ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.05.05 08:05

Салбар бүрт манлайлагчтай “Нэг ангийнхан”


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа 2000 онд 11 дүгээр сургуулийг Ц.Энхтуул багшаар удирдуулан төгссөн анги хамт олныг урьж оролцууллаа. 2000 онд арван жилээ төгссөн энэ ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш 20 жилийг ардаа үдсэн байна. Энэ ангийнхан маань дөрөвдүгээр ангиасаа эхлэн нэг анги хамт олон болжээ. Эл ангийг 20 хөвгүүн, 13 охин,нийт 33 хүүхэд төгсөж байжээ.11 дүгээр сургууль 1990 онд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болсон байна. Энэхүү сургууль нь физик, математикийн гүнзийрүүлсэн сургалттай болсныхамгийн анхны элсэлтийн анги нь энэ ангийнхан юм. Тухайн үед дөрөвдүгээр ангиас нь математик, физикийн шалгалт авч элсүүлдэг байсан аж.

Ангийн багш Ц.Энхтуул “Манай ангийн сурагч Г.Ишхандын аав Ц.Гантулга багш 48 дугаар сургуульд математикийн гүнзгийгийн багшаар ажиллаж байсан юм. Би Гантулга багшийн ангийг 10 жилд байхдаа математикийн гүнзгий ангийг төгсөж байлаа. Тэгээд Гантулга багш 11 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж, надад хичээл заах урилга өгсөн юм. Социализмын үед манайд хоёр л гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байлаа. Энэ хоёр сургуульд Улаанбаатарын хүүхдүүд бүрэн хэмжээгээрээ хамрагдаж чаддаггүй. Тиймээс тодорхой хэмжээний хүүхдүүд хамрагдан суралцах бололцоог хангахын тулд 11 дүгээр сургуулийг байгуулсан. Сургуулиа байгуулаад нэг жил болоход л нөгөө хоёр гүнзгийрүүлсэн сургалттай хоёр сургуулиа даваад л гараад ирсэн. Ийм л сургуулийг манай ангийн хүүхдүүд 2000 онд төгссөн дөө. 11 дүгээр сургуульд жилд 2000-3000 хүүхэд өрсөлддөг. Нэг ангидаа 20-25 хүүхэд авдаг байсан гэхээр нийт 70-аад хүүхэд л шигшиж авдаг байж” хэмээн хуучлав.

Ангийн хөвгүүн Б.Батболд “33 хүүхэд арван жилээ төгсөөд их сургуульд шалгалт өгөөд КТМС, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд хуваагдан орсон. КТМС-д ороход тухайн үед хичээл сонголт гэх зүйл дөнгөж эхэлж байлаа. КТМС-д энэ тэндээс цугласан хүүхдүүд хоорондоо найзлаад нөхөрлөөд байдаг. Гэтэл манай ангийнхан өөр өөр мэргэжлээр сурч байгаа хэрнээ хоорондоо л найзлаад байдаг. Дөрөвдүгээр курсээ төгсөх болоход бидний талаас нь илүү нь гадагшаа тэтгэлгээр суралцахаар явчихсан. Сүүлдээ гурван, дөрөвхөн хүүхэд ямар ч найзгүй үлдсэн байдаг даа” хэмээн хөхрөлдлөө.

Тэрээр үргэлжлүүлэн ‘Бид анх 11 дүгээр сургуульд ороход социализмын үе дуусаагүй шахуу байсан л даа. Гадаа маш их тоглодог байснаа санадаг. Тэгтэл долдугаар ангиасаа шөнө 12 цаг болчихсон байхад л унтдаггүй. Маш их хичээл хийнэ. Зөвхөн тоо, физикээр бөмбөгддөг. Тухайн үед 11 дүгээр сургууль үнэхээр мандаж байсан. Анги дотроо өрсөлдөнө. А, Б бүлгээрээ өрсөлдөнө.Бид 10 дугаар ангиа төгсөөд тооны шалгалт өгөхөд 20 минутад бүгдийг нь хийгээд дуусгаж байлаа. 15 минут гэхэд ихэнх нь дуусчихсан. За тэгээд Их сургуульд ороход тест гэдэг юм гараад ирчихсэн. Бид чинь уламжлалтын хүүхдүүд. Өгүүлбэртэй бодлого л боддог байсан. Гэхдээ суурь байсан учраас тестийг даваад 33 хүүхэд бүгдээрээ их сургуульд элсэн орсон. Зарим хүмүүс надаас асуудаг л даа. Амьдралд тоо ямар хэрэгтэй юм гэж. Бид өнөөдөр бүгд ажил дээр ч амьдрал ч нэгэн жигд алхаж байна. Бүгд өөр өөрийн салбартаа манлайлж байна. Тооны ганц чадвар ямар нэг зүйлийг хамгийн түрүүнд сурдагт юм. Аливаа зүйлийг бусдаасаа хамгийн түрүүнд ойлгож, түрүүлж хэрэгжүүлдэг. Манай ангийнхан төрөл бүрийн салбарт ажиллаж байна.Ингээд харахаар математик бол маш чухал. Одоо хар л даа. Гадаад хэл өнөөдөр хэрэглээ болчихлоо шүү дээ” хэмээн хуучиллаа.

Тэд маш их ачаалалтай хичээллэдэг байсан гэнэ. Хичээл тараад давтлагандаа суудаг байж. 10 дугаар ангид ороход ангийнхан тухайн үеийн А.Энхжаргал багшийн (ангийн багш Ц.Энхтуулын нөхөр)шар ном гэдгийг аль хэдийнэ дуусгачихсан байж. Хаанаас нь ч бодлого ирсэн нүдээ аниад бодох хэмжээнд хүрчихсэн талаар тэд ярилаа.

Ангийн багш нь хэлэхдээ “Манай ангийн хүүхдүүд гэрийн даалгавар гэж 200, 300 бодлого бодно. Одоо хүүхдүүдэд 10 бодлого өгөхөд дайн болно шүү дээ. Эцэг эхчүүд хүүхэд насандаа тоглох ёстой гэж уурлаж асуудал үүснэ. Хүүхэд гэдэг сурах юмыг сурах цагт нь л сурдаг. Математикт дур сонирхолтой хүүхдүүд хүнтэй харилцах харилцааны шинж чанар нь өөр байдаг. Аль болох хүнийг хүндэтгэж,би энэ хүнээс юу сонсох ёстой гэдгээ мэдэрдэг. Манай ангийн 33 хүүхэд математик, физикийн хичээлдээ үнэхээр сайн байсан. Мөнхдөлийн хувьд анги дотроо хэлний боловсрол өндөртэй хүүхэд байсан. Тухайн үед англи хэлтэй хүн ховор байлаа шүү дээ. Манай ангийнхнаас 60,70 хувь нь гадаадад тэтгэлгээр сурсан. Би шавь нараасаа гадаадад очоод хэлний мэдлэгээ яаж сайжруулсан гэхээр математикт сайн байсны ач холбогдол гардаг гэж хариулдаг. Хүүхдийг ухамсартай, төлөвшилтэй хүн болгохын тулд математикт дур сонирхолтой байх хэрэгтэй. Шинжлэх ухаан талаас нь яривал байгалийн шинжлэх ухааныг цогцоор нь мэдэж байж хүүхэд цаашаа хөгжих, хувь хүн болж төлөвших, мөн чанар бүрдээд байгаа юм” гэсэн юм. Ангийн багш Ц.Энхтуул нь 29 жил физикийн багшаар ажиллажээ. Тэрээр 11 дүгээр сургуульд залуу багшаар очихдоо тус сургуулийн математикийн багш А.Энхжаргалтай гэр бүл болсон гэнэ. Тэрээр одоогоор гэр бүлийн хүний хамт Баянгол дүүрэгт“Эхлэл” хувийн сургууль байгуулжээ. Ангийнхан багшийнхаа сургуульд хүүхдүүдээ өгөх гэж байгаа талаар ч дурдаад амжлаа. Энэ ангийн хөвгүүд хоббигоо нэг болгосон гэнэ. Хоббигоо цугтаа хөгжүүлчихсэн. Зун цагт ангийн хөвгүүд хамт загас жараахайнд явдаг аж.

Ангийн хөвгүүн Мөнхдөл нь Японд сургуулиа төгсөж ирээд бяцхан хувьсгал хийж би ангийн дарга болсон юм. Сургууль төгссөний дараа ангийн дарга болсон хүн дээ би хэмээн инээмхийллээ.

Энэ ангиас дөрвөн хос төржээ. С.Батчөдөр Н.Сувд, Г.Батсуурь Д.Сарангэрэл, М.Ганбат Б.Хоролмаа, Н.Отгонболд Г.Нандин нар аж.

Ангийн хөвгүүн Б.Мөнхдөл нь ХҮН-д харьяалагддаг. Уухай хөдөлгөөний гишүүн юм. Түүний санаачилгаар 11 дүгээр сургуулийн төгсөгчдийн холбоог байгуулжээ. Үе үеийн төгсөгчдөөсөө хандив цуглуулж, сургуулийнхаа урлагийн заалыг бүрэн тохижуулсан байна. 11 дүгээр сургууль хоёрхон анги төгсгөдөг учраас төгсөгчид нь тун цөөхөн байсан аж. Ингээд 1994-2015 оны төгсөлтийн 23 ангиас нийт 23 сая төгрөгийн санхүүжилт босгон сургуульдаа хандивлажээ. Энэ ангийнхан салбар бүрт манлайлагч аж. Түүнчлэн бүгд Их, дээд сургууль төгсөж өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжилтэй. Ангийн хөвгүүн Б.Мөнхдөл нь зах зээлийн шинжээч, Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч, ХҮН-ын Залуу ХҮН клубийн ерөнхий зохицуулагчаар ажилладаг бол ангийн охин О.Анхныбаяр нь KIND Baby хүүхдийн хувцасны үйлдвэр үүсгэн байгуулагч гэнэ. Б.Ариунсанаа нь цэцэрлэгийн эрхлэгч. Б.Батбаатар нь Таван Богд Группт шинэ бизнес хөгжлийн захирал. Б.Батболд нь United Brothers компанийн гүйцэтгэх захирал. Ангийн хос Г.Батсуурь Д.Сарангэрэл нь СуСаНо ХХК үүсгэн байгуулагч, программ хангамжийн инженерүүд. С.Батчөдөр нь үйлдвэр, автоматжуулалтын инженер. Э.Болор нь Японд олон улсын Jefferies хөрөнгө оруулалтын банкинд хувьцааны шинжээч. М.Ганбат нь Эрдэнэс Монгол ХХК-д IT инженер. Б.Ганболд нь Хаан банк, Зээлийн эрсдэлийн газрын ахлах мэргэжилтэн. Харин Т.Жамбал нь Япон улсад Fujitsu корпорацид ажилладаг байна. Ч.Золзаяа нь ЭХЭМҮТ, Хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч. Г.Ишханд нь мөн Япон улсад, М.Майцэцэг нь АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдардаг гэнэ. Харин Г.Нандин, Н.Отгонболд нь Канад улсад мэргэжлээрээ ажиллаж амьдардаг гэнэ. Б.Сосорбарам нь Aspire Mining компанид төслийн менежер. Н.Сувд нь эм зүйч, ШУ-ны доктор. Г.Тамираа нь хувиараа бизнес эрхлэгч. Г.Ундраа нь БСШУСЯ-ны хуулийн хэлтэст. Б.Ундрал нь АНУ-д нягтлан. Х.Уранзаяа нь архитектор бол А.Ууганбат нь IT-гийн инженер аж. Б.Хаш-Эрдэнэ нь барилгын компанид захирал. Б.Хоролмаа нь Дэлхийн банкны "Тогтвортой амьжиргаа 3" төслийн зөвлөх. Ж.Эрдэнэ-Очир нь BSB Сервисдорон нутаг хариуцсан ахлах менежер. Ц.Эрдэнэсайхан программ хангамжийн инженер. А.Чинзориг нь банкир, М.Эрдэнэчулуун АНУ-д аудитор Б.Энх-Ундрам нь Улаан загамлайн нийгэмлэгт даргаар ажилладаг гэнэ.

Энэ ангийнхны ямар эв нэгдэлтэй, коллективтэй анги байсан нь өдгөө 20 жилийн дараа ч тэдний байнга уулзаж, санаа бодлоо солилцож, бие биенээ дэмжиж байдгаас тодхон харагдана.

Онцлох нийтлэлүүд