ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.05.17 09:05

Сайн Монгол

-ЭСЭЭ-


Хэдэн жилийн өмнөхөн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал түймэр рүү амь өрсөн ороод олон хүний амь аварчээ. Төрөлхийн хүнлэг зөнгөөрөө улаан гал руу орсон залуус бүх юм болоод өнгөрсөн хойно сая “өөрсдөө оршин суух зөвшөөрөлгүй”-гээ санаж зугтаасан байна. Хүн алчихаад зугтаадаг этгээдтэй хөөцөлддөг солонгос цагдаа энэ удаа хүний амь аварчихаад “хэргийн газраас зугтаасан” нөхдийг эрэх сонин ажилтай болжээ. Тэднийг цагдаа эрсэн юмаа олдог онцлогтой тул монгол залуусыг газрын гаваас олоод иржээ.

Саяхан даа. Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хөөрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд зугтаасан байна. Мөн л төрөлх совиндоо хөтлөгдсөн монгол залуус дээрэмчнийг хөөн барьж аваад цагдаад тушаажээ. Өөрснөө цагдаагаас нуугдах шалтгаангүй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Өрнө, дорногүй бидний хүн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна.

Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаадад энхийг сахиулахаар явуулсан дайчид нь нэгнийхээ юм зорж байсан тонгорогон дээр гурав дөрөв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь андуурамтгай, улсын ба аминыхаа түрүүвчийг ялгахаа больчихдог ч гэсэн хүн амын үндсэн натур нь гэгээн болоод өгөөмөр. Тал нутагтаа эрх дураараа өссөн монголчууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг үнэхээр тэвчдэггүй. Бас хэн нэгнийг үхлийн аман дээр орхиод мөрөө хөөдөггүй. Уудам тэнүүн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шүүхээсээ, мөрдөн, шоронгоосоо хол амьдардаг хүмүүс аливаа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илүү нийцтэй байснаас үүдэлтэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээдийг дор нь залхаагаад, өмгөөлөл хэрэгтэйд нь тэр даруй өмгөөлөл үзүүлээд, тайтгарал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн үг. Хэрүүл маргаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрхшээл гарна. Хятадын нэг кино байдаг даа. Чан Имоугийнх билүү дээ. Нэг эмэгтэй тосгоныхоо даргатай заргалдаад явдаг. Байн байн хот, мужийн төв ороод, асуудал нь шийдэгдэхгүй чирэгдээд өчнөөн уддаг. Гэтэл явцын дунд заргалдагч талууд хоорондоо сайндаад бараг эжий ахай болоод байтал гэнэт зарга шийдэгдээд тосгоны даргыг нь барьж аваад явчихдаг юм. Иймэрхүү юм ч болдог л байсан биз.

Том нутагтаа тоо нь цөөхүүлээ явсан монголчуудад хүн хамгийн үнэтэй капитал байсан. Хүнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус төрснөөр нь гадуурхдаггүй. Хүнийг үргэлж эн тэгш үзэн “эрдэнэт хүмүүн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагүй багатай нүүдэлчид харилцан хамаарлаар багатай нь үнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгүй. Хүн хүчний тусламж, дэмжлэг үргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зүгээр өнгөрөөд явчихыг ёс бус гэж үзнэ. Заавал ачаа таталцаж, үгүйдээ ганц хонь хяргаж өгөөд мордохыг үүргээ гэж үзнэ. Бие биеэсээ үл хамааран мөрөө хөөж амьдардаг тул эрх ашгийн нэгдэлтэй байж чаддаггүй сул талтай ч хүнийг гэсэн хүний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа.

Хүч дорой нэгнээ зөнгөөрөө хамгаалдаг хүний хамгийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран өөрчлөгддөг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг өмгөөлөх, цадиггүй амьтсыг залхаах хуультай болж, түүнийгээ гүйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хүн зодсон этгээдийг газар дээр нь нэвширтэл балбах замаар шударга ёсыг хэрэгжүүлээд цөмөөрөө уужуу амьсгалан харихаа больсон байна. Зодсон зодуулсан талын гэм бурууг нарийн шүүх ба хэрэгтнийг залхаан хохирогчийн бах тавыг хангах талаас илүү учирсан хохирлыг барагдуулах талыг чухалчлах болж гэхчлэнгээр өөрчлөгджээ.

Ингээд ирэхээр хүмүүсийн бие биеэ өмөөрөх арга барилд бас хувирал гарчээ. Хүнийг өмөөрөх, шийтгэх, гэмт этгээдийг барих үүргийг жирийн хүмүүс биедээ хүлээх нь наанадаж тогтоосон хууль ёсоо цалгардуулах үүд хаалгыг нээж байгааг ч анзаарсан байна. Ингээд цагдаа, мөрдөн, шүүх,шорон хөгжжээ.

Нөгөө талаас хотшин иргэнших явцад хувь хүмүүс өмч хөрөнгөтэй болж хүчирхэгжжээ. Иргэншил гэдэг нь ерөөсөө хувь хүнийг нийгмээс илүү хүчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хүн хүчирхэг, халдашгүй үлгэрлэвэл тусгаар улсын байдалтай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж. Хэрвээ хээр талд нэг хүн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгүй хээр ганцаар нь хэвтүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэхгүй. Хүн муухай муухай болсон доо ч биш. Өөрийнх нь эрх ашгийг зөрчилгүйгээр гудманд унтаж байгаа хүнийг оролдох, яагаад ингэж байгааг асуух нь наад зах нь тэрхүү хэвтэгчийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг болно. Яг л тусгаар улсын хэрэгт оролцож байгаа аятай. Хэрвээ манай оронд зуд боллоо гэхэд “яав ийв, та нар” гээд Орос юмуу, Хятадын цэрэг өвс ачаад ороод ирвэл ямар байх вэ? Яг л түүн шиг.

Хот өөрийн хүнлэг үзэлтэй, арга барилтай. Харамсалтай нь удаан бөгөөд хүнд сурталтай. Харин бид иргэншиж суурьшиж байгаа ч гэсэн ядуу доройгоо шууд өмгөөлөн хамгаалах, шударга ёсыг газар дээр нь биечлэн сэргээх халуун дулаан сэтгэлээ хадгалсаар яваа билээ. Саяхан даа, Америкт нэгэн монгол залуу зэвсэгт дээрэмчинд буудуулжээ. Сургийг нь дуулахнээ эхлээд дээрэмдүүлсэн байна. Дараа нь зэвсэгт дээрэмчнийг барих, улмаар хохирлоо барагдуулах үүргийг өөртөө хүлээн араас нь хөөж яваад буудуулжээ. Өрнө дорногүй бидний хүнч, өгөөмөр халуун сэтгэлийг бахдаж байна. Гэхдээ бидний гэнэн хонгорыг хамтад нь гайхах бөлгөө.

2009.11.17

Онцлох нийтлэлүүд