ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.10.03 11:10

​Р.Энхбат: Эрх чөлөө мэдлэг, хөгжил дээр л цэцэглэдэг. Үгээгүй ядуус эрх чөлөөгөөр яах юм

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-“Адмон” групп Монголд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн. Сая та Герман руу явж “Гёте” медалийн эзэн болоод ирлээ. Монголоос анх удаа Р.Энхбат гэж хүнийг, “Адмон”-ыг дэлхий хараад, үнэлээд эхэллээ гэсэн бодол төрсөн...?

-Би чинь шагнал авч үзээгүй хүн. Шагнал авахаар ямар мэдрэмж төрдөг тухай төсөөлөлгүй нөхөр гэнэтхэн л тийм мэдээ дуулсан. Хагас жилийн өмнө мэдэгддэг юм билээ. Гётегийн төрсөн өдрөөр гардуулдаг юм байна. Тэгээд л сая Герман яваад ирлээ. Герман тийм олон шагналтай улс биш. Хэдхэн шагналаа иргэд нь сайн мэддэг. Өөрийнхөө төлөө зүтгээд явж байтал Германы төр үнэлэхээр хэн ч гайхна л даа. Анх шагнал авах болсон тухайгаа сонсоод гайхсан. Би Германы төлөө яваагүй. Германы төлөө явъя гэсэн зорилго тавиагүй. Германаас яаж юм авах вэ гэж л бодож явсан хүн. Зүүдлээ ч үгүй юм боллоо. Амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгээд явж байтал ямар ч хамаагүй хүн шагнахаар гайхах мэдрэмж давамгайлдаг юм билээ. “Яагаад шагнаж байгаа юм бол” гэж бодсон шүү. Ер нь маш хүмүүнлэг шагнал юм болов уу гэж харсан.

-Тантай хамт өөр улсын хүмүүс “Гёте” медаль авсан уу?

-Хоёр хүн авсан. Нэг нь Туркээс дүрвэсэн зохиолч. Төр засагтайгаа таарамжгүй, үзэл бодол тохироогүй учраас эх орноосоо гарсан уран бүтээлч. Нөгөөх нь бас уран бүтээлч бүсгүй. Америкт амьдардаг. Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг юм билээ.

-Хүний эрхийн төлөө тэмцдэг уран бүтээлчид байжээ дээ?

-Хоёулаа л тэр талдаа хүмүүс байсан. Тэгэхээр намайг яамтайгаа тэмцдэг гээд энэ шагналыг өгсөн юм болов (инээв). Одоо эргээд анзаарах нь ээ чин үнэнээр явдаг байдлыг харгалздаг юм болов уу гэсэн бодол төрөөд байгаа.

-Шагнал авахаар тэгээд ямар мэдрэмж төрж байх юм?

-Би өмнө нь хэзээ ч тийм хүндлэл мэдэрч байгаагүй. Эхнэртэй минь хамт урьсан. Энхбат гэж хувь хүн биш, Монголоо төлөөлж очиж байгаа гээд бодохоор сайхан мэдрэмж. Бас хичээхээс аргагүй гэсэн бодол төрдөг юм билээ. Бэлдэж, хичээж байгаад очсон. Бүх арга хэмжээ өндөр түвшинд, хайрласан хүндэлсэн бахархсан уур амьсгалд өрнөдөг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гайхмаар нь надаас илүү баярлах юм. Ямар гоё хандлага вэ. Жинхэнэ кайф гэдэг л тэр байх. Монголдоо ирсэн хойно хүмүүс хэдэн төгрөгийн шагнал авсан гэж асууж байна. Мөнгө дагалддаггүй, мөнгөнөөс үнэ цэнэтэй хүндэтгэл дагадаг сайхан шагнал байсан. Хичнээн ч хэвлэл мэдээлэлд уригдаж ярилцлага өгсөн юм бүү мэд. Ичмээр, хэвлэлийн од болж дууссан.

-Соён гэгээрүүлэх ажилд онцгой үүрэгтэй ажиллаж яваа гэж танд ийм урам өгсөн байх аа. Одоо ярилцлагаа ном гэсэн том сэдэв рүү хандуулъя. Хэвлэлийн газрууд номыг янз бүрээр нь хэвлэж байна. Залуус, тэр дундаа өсвөр насныхан номоо зөв сонгож, номноос авахаа авч чадаж байна уу?

-Ер нь насанд хүрэх асуудал маш чухал болчихож. Насанд хүрэх гэдгийг би зөвхөн биологийн утгаар нь хэлээгүй. Эдийн засаг, оюун ухааны хувьд насанд хүрэх гэсэн том өнцөг бий. Гэтэл оюун санаа, нийгэмшлийн хувьд тавь хүрчихсэн хэрнээ хүүхдээрээ яваа улс олон байна. Нэг гашуун үг байдаг даа, жар хүрч ухаан ороод 61-тэйдээ орчлонгоос буцна гэж. Өөрийн бодолгүйгээр амьдралыг туулж, тэгж оршсоныхоо зовлон, гашууныг амсч, насан эцэслэтлээ горыг нь мэдэрч явсаар сүүлд нэг ухаарч, ухаараад цааш амьдрах гэтэл урагшлах насгүй болохоос илүү том эмгэнэл ертөнцөд байхгүй. Тэгэхээр нийгмээрээ насанд хүрэх гэдэг асуудлыг хөндөж ярихаас аргагүй. Орчлон дээр хэн ч ганцаараа амьдардаггүй. Биенээсээ хамааралтай, салгах аргагүй холбоо харилцаан дунд аж төрдөг. Энэ бүхнийг ухаарч ойлгохоос эхлээд олон асуудал байгаа. Насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол ном. Бидний хувьд насанд хүрэхэд нь тус дэм, шат гишгүүр болох номнууд орчуулж хэвлэхийн төлөө ажилладаг. Энэ чиглэлээр олон ном гаргаж байгаа. Жишээ нь, “Лолита”-г шинэ найруулгаар гаргах гэж байна.

-Танайхаас орчуулж хэвлэсэн япон зохиолчийн эмх цэгцийн тухай ном гарсан даруйдаа дуусч дахиж хэвлэгдсэн санагдаж байна. Та бид хоёрын яриад суугаа насанд хүрэхэд маш чухлаар нөлөөлөх агуулгатай ном. Ийм агуулгатай ном эрэлттэй байна гэхээр насанд хүрэх хүсэл нийгэмд төрөөд эхэлчихжээ...?

-Өөдрөгөөр харвал ийм хандлага анзаарагдаж байгаа нь үнэн л дээ. Өөрийгөө дажгүй аваад явахын тулд эмх цэгц хэрэгтэй. Гэр орны эмх цэгцээс гадна толгой тархины эмх цэгц хүртэл чухал болоод байгаа. Хэрэгтэй хэрэггүй юмсаар тархиа дүүргэчихсэн орчин цагийнхны хувьд анхаарч харахаас аргагүй өнцөг. Та түрүүн өсвөр насныхныг онцгойлж асуусан. Тэдний насныханд хайр дурлал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн асуудал чухал байдаг. Тэр чигийн утгыг ухуулсан номнуудыг хэвлэхийн төлөө яваа. Хамгийн гол нь бие даах гэж юу болох, өөрийн гэсэн бодол гэж юуг хэлдэг вэ гэх мэтчилэнгийн амьдралд өөрөө өөрийгөө аваад явах чадварыг өгөх номнууд хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийг амьдралд сургахгүй байна.

-Амьдралд сургахгүй тэгээд юунд сургаж байна гэж?

-Амьдралд сургахаас илүү байгалийн ухаанд сургаж байна. Тоо, физик, химийн хичээлийг чухалчилж байна. Хэл уран зохиол, урлаг, хөдөлмөр, нийгмийн ухаан, түүхийн хичээл үнэлэгдэхгүй байна. Гэтэл яг үнэндээ хамгийн чухал нь эд шүү дээ. Нийгмээ ойлгох хэрэгтэй. Хүний амьдралд нийгмийн ухаан л илүү чухал. Байгалийн ухааны хувьд гээд яривал бүх юм нь шийдэгдсэн, өөрийн мэдэлтэй мэдэлгүй хийгдчихдэг зүйлс. Товчхондоо нийгмийн ухааны ойлголтууд манайд огт цэгцрээгүй. Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүн байна шүү дээ. Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс гэдэг ойлголтуудыг уншиж ухаарч авахаар ном бичиг ерөнхий боловсролын сурагчдад алга. Ганц үгээр хэлбэл бидэнд системтэй мэдлэг үгүйлэгдэж байна. Боловсролын салбарт энэ мэт хувьсгалт маягийн өөрчлөлтүүд хэрэгтэй.

-Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүнтэй болсон гол шалтгаан нь юу юм бол. Бид яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Бидэнд нэг асуудал байна. Тэр нь олон зуун жил явж ирсэн нүүдлийн амьдралын хэв маяг. Хот сууринд шилжиж, амьдралын хэв маягаа солиод бараг зуун жил ч болоогүй. Огт өөр хэв маяг бүхий амьдралууд шүү дээ. Нэг нь байгалийн эрхшээлээр, нөгөө нь засгийн газрын эрхшээлээр амьдардаг хэв маяг. Өнөөдөр огт өөр амьдрал бий болчихсон. Улс орон гэдэг систем бүрдсэн. Өмнө нь бидэнд тийм систем байгаагүй. Боловсрол, эрүүл мэндийн систем гэж байсангүй. Одоо бол бүгд биенээсээ хамаарсан систем дотор аж төрж яваа. Жишээ нь, нүүдэлчин ахуйд аж төрж явсан шигээ хүн бүр амиа бодвол бидний оршиж байгаа систем хөгжихгүй. Товчхондоо хамтаар амьдрах соёл, дадалд суралцахаас өөр арга бидэнд байхгүй.

-Таны ярианаас ийм соёл, дадал, хандлагад хөтлөх сурах бичгүүд алга гэж ойлголоо?

-Харамсалтай нь байхгүй. Манай хэвлэлийн газрын хувьд тэгж ажиллахыг хүсдэг. Төр засаг бодлогын хэмжээнд анхаармаар санагддаг, энэ асуудалд. Гэвч бодлогоор тэгж залж байгаа юм алга. Хэвлэлийн газрууд өөр, өөрийнхөөрөө л явж байна.

-Нүүдлийн ахуйн дадлаасаа өнөө аж төрж буй соёлтойгоо илүү ихээр ойртохын тулд юуг анхаарах ёстой гэж та харж байна вэ?

-Хүмүүжил, ёс суртахууны тухайд гээд харахаар хуучин уламжлалт ёс жаягаа дагая гэсэн хандлага маш их байна л даа. Хүүхдийн хүмүүжил дээр гэхэд л хуучнаа дагадаг. Хуучны ёс заншлын тухайд гэхэд л монголчууд захиргаадах, ахмадын үгийг сонсох, хамгийн туршлагатай хүний үгийг дээдлэх гээд насны эрэмбээр эрэмбэлэгдсэн эрхэмлэх зүйлтэй байсан. Нүүдэлчин амьдрал бол амьдралын туршлага дээр баазалдаг. Тэр ахуйгаар бол 81-тэй хөгшин хамгийн их туршлагатай хүн. Гэтэл өнөөдөр амьдрал туршлага дээр биш мэдлэг дээр суурилах болсон. Малын тухай мундаг малчнаас илүү мэдлэгтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүний мэдлэгийг яаж үнэлэх вэ? Хуучин нийгмийн уламжлалыг дагая гэвэл мэдлэг хамаагүй, туршлага дагасан амьдрал илүү гэнэ. Гэтэл өнөөдөр бүх зүйл мэдлэг дээр суурилж байна. Нэг настай хүүхдийн онцлогийг мэдчихсэн байхад тэр хүүхдийг онцлогт нь тохирсон аргаар хүмүүжүүлэх асуудал биш. Өнөөгийн хүмүүжлийн гол зорилго, чиг ерөөсөө энэ. Гэтэл өнөөдөр бид ямар ахмадуудтай болсон билээ? Хэцүү ахмадууд олон байна. Үгэнд нь орвол нохойн замаар орохоор тийм жудаггүй хөгшчүүл олширсон.

-Үлгэр дуурайл авахад хэцүү ааш аяг, хандлагатай хөгшид олширсон гэдэг ч үнэн шүү. Гэхдээ хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг ухвал өөр байх л даа?

-Уламжлалаар хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ярья, судалъя гээд эрэл хайгуул хийсэн. Би лав эрээд олоогүй. Тэр ухааныг мэддэг ярьж чадах хүн олдохгүй юм билээ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ уламжлалт энэ тэр гээд яриад байдаг нь гайхмаар шүү. Нэг талаасаа асуудал ийм болчихсон. Нөгөө талаас нь харвал нийгмийн олон асуудал хөндөгдөж байна. Сэтгэл зовоосон олон асуудал гарч байгаа. Бүх асуудлын учгийг хөөгөөд явахаар эцэстээ боловсролын асуудал болж хувираад байна л даа. Боловсролоос болж байна гэсэн хэрнээ боловсролоо сайжруулах тухай юу ч ярьдаггүй. Боловсрол ярихын тулд хүүхдүүд юу унших вэ гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй. Насанд хүрэхийн тулд, өнөөгийн хүн болохын тулд яах ёстойг ярих учиртай. Хүн бүр өөрийнхөөрөө яваад байна л даа. Зүй нь улс оронд “Иргэн бүрээ ийм хэмжээнд хүргэнэ” гэсэн алсын хараа, бодлого байх ёстой. Тэгж байж хөгжил ярина. Хүн бүр өөр өөрийнхөөрөө явж байгаа дүр зургийг эрх чөлөө гэж ярьдаг. Эрх чөлөө эцсийн дүндээ хөгжил дээр л суурилдаг. Ядуу хүмүүсийн эрх чөлөө гэж юу байх вэ дээ. Мэдлэг, хөгжил, цэцэглэлтэн дээрх эрх чөлөө л учир утгатай болохоос үгээгүй ядуу хүн эрх чөлөөгөөр яах юм. Паспорт байгаад гадаад явлаа гээд хэлгүй, боловсролгүй, хар ажил хийгээд амь зуух нь эрх чөлөө биш.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг сөхөөд харахаар бидний багад үзэж байсан зүйр цэцэн үг, үлгэр, өгүүллэг тэр чигээрээ бичээтэй харагддаг. Дэлхий тэс өөр болоод байхад бид ингээд сууж болох уу?

-Бид 1-5 дугаар ангийн ёс суртахууны (хуучнаар иргэний боловсрол) сурах бичгийг сар хагасын дотор хийж дуусга гэсэн үүрэг авлаа. Ёс суртахууны асуудал гэдэг бол ерөөсөө л янз бүрийн хүмүүс хоорондын харилцаа, хүний мөн чанар, зөв буруугийн тухай л асуудал. Тэр чигийн унших материал төдийлөн байдаггүй юм байна. Яг таны хэлсэнчлэн уламжлал ёс заншил гэдэг хүмүүс хэдэн зуун жилийн өмнө ном сударт бичсэн янз бүрийн зүйр цэцэн үгс, сургаал гэх мэтийг л ашигладаг юм байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд, хэдэн зуун жилийн өмнө зохиосон, хүүхдэд зориулаагүй элдэв сургаал үг уншуулсаар ирсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд унших материал нь тэр чигээрээ иймэрхүү. Бид үүний эсрэг ажилласан. Унших бүх материалыг шинээр хийх гэж үзсэн.

Өнөөдөр амьдралд ямар асуудал байна, түүнтэй холбож л сэдвээ сонгож хийхгүй бол хичээлийн материал болохгүй шүү дээ. Өнөөдөр сургаал үгсийг зүгээр л хоосон цээжилж, уран яруугаар уншсан хүүхэд сайн дүн авч байна. Гэтэл уншаад ойлгоно гэдэг өөр хэрэг. Уншсан юм над руу орж байж минийх болно. Нэгэнт өөрийн болгосон зүйлийг хожим амьдралдаа хэрэглэж, ашиглаж таарна. Унших материал бол оюуны талх гэдэг шиг бидний авах ёстой тэжээл.

-Уншдаггүй хүн олон байна гэсэн шүүмжлэл та бид хоёрын яриад суугаа энэ асуудалтай холбоотой юм биш үү, хоосон уншиж хий цээжилж явсаар сургуулиа төгссөн хүүхдүүд номын амтанд дурлаж, номноос өгөөжийг нь авна гэдэг худлаа шүү дээ?

-Та зөв харсан байна. Багаасаа ном уншиж тэжээл аваагүй, зөвхөн дүн авахын төлөө цээжилж, номын сайхныг өөртөө шингээж энерги хүч болгож сураагүй хүүхдүүд том болоод номонд шимтэхгүй байхаас аргагүй. Би хүмүүсээс уншсан номынх нь тухай асуудаг юм. Тэгэхээр ямар хариу хэлдэг гээ. Хөөрхөн ном байна гэдэг. Юу нь хөөрхөн байна гэхээр амьдралтай юм аа гэдэг. Харин ном уншаад сурчихсан хүмүүс жинхэнэ шимийг нь авдаг. Тийм учраас тэд насан туршдаа уншдаг. Уран зохиолын ном барьж авлаа гэхэд тэнд амьдарч буй хүний оршихуйгаас өөрт хэрэгтэйгээ олоод харчихдаг. Гэтэл манайхан үйл явдал хөөгөөд байдаг. Ном уншиж сурсан хүмүүс үйл явдал хөөдөггүй. Боловсролын систем нь хөгжсөн улс орны сургуулиуд сурагчдынхаа уншсан номыг шалгахдаа биднээс өөрөөр шалгадаг. Чи энэ зохиолын гол дүр Доржийн оронд байсан бол яах вэ гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийлгэдэг. Ингэхээр хүүхэд тэр зохиолыг зажилдаг, амтыг нь араандаа уусгаж мэдэрдэг. Ингэснээр эх хэлнийх нь мэдрэмж сайжирдаг. Ийм боловсрол олгогдохгүй байгаа нөхцөлд бид хичнээн гоё ном гаргаад “Хөөрхөн ном байна лээ” гэсэн хариу л сонсоно. Ингээд бодохоор жаахан гомдолтой, гунигтай санагддаг. Номны тухай бодож байгаагаа ярих, маргах юм нийгэмд алга. Өөрийгөө л гайхуулцгаагаад байна. Нэг л их өрсөлдсөн хүмүүс. Та нэг сургууль руу ороод хараарай. Шилэн шүүгээ дүүрэн цом залчихсан байгаа. Өнөөдөр өрсөлдөөнөөс илүү хамтрах нь амин чухал асуудал болоод байна.

-Нэг өөдрөг хандлага ажиглагдаад байгаа. Залуус номонд их дурлах болж. Ном руу ингэж хошуурч байгаагийн нэг шалтгаан нь орчуулга гэж боддог юм. Өмнө нь гоё хавтастай орчуулга гэж авах юмгүй ном их байсан бол сүүлийн үеийн орчуулгын номнууд амттай, урсагдаж уншигдаад урамтай байна аа?

-Харин тийм, гоё байгаа биз. Ном амьтай. Номыг амилуулдаг амин сүнс нь орчуулга. Манайх орчуулган дээрээ онцгой анхаарч байгаа. Хүлхэгдэж, амт нь араанд уусч, нэг л мэдэхэд уншаад дуусах хөг аятай номын гол нууц нь ерөөсөө л орчуулга. Мэдээж хүн уншихад таатай хэвлэх ч ном амьтай байхын салшгүй нэг хэсэг. Хэвлэх үйлдвэрээ өргөтгөж шинэчилсэн минь цаанаа ийм утгатай.

Онцлох нийтлэлүүд