ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.09.29 02:09

"Саарал ажнайн шастир"

Нийтлэлч: Өдрийн сонин


Өн­дөр гэгээний түмэн өлзий гийсний дан­шиг наадам 2005 онд боллоо. Халхын хамаг л хурд Есөн­зүйлд тэр зун цуг­лалаа. Их нас­ны 300 га­руй хүлэг эрэм­бэ цэгцтэй гарааны зур­хай руу хөд­лөв. Том уяа­чид бүгд л машинтай да­гасан юм. Морьд багцаагаар 26 км-т хүрээд эр­гэлээ. Алдарт уяач Д.Га­рамжав, Д.Да­ваахүү, "Мон-Эрдэнэ"-ийн Б.Пун­цаг­балжир... гээд том­чуудын олон сайн морьд өнгөнд эргэсэн дээ. Наа­дамчин олон мэдээж авар­гуудын аварга морь­дыг харж байлаа. Морь­дын зул задрахгүй гурван км орчим яваад байтал бүгээн, хар хоёр адуу өнгөнд заргалдаж эхлэв. Машинд явсан хүмүүс хар морийг нь таниад байгаа. Төв аймгийн Лүн сумын Базаррагчаагийн хар байна гэж. Харин бүгээнийг нь таньдаггүй ээ. Газрын тэхий дунд хүрэхийн алдад хүүхэд нь бүгээн саарал моринд урам өгч эхэллээ. Цан­гинатал гүүглээд, та­шуу­раа хий эргүүлээд л... саарал морь ч шидсэн чулуу шиг гараад явчих нь тэр. Өнөө олон машин саарал морьтой зүү­цэл­дээд явж өглөө. Морь урал­даад байгаа юм уу, машин уралдаад байгаа юм уу, бүү мэд. Гайхамшигтай нь саарал морь тэр олон машины тоосон дотроос торойтол гараад ирдэг юм байна. Тол­гой­гоо дороо хийгээд, хоёр чихээ солбиод, баруун жолоогоо дугтарсхийн шил­­бүүрдээд урагшаа зүт­­­­гэх нь мөн ч бах­д­маар, нулимс гармаар байсан шүү. Бариа ч дөх­сөн. Саарал морины та­мир одоо л шавхагдаж байгаа даа гэхэд хүүхэд нэг ч ташуур хүргээгүй байсан юм даа. Ямар ч албадлагагүй журайтал явсаар барианы тавилан руу оров. Саарлыг зур­хайд хүрэхэд Гарамжав, Хор­лоодой нарын том уяачид сая таньж Дундговийн Эр­дэнэдалайн С.Гомбо-Очи­рын саарал морь мөн шив дээ гэцгээсэн юм. Энэ цаг үеийн их даншигуудад (Өн­дөр­гэгээн, Зава Дам­дин, Говь Шанх) босоо тү­рүүл­сэн С.Гомбо-Очирын саа­рал морины домог мэт хурд ийнхүү эхэлсэн түүхт­эй.

Энэхүү уралдааныг С.Гом­бо-Очир гуай сүүлд ийнхүү дурссан байдаг: "Өвөр­хан­гай аймгийн Есөн­­зүйл су­манд болсон даншиг наа­дамд очлоо. Урьд нь би том наадамд очиж үзээгүй бай­сан юм. Тэр жил бага саа­рал азар­­га хавчиг соёолон настай дэндүү хурдан байв. Би түрүүлнэ гэж бат ит­гэлтэй байлаа. Морь га­рахад хүүх­дэдээ "Миний хүү тэр Гарам­жавын өс­гий ца­гаан хар, Хорлоо­дойн хар азар­га хоёрын аль түрүүлж гар­санд нь наа­чихаарай. Тэгээд бит­гий тат" гэж хэл­лээ. Саа­рал азарга Хор­лоо­дойн хар­тай үзэлцсээр най­маар ордог юм байна. За энэ наадмаар айраггүй бол­лоо гэж бодлоо. Ха­рин саарал морио тү­рүүл­нэ гэж даанч сана­сангүй. Гэтэл их нас га­раа­наас хөдлөөд удаа­гүй байтал саарал морь өнгөлж эхэл­дэг юм байна. Үгүй бүр явсаар байгаад тү­рүүлсэн. Тэр өдрийн орой нь жийп гээч машин­тай хүмүүс намайг хайж дав­хиад, би дов үзээгүйн харгайгаар айж ширвээ­тээд уулзаагүй л дээ" гэж.

С.Гомбо-Очир гуай Эрдэнэдалайдаа л байх. Саарал морь мөн нутаг­таа. Нэг их тэжээл бор­дооны тордлогогүй ясны адуу. Дараа жил нь Зава­дамдин гэгээний дан­шиг гэж том наадам Дундговьд боллоо. Хол ойрын хөл хөдөлгөөн их. Урьд жил нь Есөнзүйлд саа­рал моринд туушин­дуул­сан томчууд даагаа нэхэ­хээр морьдоо авчир­чээ. Шимтэйхэн уралдаан болж Халхын их уяачид энэ удаа саарал морийг бас л барсангүй. Саарал ирдгээрээ ирлээ.

Энэ ту­хай С.Гомбо-Очир гуай мөн л ярих: "Завадам­дин гэгээний даншигт оч­лоо. Манай сумдын дарга нар машиндаа архи уугаад манай тэр энэ морь тү­рүүлнэ гээд хө­шил­дөөд байх. Манай сумын дарга Сумбаа на­даас саарал морь гарна биз гэж байна. Би гарна гэлээ. Тэгээд их нас урал­дахад сумынхаа дарга­тай зам тосоод бай­тал саарал морь бай­даггүй ээ. Тоолоод байтал га­раа­наас 10 км-ийн баг­цаанд 278-аар гарч ир­лээ. Замбараагүй хол хаягд­жээ. Би за наадах чинь ай­раг­гүй боллоо. Түрүү морин дээр очъё гээд говь гат­лаад явж байтал Сумбаа дарга "Хүүе нөгөөдөх чинь тэр мөн үү" гэж байна. Хар­сан чинь саарал морь минь арав гаран дээр шуухай­чихсан юм ороод ирж байна. Сэтгэл хачин оргиод болдоггүй. Ну­лимсаа нударгаараа нэг сайн шударчихаад ха­раад явлаа. Ахисаар хол түрүүлсэн дээ. Одоо бо­доход тэр дороос, 200 гаруй морийг яаж гаталж ирсэн юм". Үнэндээ бол С.Гомбо-Очир гуай саа­рал мориндоо итгэдэггүй. Яа­гаад гэвэл саарал морь уралдахдаа өөрий­гөө дүүрэн харуулдаггүй. За даа өнгөрөв бололтой гэхийн хэрд л түрүүлчих­дэгээрээ эзнийгээ гом­доо­гоод баярлуулдаг адар­маатай ажнай бай­жээ.

Саарал морины гоё түүх цааш үргэлжлэх. Гу­рав дахь том даншиг нь Говь Шанхын хурд байв. Өм­нөговьд болсон юм. Өөрсдийгөө боржигон гэж үздэг хүн бүхэн Говь Шанхын тоосонд очих дуртай. Халхын уяачдын гурав дахь даагаа нэхэлт тэнд боллоо. Бодохноо Гомбо-Очирын саарлын өмнө минийх яагаад... гэдэг бодол бүтэн жил тэдний сэтгэлд эргэлдсэн нь тодорхой. Ингээд авар­гууд гурав дахь удаагаа Говь Шанхын хурдыг зо­рилоо. Тэдэнд найдвар байлаа. Яагаад гэвэл саа­рал морь тэр жил 19 нас хүрээд байсан юм. Сайн адуу дээд тал нь 34 насалдаг гэж үзвэл саар­лын нас хүнээр бол 60 хол гарсантай дүйнэ. Бүр тая­гандаа хүрсэн нас л даа. Хүмүүс ч саарлыг урал­дах эсэхэд нь эр­гэлзэж байв. Гэтэл өвгөн, өвгөн саарал морио хөт­лөөд иржээ. Энэ тухай С.Гом­бо-Очир гуай юу гэж ярьс­ныг хүргэе.

"Ер нь дассан сурсан адуунд шийдсэн ажил хийхэд алдаа бага гардаг юм. Говь Шанхад би очихоор бэлдлээ. Саа­рал морь 19 настай. Жил ирэх бүр бууралтаж цав цагаан болсон морийг уяж зо­вооно гэхээс зүрх­шээгээд болдоггүй, хэд хонолоо. Тэгэхнээ дов үзсэн адуу цогиод ирнэ дээ гэж бо­догдох. Өвгөн саарлыг миний долоон настай хүү Пү­рэв-Очир анх удаа унаж байгаа. Манай Эр­дэнэ­далайн адуу сайн шүү. Суманд хоёр давхил өгө­хөд саа­рал морь тасар­хай тү­рүүлж байна. Ин­гээд Говь Шанхын давхил хэ­зээ болохыг нь сурсаар урьд орой нь явж хүрлээ. Их сунгаа болж 28 морь нийлж байна. Саарал морь хамгийн сүүлд гар­лаа. Хүүгээрээ гуядуул­саар түрүүлгэв. Эргээд манай дунд хүү хөтлөөд явтал явдаггүй гэнэ. Бүр цулбуурыг нь мөрөн дээ­гүүрээ гаргаад бараг чи­рэх шахуу яваад замдаа орхичихоод иржээ. Үдэш хүүхэд явуулж саарал морио авчирлаа. Тэр шө­нө уяж хоноод өглөө нь идүүлж байгаад нэмнээ­тэй тарласан чинь хурдан байна. Маргааш наадам болно гэж байгаа, дахиад давхар нэмнээтэй тарла­сан үгүй ер гүйцэгдэх янз ал­га. Хөлс хусуур дүүрэн гарч байна. Тэгэхээр нь уяж байгаад шөнө хуга­салж тавилаа. Хүмүүс Гом­бо-Очир саарал морио больчихлоо гэх янзтай. Өглөө морьдоо барьж уялаа саарал морь тогтож ядаад жигтэйхэн. Олон наадамд уралдах­даа хэзээ ч хөөрч бай­гаагүй номхон дөлгөөн адуу л даа. Би "За миний морь гарцаагүй айраг­дана" гэж өөрийн эрхгүй хэлж байлаа. Яг л миний санаснаар болж Говь Шан­хад сааралтай хани­лах морь гараагүй юм. Дорнодын Аюушийн ца­гаан, Өмнөговийн Цогт­цэцийн Совдын хээр мо­рьд хэсэг ханилсан. Саа­рал морь гурван км орчим хол түрүүлсэн дээ". Сэт­гэл хөдөлгөм сайхан түүх байгаа биз.

Энэ наад­маар долоохон настай хүүгээ морины тоосонд явуулсан эжийн сэтгэл ямар байсан бол гэж бо­дохоос хэл загатнаад бол­доггүй, С.Гомбо-Очир гуайн гэргий Ш.Цэнд­сүрэн гуайгаас асуулаа. Ш.Цэндсүрэн гуай ярьж байна аа. "Наадмын урьд орой миний хүү нэг л ондоо байлаа. Юм л бол мөөмөө хөхнө гэж эрх­лээд. Миний хүү дөнгөж долоо хүрч байсан боло­хоор би их түгшиж айж байв. Миний хүү ин­гэж эрхэлдэггүйсэн. Мо­ри­ноо­соо уначихвий гэж бодохоор бүр тэгээд өн­гөрчих гээд, сүүлчийн удаа эрхлээд байгаа ч юм шиг санагдаад, сэтгэл нэг л хачин байлаа. Тэр морь нь битгий түрүүлээсэй, хүү минь эсэн мэнд, сүүлд нь ч хамаагүй цогиод ирээсэй гэж залбирч байв. Би морь дагаж яв­лаа. Хүмүүс морь чинь тэр явна гэхэд би хойгуур хараад, энэ ард л зөөл­хөн явж байгаасай гээд эргэж хараад олдоггүй. Тэгсэн хүмүүс ийшээ ха­раач гэсэн. Миний хүү нэг жаахан юм навхайчихсан явж байна. Өөрийн эрхгүй нулимс гарч хамар шар­хи­раад болдоггүй. Хүмүү­сээс нууж нулимсаа ар­чаад. Саарал морь ураг­шаа ахисаар төдхөн ган­цаараа гараад, торой­тол холдоод явчихаж би­лээ. Сайхан буян шүү. Одоо саарал морь 30 дөхөж байна. Манай ач зээ на­рын, бид бүгдийн эрх­лүүлдэг хайртай морь минь тэр л байна даа" гэж ярив. Ш.Цэндсүрэн гуайн яриаг илүү дутуугүй хүр­гэхэд энэ юм. Нялх үрээ мянган морины тоосонд мордуулсан ээжийн сэт­гэл ямар байдгийг та бид уншлаа. Магадгүй энэ замбуулингийн хамгийн эр зоригтой ээж, хүү хоёрын сэтгэл эндээс харагдана.

Эхнэрийнхээ яриаг сонсч суусан С.Гом­бо-Очир гуай надад бас нэгэн "аймаар" түүх ярив. "Хүү маань нялх, жаахан юм болохоор гараан дээр мориноосоо хийсчих гээд болдоггүй. Амаргүй л дээ, дөнгөж хөдөлж байгаа тэр олон морины хөлд унавал үрэгдэлгүй яахав. Тэгэхээр нь аргаа оллоо. Хүүгээ эмээл дээр нь ган­загаар нь хүлчихэж бай­гаа юм. Манай хөгшин ямар манийг дагаж га­рааны зурхай дээр ирэх биш. Хүүдээ болохоор эжийдээ битгий хэлээрэй гээд чихэр мэхэрхэн өвөр­т нь хийчихнэ. Гараа­наас хөдлөхөд нь харж бай­сан сөөвийсөн юм мо­рины­хоо шанханд наал­даад гараад явчи­хаж байгаа харагдана. Би ч уул ус, тэнгэр хангайдаа морь хүүхдээ даатгаад дагаж давхилаа" гэж. Мөн бү­дүүн зүрх шүү. Морь мал нь бүдэрч унавал яана. Монгол эр хүний сэт­гэл ийм хатуу ажээ. Ийм ха­тууг үзэж өссөн хүүхэд ямар­хан тэсвэр тэвчээр­тэй хүн болж тө­лөвших бо­л оо. Энэ ч нэг хэрэг дээ­рээ хүний нялх үрийг хүлж баг­луул­сан саарал морины увдис, бүр тү­рүүлж буйг ярих хэрэг дараа гарах нь. Адууны ухаан гэж энэ биз ээ. Өв­гөн саа­рал мо­рийг до­лоон настай Пүрэв-Очир хүү унаж тү­рүүлсэн түүх ийм ажээ.

П.ХАШЧУЛУУН