ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.20 01:09

"Сайра" лаазалсан загасыг худалдаанаас эргүүлэн татлаа

“Норжин” худалдааны төвөөс лаазтай загас автал улаан өтнүүд байна ямар учиртайг шалгаж өгнө үү” гэсэн иргэний мэдээллийн дагуу 2014 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид "Сонгинохангай" ХХК-ийн "Миний дэлгүүр-102" салбарт худалдаалагдаж байсан "Монгол саплай чэйн" ХХК-ийн ОХУ-ын "Титан" ХХК-аас импортоор оруулж ирсэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 4680009030015 цувралын дугаартай "Сайра" нэрийн нөөшилсөн загасны дээжийг МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд паразитлогийн шинжилгээнд оруулжээ. Ингэхэд /"Асоnthocepha-laeocantpcepala” скребни/ нэртэй загасанд шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймд "Сонгинохангай" ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлэн дээрх үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаартай нөөшилсөн "Сайра" загасны худалдаалалтыг хориглож, 26595 ширхэг сайра загасыг худалдааны сүлжээнээс татан авахуулж, олон нийтэд сэрэмжлүүлэг хийсэн байна. Уг цувралын бүтээгдэхүүн нь 2014.04.15-нд ОХУ-аас Алтанбулаг боомтоор 36000 ширхэг орж ирсэн байна. Татан авсан бүтээгдэхүүнээс давтан түүвэрчилэн дээж авч, МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн тев лабораториудад нийт 110 дээж шинжлүүлсэний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18.1%-д дахин шимэгч хорхой илэрсэн байна.

Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын Титан ХХК-д энэ талаар мэдээлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр МХЕГ-ын даргын 1/2376 тоот албан тоотоор нөөшилсөн загасыг экспортлогч ОХУ-ын "Титан" компанид буцаах шийдвэр гарчээ. Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр "Монгол саплай чейн" ХХК-ий түгээлтийн нэгдсэн төвд битүүмжилсэн 26220 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргаж байгаа аж.

Тус шийдвэр нь хамтын шийдвэр байсан бөгөөд МХЕГ, үйлдвэрлэгч тал, импортлогч тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн асуудал юм байна. Үйлдвэрлэгч тал болон ОХУ-ын хяналтын байгууллагын зүгээс тайлбарлаж байгаагаар тухайн үхсэн шимэгч хорхойн хүний биед сөрөг нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа аж, Гэвч олон улсад мөрдөгдөж байгаа САС-ын стандартаар нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц байхгүй гэсэн заалтыг үндэслэн тухайн үйлдвэрлэгчийн технологийн алдаанаас үүдэлтэй гэж үзсэн байна.

Онцлох нийтлэлүүд