандах хэрэгтэй гээд зүтгэсэн.

-Кинонд тоглох үед шантрах үе байсан уу?

Кино багийнхантайгаа даарах үедээ даарч, өлсөх үедээ өлсөж хамт байсан учраас шантрах тухай бодогдоогүй. Харин хамгийн хэцүү хэсэг бол Баяраа ах бид хоёрын боксын зураг авалт байсан. Найруулагч болохоор жинхэнээсээ цохь гээд байдаг. Би болохоор хүндэлдэг хүнээ цохино гэхээр яагаад ч юм гар хөдөлж өгөхгүй. Жүжиглэнэ гэдэг бол дүрдээ бүрэн автах хэрэгтэй гэдгийг тэгэхэд л бүр илүү ойлгосон. Жүжиглэж байгаа үед би байхгүй, Тулгат л гэж байгаа.

Image may contain: 1 person

-Таны дүрийг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

Хүмүүст саагуу баян айлын тэнэг бацаан гэж их дуудуулсан. Зурагнуудын доор тэнэг бацаан, саагуу гэх мэт сэтгэгдэл их бичдэг байсан. Харин Тулгат өнгөрсний дараа арай эрт явчлаа, Тулгат байсан бол гээд буцаад эерэг болж эхэлсэн.

-Тулгат байхгүй болсноос хойш л хамаг үйл явдал эхлэж байгаа?

Гол зангилааг Тулгат тайлж өгөөд л өнгөрчихөж байгаа юм. Тэгээд цаашаа кино үйл явдал их хурц өрнөлтэй болж эхэлсэн дээ.

-Кинонд тоглосноос хойш танд уран бүтээлийн санал их ирж байна уу?

Яг тийм кино уран бүтээл гэсэн юм байхгүй рекламны саналууд л ирж байгаа.

-Анх “Фантастик” продакшнд яаж орж байсан бэ?

Би хамгийн анх 2009 онд “Хэцүү анги” гэдэг кинонд тоглож байсан. Тэр үед Баяраа ах, Можух ах хоёртой танилцаад тэрнээс хойш Фантастик продакшны арын албанд 10 жил ажиллаад Тулгат гэдэг дүрийг олж авсан.

-“Фантастик” продакшнтай хамтарч ажиллахад ямар байдаг вэ?

Насаар ч тэр, уран бүтээлийн туршлагаар ч тэр надаас дандаа ах хүмүүс. Хамтарч ажиллахад хэцүү биш, маш сонирхолтой. Анх байгуулагдсанаас нь хойш үргэлж хамт байсан болохоор ах нар ямархуу зан ааштай, уурлахаараа ямар байдаг гээд бүгдийг хараад л мэддэг болчихсон. Тиймээс хүнд санагдаж байгаагүй. “Фантастик” продакшны хамгийн анхны киноноос эхлээд “Арван найман нас би чамд хайртай”, ”Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” гээд бүх цаг үед хамтдаа байсан минь их сайхан нандин дурсамжууд.

Image may contain: 1 person, standing, close-up and outdoor

-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр гэж байдаг гэдэг. Таны хувьд?

Би уянгын романстай кинонд тоглохыг их хүсдэг. Шаналсан, дурласан, хаягдсан, эморсон тийм дүрд тоглохыг хүсдэг.

-Залуу уран бүтээлчийн хувьд нийгэмдээ ямар хувь нэмэр оруулахыг хүсч явдаг вэ?

Би залуучуудыгаа соёлтой болоосой л гэж их хүсдэг дээ. Ямар ч зүйл дээр соёлтой, ухаантай, тэвчээртэй буурь суурьтай байхад л болчих юм шиг санагддаг. Залуучуудыг харж байхад энэ тэнд саагсан, онгироо, дураараа зан гаргаж явдаг. Тэрийгээ л засчихвал болох байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсэе.

Танай хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсэе.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд