ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.08.31 08:08

Сайд, жанжин Солийн ДАНЗАН гэж хэн байв

Энэ сэдвийг тэрлэхдээ түүхч Д.Даш гуайн 1990 онд бичсэн “Түүхэн бие хүн, улс төрийн хөрөг, Солийн Данзан” ном, нутгийн эрдэмтэн Д.Бираадамба гуайн бичсэн “Ойрадын түүхэн зурвас”, Доктор О.Батсайханы “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд”, мөн О.Батсайханы ерөнхий редактороор ажилласан “Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь” ном болон төв хэвлэлийн материалууд, мэдээ, сурвалжлага, ярилцлага, өөрийн үзэл бодлого зэргийг үндэслэсэн амуй.

Сайд, жанжин С.Данзангийн талаар Ж.Болдбаатар багшийн зааснаар хувьсгалын эсэргүү, Монголын заналт дайсан мэтээр ойлгож байжихуй. Сүүлд нэг гол усны хүн, утуулж амьд гарсан нүх, морины уяа зэрэг нь манай өвөлжөө, хаваржааны ойролцоо байсан учир би сонирхон судалж, үнэн мөнийг мэдэхийг зорьсон авай.

Сайжин овогт С.Данзан нь 1885 оны зуны эхэн сард тэр үеийн Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуу, одоогоор Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хужиртын голын Уужийн аманд харц язгууртай хамжлага Б.БатОчирын ууган охин Солиос бутач болон төрсөн ажээ. С.Данзан 10 орчим насандаа хошууны сүмд нэгэн ламд шавь ороод, төдий удалгүй дуган хийдээс дайжин харын амьдралд шилжиж, хар бор ажил хийж, зовлонтныг элбэрч, зовоогчдыг занах үзэл бүрдсэн бололтой. Ноёд, түшмэдийн адууг хошуу, аймаг дамжуулан ядуучуудад тараан өгч байсан учир тамгын тахруудад олон удаа баривчлагдаж байсныг ойролцоо насны, миний нагац ах П.Цэрэнпунцаг болон нутгийн ахмадууд ярьж байсныг би сайн санаж байна.

Сүүлийн удаа цаазлуулах шийдвэр гарч, үүрэг авсан муруй Түдэв тэргүүтэй хүмүүст хөөгдөж, чоно гөлөглөдөг тарваганы нүхэнд орж, хөөж явсан хүмүүс баахан утаад, үхсэн гэж үзээд явжээ. С.Данзан дээлээрээ хаалт хийж, утаанаас хамгаалж байгаад нүхнээс гарч, шөнөдөө /1910аад он/ нутгаасаа дайжиж, говийн зарим хошуудаар цагаачлан амьдарч, Нийслэл хүрээ, Дээд шивээ зэрэг нэлээд газруудаар явж, Нийслэл хүрээнд ирж, бага зэрэг худалдааны ажил эрхэлж байгаад Сангийн яамны түрээсийн түшмэлийн алба хаших болсон нь төрийн хэрэгт хүчээ сорих ажлынх нь гараа болжээ.

Түүхчлэн үзэх зарчим алдагдаж, С.Данзан сайдыг түүхэнд төдийгүй, урлаг уран сайхны бүтээлүүдэд онцгойгоор муучилж, олон түмний ухамсарт аюулт дайсан мэт ойлголт бий болгосон. 1992 онд С.Данзан жанжны улс төрийн гэмт хэрэг гэгчийг цагаатгасан юм.

Түүхийн үнэнийг гуйвуулахад Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын 1934 онд бичсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын үүсэн байгуулагдсан товч түүх” номын агуулга гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ номонд С.Данзан сайдын үүсгэн байгуулсан бүлгэмийг Д.Сүхбаатар, Д.Бодоогийн үүсгэн байгуулсан бүлгэмийг Х.Чойбалсан нар үүсгэн байгуулсан мэт бичсэн аж. Түүх ингэж үргэлжилж, үнэн түүх нэг хэсэг хугацаанд булшлагдсан авай.

Намын амьдрал сэтгүүлийн 1991 оны №2-т түүхч эрдэмтэн С.Ичинноров гуайн бичсэн “МАХН-түүхийн бүтээгдэхүүн” нийтлэлээс эш татвал: Хүрээний бүлгэмийг сангийн яамны түрээсийн түшмэл Солийн Данзан, Консулийн дэнжийн бүлгэмийг Нийслэл хүрээний сонин бичгийн сурвалжлагч, Оросын консулийн дэргэдэх орчуулагчийн сургуульд монгол хэл, бичгийн багш байсан Догсомын Бодоо нар удирдан байгуулсан нь түүхэн үнэн билээ. Хүрээний бүлгэмд Хужир булангийн цэрэгт дунд тушаалын дарга, мөн хэвлэлийн үсэг өрөгчөөр ажиллаж байсан Дамдингийн Сүхбаатар, цэргийн яамны эх зохиох түшмэл Дансранбилэгийн Догсом, мөн яамны түшмэл Магсархурцын Дугаржав, зэвсгийн дарга Өлзийбаярын Дэндэв нар байв. Тус бүлгэмийн гишүүн М.Дугаржав бичихдээ: “Данзан, Догсом, Дэндэв бид итгэлтэй сайн нөхдийг элсүүлэн нэмж авах явдлыг хэлэлцээд Дугаржав би нөхөр Сүхбаатарыг эн тэргүүн намд оруулан аваад бидний таван хүн нийслэл хүрээний баруун өргөөний улаан сахиусны өмнө “Өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал, усны зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олгох замыг нээгдүүлэн соёрхох” гэсэн үгийг хадган дээр сүүгээр бичиж тангараглан өргөсөн юм” гэжээ. С.Данзан нь МАН байгуулахын тулд идэвхтэй ажиллаж, улмаар МАНын төв хорооны анхны даргаар сонгогдон ажиллажээ. С.Данзан нь Д.Сүхбаатартай санаа нэгтэй ажиллаж байсан тухайгаа, Д.Сүхбаатарыг өөд болсны дараа бүх цэргийн жанжнаар ажиллаж, бид хоёр “Ихэр хоёр хурга” мэт ижилдэн, ажиллаж байсан гэж хэлсэн нь зорилго нэгтэй байсныг баталж буй хэрэг. С.Данзангийн үүсгэн байгуулсан МАН нь ард иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалахад чиглэгдсэн. 1922 оны эхээр Москва хотноо болсон Дорно дахины хувьсгалт байгууллагуудын төлөөлөгчдийн их хурлын индрээс Монголын төлөөлөгч Дэндэв: “Манай нам /МАН/ их улаан буюу коммунист нам бус, социалист нам бус, харин соёлт ертөнцийн улсуудад байдаг дэвшилтэт ардчилсан намын хүрээнд дөхөж очно” гэж зорилгоо тодорхойлсон. Гэтэл зөв замын төлөө /капитализмыг алгасч болохгүй, хүн төрөлхтний хөгжлийн жамаар явах ёстой гэж үзэж байсан гэж/ буцалтгүй зүтгэсэн С.Данзанг өчиггүйгээр буудан алж, /НТХ-ны тэргүүлэгч, Засгийн газрын зөвлөх түшмэл, Цэргийн зөвлөлийн дарга, Улсын бага хурлын анхны гишүүдийн нэг Э.Ринчино голлох үүрэг гүйцэтгэж, Х.Чойбалсан зэрэг хүмүүс хүч нэмсэнийг түүх гэрчилдэг/ коминтернээс МАНд “Хувьсгалт” гэдэг үгийг экспортолсноор бодлого чиглэл нь эсрэгээрээ эргэж, коммунист нам болж орхисон юм.

С.Данзан сайд “Иргэн баян бол улс баян” гэж үздэг байсан амуу. Ард иргэдийг хооронд нь хагаралдуулж, бие биендээ дайсан болгодог намууд үүргээ биелүүлж чадахгүй байна. Намгүйгээр яаж төр, засгаа байгуулах вэ? гэж зарим ховдгууд гоншигнож мэдэх. Соёлт ертөнцөд нам зохих үүргээ гүйцэтгэдэг байна. Учир нь ялсан намынхаа бодлогыг бусад нам нь хянахаас гадна зөв бодлогыг дэмжиж хамтран хэрэгжүүлдэг. Манайд яг эсрэгээрээ үйлчилдэг. Ялсан намаа яаж доош хийх, өөрсдөө яаж дээшээ гарч, Монголын хөрөнгийг идэх арга замаа хайна. Өнгөн дээрээ дүр үзүүлж, саймширч, үнэн хэрэгтээ ард түмнээ үл тооно. Энэ байдал одоо цагт манай улсад тов тодорхой харагдаж буй. Толгой нь халзарсан егзөрүүдийн /бие төрхөөр нь бус улс төрийн агуулгаар хэлж байна/ ярьж байгааг сайтар тунгаагаарай. Энэ байдлаас гарах арга зам нь Үндсэн хуулиа өөрчилж, ард иргэд намгүйгээр Төр Засгаа байгуулдаг тогтолцоог бий болгосон цагт хэрэгжинэ. Зүй бусаар баяжсан хөрөнгөтнүүд хүчээ авч, ядуучууд олшрох хэрээр “Пролетари всех стран соединяйтес” гэдэг лоозон хэрэгжихийг үгүйсгэх боломжгүй мэт. Зөвхөн манай оронд ч биш, дэлхийн хэмжээний асуудал байж болзошгүй. С.Данзан сайдын байгуулсан гавьяа, үзэл бодлогыг намууд, түүнээс байгуулсан төр засаг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Эсэргүү хэвээр нь байлгаж, чимээгүй өнгөрөөхийг зорьж байна. Учир нь гуйвсан түүхийн хүрээнд бий болсон нөхцөл байдлыг өөрчилбөл манайд үнэн түүх үйлчилнэ. Үүнээс айж байна.

Сайд, жанжин С.Данзан нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, ардын эрхт төрийг байгуулж, түүний үйлст тэргүүлэн зүтгэгчдийн нэг, цэрэг, дипломатын алба, санхүү, эдийн засгийн салбарт их үүрэг гүйцэтгэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийхээ төлөө гуйвашгүй тэмцэгч, жинхэнэ эх оронч хүмүүн байжээ. С.Данзан сайдын зорьж, тэмцэж явсан үзэл бодол шинэчлэлтийн өнөө үед биечлэн хэрэгжиж байгаа нь хэнийг ч, юуг ч алагчилдаггүй түүхийн үнэн сэргэж байгаагийн гэрч мөн ажээ.

Хотонтчууд, Архангайчууд, Монголчууд бидний бахархах ёстой энэ эрхэмийн төрсний 135 жилийн ой 2020 онд болно. Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийхээс эхлээд олон арга хэмжээ зохиогдоно байх хэмээн түүхч эрдэмтэд болон ард иргэд хүсэн хүлээж байна.

Монголчууд аа, гуйвсан түүхээ зөвтгөж, хоёр хөл дээрээ чанга гишгэж, нэгэн зорилготойгоор сайхан эх орноо хөгжүүлж, үнэнч амьдарцгаая.

Улс төр судлаач Баяжих овогт Ч.Ууж

Онцлох нийтлэлүүд