ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.07 09:10

Сайжруулсан түлш


Утаа уур бухимдал төрүүлж, уушги цээж багтраадаг үе ирлээ. Утааны эсрэг сайжруулсан түлш зогсож байна. Сайжруулсан түлш илч муутай л гэнэ, энэ байдлаараа бол өвөл баахан амьтныг хөлдөөнө л гэнэ... элдэв яриа их л гарч байна. Сайжруулсан түлш утааг 50 хувь бууруулна гэдэг нь бодитой бол үнэхээр сайн. За бодигүй байсан ч гэсэн сайжруулсан түлш үйлдвэрлээд гэр хорооллын 180 мянган өрхөд нийлүүлж эхэлсэн нь сайн. Утааны эсрэг юу ч хийлгүй, байгаа байран дээрээ худлаа ярьж зогсохоор, алдаа оноотой ч алхам урагшилж, ажил хийж эхэлсний бодит жишээ. Тийм болохоор энэ өвөл түлээд үзье. Ямар ч байсан хөлдөөчихгүй нь тодорхой. Гэхдээ хүйтнийг давах нь дан ганц сайжруулсан түлшнээс хамаарахгүй гэдгийг гэр хорооллынхон ойлгох ёстой. Гэрийн чинь дулаалга маш чухал. Сайжруулсан нүүрсэнд дангаар найдахгүйгээр гэрийнхээ дуулаалгад онцгой анхааръя. Дулаалах аргын талаар нийслэлийн зохих газруудаас гэр хорооллынхонд зогсоо зайгүй зааж зөвлөе. Сургалт, зөвлөгөөг мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээг ашиглан явуулъя. Жишээ нь, цөөнгүй айлууд хөлдүү газар гэрээ барьдаг. Доороосоо хайрагддаг. Гэрийн давхарга, дээвэр туурга гэсэн уламжлалт өвлийн бэлтгэл нийслэлийн айлуудын дийлэнхэд нь байдаггүй. Энэхүү дан бүрээстэй гэрийнхэн өмнөх жилүүдэд Налайхын түүхийн нүүрсний илчээр хүйтнийг давдаг байсан байх. Мэдээж харанхуйлтал, хахаж үхтэл нүүрсний утаагаар нийслэлчүүдийг утаж байж. Одоо бол үгүй. Өнгөрсөн жил гэр хороололд амьдардаг нэг залуу шилэн хөвөн шалан доогуураа зулж, хаяагаадаа авируулан гэрээ дулаалж халуун өвөлжсөн туршлага нь гарч байсан. Үүнийг улам боловсронгуй болгож, технологижуулж, монгол гэрийн пүнхийсэн дулаалга хийж болох юм. Энэ бодол олон хүнд төрсөн байх. Үүнийг хэн нэгэн сортоотой аавын хүү ажил болговол бизнес шүү дээ. Хоёр зуун мянган хэрэглэгчтэй үйлдвэрлэл. Эсгий дээвэр туурганы оронд шилэн хөвөн ашиглах үйл явц. Монголчуудын түлшний хэрэгцээнд сайжруулсан түлш гэсэн шинэчлэл явагдаж байгаа шиг монгол гэр дээр бас шинэчлэл болж болно.

Өнөөдөр яах аргагүй түүхий нүүрснээс сайжруулсан түлш рүү шилжих шинэ үйл явц, технологи явагдаж байна. Мэдээж их, бага ямар нэг эрсдэл дагуулна. Энэ зэргийн эрсдэлийг гэр хорооллынхон даалгүй яахав. Энэ жил дааруулахгүй, бас дүүгтэл халууцуулахгүй өвлийг давуулж болно. Ирэх жил сайжруулсан түлш маань гэртээ нимгэн хувцастай, халуун оргин сууж байхаар илчтэй болох нь дамжиггүй. Ямар ч байсан гэр хорооллынхонд зориулан сайжруулсан түлш хийж, утаа бууруулах гээд үзэж тарж эхэлсэнд хамгийн чухал үнэ цэнэ нь байгаа юм. Улам сайжруулж, утаагаа эрс багасгах, ер нь гэр хорооллын нөхцлийг сайжруулахын төлөө янз бүрийн хэлбэрээр, дэмжлэг болох олон ажлыг зэрэгцүүлэн хийх ёстой. 200 мянган өрхтэй гэр хороололд энэ өвлөөс эхлэн Утааны эргүүл, Экологийн эргүүл, Галын эргүүл, Гэмт хэргийн эргүүл... гээд албан ёсны эргүүлүүдийг ажиллуулах цаг болсон. Яндангаас нь түүхий нүүрсний утаа гарч байгаа айлыг ... хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан... гэдэг хуулийн үйлчлэлээр өндөр торго. Түүнийгээ нийгэмд мэдээл. Хоёр дахиа давтагдвал орон нутагт шилжүүл, хөдөө суманд нь амьдрах өчнөөн олон боломж бий. Ямар эх орноос нь хөөж байгаа биш. Үндсэн хуульд... гэж ирээд ярих хүн гарч ирж магадгүй. Тэгвэл Үндсэн хуульд ...Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй... тухай заасныг сануул. Энэ мэтээр дээрх төрөлжсөн эргүүлүүд хуулийн хүрээнд гэр хороолол дахь тулгамдсан асуудлыг эмхэлж цэгцлэхэд гол үүрэгтэй оролцох ёстой юм. Экологийн эргүүл нь үнсээ жалга руу хийж байгаа айлуудаас эхлээд тэмцэх ёстой. Гэмт хэргийн эргүүлүүд нүхэн жорлонд унаж нас барж байгаа нялх үрсийн эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, ядаж жорлонг нь түгжээтэй болгохоос эхлээд ажиллах хэрэгтэй. Нийслэлээс төсөв гаргаж, гэр хороолол дахь төрөлжсөн эргүүлүүдийг албан ёсжуулъя. Үнэндээ монголчууд бид майхандаа амьдарсан хэвээрээ байгаа шүү дээ. Хэдийд ч хулгай хийж болох, хэдийд ч гаднаас нь гал тавьчих боломжтой тийм л даавуун гэрт амьдарч байгаа. Бид амьдралын энэ үнэнтэйгээ эвлэрэх ёстой. Гэр хорооллын энэ бүх эрсдлээс урьдчилан сэргийлэх нь эргүүлүүд л юм. Хэдэн ч хүүхэд гэртэйгээ шатав, хэдэн ч айл гэрээ тонуулав.

Ер нь бол гэр хороололд шинэчлэл хэрэгтэй болсныг олон жил дээр доргүй ярьсан. Харин шинэчлэлийн эхлэл нь энэхүү сайжруулсан түлш мөн гэж тоож харж байна. Монгол гэртэйгээ байгаа монголчуудын хувьд хувьсал мөн юм. Аргалаас нүүрс рүү, тулганаас зуух руу... гээд нүүдэлчдийн амьдрал нэг нэгээр шат ахиад явсан байдаг. Үүн шиг сайжруулсан түлшээр эхэлсэн гэр хороолол дахь дэвшил өөрчлөлт дээш ахисаар модон жорлон, монгол гэр хоёрыг халсанаар дуусах байлгүй дээ.

Сайжруулсан түлш хэмээх ганц ч болов гялтайх үйл хийх гэж оролдож байгаа өнөөдрийн засаг захиргааныханд талархъя даа. 1950иад оны Лондон хот манайхаас ч дор байсан юм шүү. Лондонг утаанаас нь салгахын тулд эхлээд сайжруулсан түлш хэрэглэсэн байдаг. Дараа нь хий ашигласан. Ингээд дээш явсаар 1970 онд ирэхэд Тэтчер нүүрсний уурхайнуудаа хувьчилж, сайн технологи нэхэж эхэлснээр утаагүй болсон доо. Ийм зам мөрөөр монголчууд явж байгаа гэдэгт итгэнэ.

Бээжин утаанаас салсан гэж манайхан их ярьдаг. Бээжингийн утаа үйлдвэрийнх. Улаанбаатарын утаа ахуйнх. Газар тэнгэр шиг ялгаатай. Хамгийн амархан шийдэж болох нь ахуйнх. Хамгийн хэцүү нь үйлдвэрийнх. Үйлдвэрийн утааг бууруулахын тулд үйлдвэрлэлээ зогсооно. Эдийн засагт хамгийн том аймшиг бол үйлдвэрлэлийг зогсоох. Хятадууд үйлдвэрээ зогсоож, нүүлгэж, шилжүүлж утаагаа шийдсэн. Аймаар том аймшиг, эрсдэлийн ард гарсан үйл явц. Харин Монгол бол хариуцлагагүй, амиа бодсон хэдэн өрх айлаас болж утаандаа улс үндсээрээ үхчих гээд сууж байгаагаараа ялгаатай. Ямар ч сайн шинэ зүйл эхэлсэн нийгмийн 25 хувь нь эсэргүүцдэг. Тийм л зүй ёсны үзэгдлийн өмнө Монголын төр засаг хүчгүйдээд байгаа юм.

Төгсгөлд нь нэг санаа байна. Сайжруулсан түлшний эргэн тойронд ийм дэд бүтэц байгаа. Үйлдвэрлэгч-тээвэрлэгч-түгээгч-хэрэглэгч. Үүн дээр үнс худалдан авагч буюу блокны үйлдвэрийг нэмчих хэрэгтэй. Сайжруулсан түлш тээвэрлэгч нь нэг талдаа хоосон байгаа. Түүнийгээ л үнс тээвэрлэгч, блокны үйлдвэрт хүргэгч болгочих. Үнсийг үйлдвэрлэлийн түүхий эд болгодог технологи манайд удаж байгаа. Технологийн дэвшил л хэрэгтэй байгаа байх. Одоохондоо манайх үнсээр блок л хийх шатандаа удаж байна. Уг нь бол урд хөршийн үнсээр бүтээгдэхүүн хийдэг технологи дэлхийн хэмжээнд оччихсон юм билээ. Үнсээр хятадууд замын хавтан, бүр ваар сав хийхдээ ашигладаг болсон. Монголын үнсэнд тохирсон хамгийн сайн технологийг дэлхийгээс олж ирцгээ, бизнесмэнүүд ээ.

Үүн дээр иргэд жаахан сэтгэл гаргачих. Ядаж үнсээ хогтойгоо бүү холь. Жалганд аваачиж битгий хая. Сайжруулсан түлшийг сайхнаар харвал энэ мэт гэрэл гэгээ, боломжууд бий шүү. Гэхдээ үүнийг мань мэт биш, хийх үүрэгтэй хүмүүс нь хийж, ажил хэрэг болгох хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд