ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.05.17 09:05

Сайжруулсан нүүрсээ эхэлж тараалгүй түүхий нүүрсийг хориглосонд иргэд бухимдаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Нийслэл даяар өчигдрөөс эхлэн түүхий нүүрс худалдаалахыг хориглолоо. Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улаанбаатар руу ордог постууд дээр нүүрс нэвтрүүлэхгүй, гэр хороололд худалдахыг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглэх ажлыг хот даяар зохион байгуулж эхэллээ.

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгоно гэж албаныхан мэдэгдэж байгаа. Тэгвэл Засгийн газрын эл шийдвэр гэр хороололд хэрхэн хэрэгжиж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Албаны хүмүүсийн мэдээлж байснаар бол өчигдрөөс эхлээд түүхий нүүрсний худалдааг зогсоож, оронд нь сайжруулсан түлш зарж эхлэх ёстой байв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх чиглэлийн зам дагуу өчигдөр 15:00 цагийн үед мод, нүүрс худалдаж байлаа. Ингэхдээ сайжруулсан түлш бус, түүхий нүүрс худалдаалж байв. Нэг шуудай нь 4000 гэнэ. “Өчигдөр 3000 төгрөгөөр зарж байсан шуудай нүүрсийг өглөө босоод 1000 төгрөгөөр нэмэгдэлтэй авч байна” хэмээн бухимдсан иргэд нүүрс худалдааны цэг дээр ар араасаа нэмэгдсээр байв. Уржигдар шөнө цас орж хүйтэрсэн, дээр нь түүхий нүүрсийг хориглосонтой холбоотой нүүрс хомсдсон тухай худалдагч залуу учирлав. Буудал орчим яваад зам дагуу бас нэг нүүрс худалдаалах цэг байна. Иргэд түүхий нүүрс нэг, хоёр шуудайгаар машиныхаа тээшний хэсэгт хийлгэж харагдана. Бас тэрэг түрж ирээд нүүрс авч байгаа иргэд ч байна. Тэд “Сайжруулсан нүүрс нь хаана байгаа юм бэ. Өвөлжин, хаваржин ярьсан. Аль байгаа нүүрсийг л авч байна” гэцгээж байв. Худалдагч бүсгүй С.Алтантуяа “Сайжруулсан нүүрс байхгүй учраас түүхий нүүрсээ зарахаас өөр арга алга. Хориглосон шийдвэр гарснаас хойш түүхий нүүрс нийлүүлэх үнэ нэмэгдчихлээ. Өмнө нь бид нэг тонныг нь 65 мянган төгрөгөөр авдаг байсан бол хоёр хоногийн өмнө 80 мянгаар авлаа. Тэгэхээр жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүй.

Өнөөдөр хот руу нүүрс оруулахгүй байна гэсэн” гэж байна.

Цааш хөдлөөд буудал гаруй явбал түүхий нүүрс, сайжруулсан түлш аль, алиныг нь зарж байгаа цэг таарлаа. Иргэд сайжруулсан түлшнээс авч байна. Тэд “Одоо л түлж үзэх гэж байна. Жижиг савлагаатай хэрнээ үнэ нь их юм. Цаанаасаа ирж байгаа бөөний үнэ нь хямд л байж таараа” гэв. Харин хариуд нь худалдагч залуу “Та нар зүгээр түлээд үз. Өнөөдрөөс л жигдэрч байна” хэмээн уурлангуй хэлэв.

Харин тус цэгээс цааш сайжруулсан, түүхий нүүрсний худалдааны аль, аль нь таарсангүй. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын эцэст явж очлоо. Дамбын эцсийн буудал дээрх нүүрсний худалдаанаас иргэд тэргэн дээр, машиндаа нэг, хоёр шуудайгаар авч байна. Нэг шуудай нь 4000 төгрөг болжээ.

Түүхий нүүрсийг хориглосноос хойш борлуулах цэгүүд хаасан байна. Цөөн тооны газарт шуудай тутамд нь 500-1000 төгрөгөөр нэмэгдэлтэй худалдаалж байв. Сайжруулсан түлш зарж байгаа ганц л цэг байсан юм. Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй. Түүхий нүүрс хомсдсон, зарж байгаа нэг нь үнээ нэмчихсэн, сайжруулсан түлш худалдаанд гараагүй байгаад иргэд ихээр бухимдаж байлаа.

Хоёр хоногийн өмнө нөөцийн махыг 127 цэгээр худалдаалж эхэлсэн талаар салбарын сайд нь мэдэгдсэн ч иргэд олж авч чадахгүй байгаа, кг тутам нь 10 мянгаас 13 мянган төгрөгийн үнэтэй махыг авахаас аргагүйд хүрч байгааг ч шүүмжилж байв. Бас дээр нь шатахууны үнэ нэмэгдсэн тухай хөндөж “Энэ улсад амьдрах арга алга. Идэх мах, түлэх түлш, явах бензинийх нь үнэ тэнгэрт хадаад, төр засаг шал хэрэггүй шийдвэр гаргаж иргэдийн нуруун дээр улам дараа болж байна” гэцгээх хөгшчүүл олон таарав.

Иргэд ийнхүү ярьж байна.

БОРЛУУЛАГЧ Ц.УНДРАХ: САЙЖРУУЛСАН НҮҮРС ЗАРАХААР АВААД ШАТАЖ БАЙНА

-Түүхий нүүрсийг хорьж болно. Оронд нь түлэх нүүрс нь хүрэлцээ, чанар сайтай байх хэрэгтэй. Сайжруулсан түлшний 10 орчим үйлдвэр байгаа гэсэн. Чанартай нь цөөн гэх юм билээ. Арван үйлдвэрийн ганц нэг нь л чанартай байх жишээтэй. Учир нь борлуулагчид сайжруулсан түлш зарахаар аваад шатчихсан байна. Иргэд голоод авахгүй, чанаргүй байна гэсэн хүмүүс олон байна. Манайх нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хорихоос өмнө нөөцөлж чадсан. Гэтэл өнөөдөр зараад дуусах шинжтэй. Иргэд ч ихээр авч байна.

Ц.ТӨМӨР: МАХ, НҮҮРС, БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЧИХЭЭР БИД ЯАЖ АМЬДРАХ ВЭ?

(СБД-ийн 16 дугаар хорооны иргэн)

-Энэ хүйтэнд түүхий нүүрс түлэхээс өөр арга алга. Сайжруулсан түлшээ бэлдээд түгээчихээд дараа нь түүхий нүүрсээ хориглоод, торгож шийтгэх ажлаа хиймээр юм. Өнгөрсөн намраас хойш худлаа ярилаа. Мах 16 мянган төгрөг болчихлоо. Нөөцийн мах зарж байна гэсэн хаана байна, алга. Долоон буудал, Бэлх рүү хайгаад олсонгүй. 60 сая малтай хэрнээ тэнгэрт хадсан үнэтэй мах иддэг ард түмэн хаана байна вэ. Мах, нүүрс, бензиний үнийг нэмчихээр яаж амьдрах болж байна.

Б.ЦЭЦГЭЭ: БУУДАЛ ГАРУЙ ГАЗАР АЛХАЖ НҮҮРС АВЧ БАЙНА

(БЗД-ийн 21 дүгээр хорооны иргэн)

-Эгч нь хоёр шуудай нүүрс 7000 төгрөгөөр аваад харьж явна. Уг нь манай урд дэлгүүрт нүүрс зардаг байсан. Хориглосон гээд зарахаа больчихож. Тэгээд аргагүйн эрхэнд буудал гаруй алхаж байж нүүрс авлаа. Нялх зээгээ даарчих вий гээд нүүрсээр галлахаас өөр арга алга. Сайжруулсан нүүрсээ зараагүй хэрнээ ингээд хорьчихоор хүүхэд, хөгшид хөлдөх юм байна.

Л.ХАТАНБААТАР: ӨЧИГДӨР 3000 ТӨГРӨГӨӨР АВСАН НҮҮРС 4000 БОЛЧИХЖЭЭ

(СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн)

-Өчигдөр нэг шуудай нүүрс 3000 төгрөгөөр авсан юм. Өнөөдөр 4000 болчихож. Бүгд л адилхан нэмсэн байна. Нүүрс түлэхгүй бол хүйтэн нойтонд хэцүү юм. Зурагтаар гоё гялгар өнгөтэй түлш харуулаад байсан. Аваад түлье гэхээр алга.

Ш.ТУУЛ: ДООД ДАВХАРГЫНХАН ТӨРИЙН ШИЙДВЭРТ ҮРЭГДЭЖ БАЙНА

(СБД-ийн 16 дугаар хорооны иргэн)

-Сайжруулсан нүүрс түлж үзсэн, илчгүй юм билээ. Түүхий нүүрснээс үнэтэй. Гэтэл түүхий нүүрс олдохгүй байна, олдсон ч үнэ нь нэмэгдэлтэй. Амьдрал маш хүнд байна. Хүйтэнд нүүрсээ авч чадахгүй, махаа ч авч чадахаа байлаа. Мал аж

ахуйтай орны иргэд мах идэж чадахгүй байна гэдэг эмгэнэл биз дээ. Төрийн хүмүүсийн шийдвэрт доод давхаргын хүмүүс л үрэгдэх юм.

Д.ДОРЖГОТОВ: САЙЖРУУЛСАН ТҮЛШ АСАХГҮЙ БАЙНА

(СБД-ийн 20 дугаар хорооны иргэн)

-Энэ хүйтэнд дааралтай биш, нүүрсээ авч байна.Сайжруулсан түлш гээч юмыг нь түлж үзсэн. Ерөөсөө асдаггүй юм билээ.

Шавартай хольчихсон. Өвөл бол хөлдөж үхнэ, уугиад л байдаг. Таван толгойн нүүрс нь л илчтэй болов уу гэж горьдож байна. Хотын эргэнд байгаа үйлдвэрүүдийн сайжруулсан түлш бол авах юм байхгүй гэв.

Түлэх нүүрсгүй, хийх бензингүй, идэх махгүйдээ хүрч буй ард түмэн одоо яах вэ?

Б.ЭНХЗАЯА

Онцлох нийтлэлүүд