ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.11.15 08:11

Самандарын Цогтбаяр: Бухимдаж ядаргаатахгүй байхын нууцыг би “Тоншуул”-ынхнаасаа олж авсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер Самандарын Цогтбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Тоншуул”-аар овоглосон эл уран бүтээлч “Учиртай инээд”, “Төрийн төлөө оготно”, “Шог зургууд” зэрэг бүтээлүүдээ нийтийн хүртээл болгожээ.


-Аливааг дандаа хараар харахаас илүүтэй өөдрөг сайхан талаас нь хардаг философи нийгмийг урагш хөтөлж явдаг. Өөдрөг үзэл нийгмийг урагшлуулагч галт тэрэг байлаа гэж бодоход та ч бас толгой зүтгэгчдийн нэг нь байх шүү?

-Хүний амьдрал өөрөө жаргал, зовлон хоёрын нийлэмж. Манай Со гавьяатын үгийг нь бичсэн “Жамаас” гээд сайхан дуу байдаг шүү дээ.

“Нартад хоёрхон үнэн байдаг болохоор

Ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай шүү

Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ

Үнэнд сөгдөж, сайханд ойрхон явъя даа” гээд. Үхэх, төрөх хоёр л үнэн хорвоо шүү дээ.

Тийм болохоор аливаа зүйлийн гэгээтэй талд фокуслаад, анхаараад явбал өөдрөг өнгөлөг амьдрах боломж нь хүн бүхэнд хангалттай нээлттэй бий. Манай Пүрэвбат ламтны хэлэх дуртай, алдартай сайхан үг байдаг даа.

-Ямар үг билээ?

-“Хүн болгоныг алтан нарны гэрэл ялгалгүй ивээнэ. Нарны туяа ялгалгүй тусаж байхад л зарим хүн буруу харсан нүхийг өөрсдөө ухан орж суучихаад “Нарны гэрэл над дээр туссангүй” гэж гоншгоноод гомдоллоод байдаг нь мунхаг хэрэг” гэсэн үг л дээ. Амьдрал дээр яг л ийм байдал анзаарагдаад байдаг. Бид одоо “Нүдээ нээ” гэж байгаа шиг билгийн нүдээ нээгээд харвал энэ нийгэмд маань болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй зүйл асар их байгаа. Миний амьдралд сайн сайхныг түрүүлж харах дадал хэвшил анхнаасаа сайтар суучихсан шиг байгаа юм. “Тоншуул” сонинд хар багаасаа, хүүхэд шахуу байхдаа орсон минь амьдралын том сургууль болсон. Горькийн школа гэдэг шиг миний сургууль бол “Тоншуул” байлаа.

-“Тоншуул” сонинд ч аргагүй агуу сэтгэгчид байсан байх шүү?

-Тэр олон агуу авьяастнуудын дунд миний оюун санаа, амьдралын чиг хандлага бүрэлдэн тогтож. Мэдээж аав, ээжээс заяасан гэр бүлийн суурь хүмүүжил байсан байж таарна. Амьтны эцэг эх болсон хойно хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож өвөг дээдсээс уламжилж ирсэн сайн сайхныг өвлүүлсэн байх. Энэ бүхэн нэгдээд надад амьдралын тухай сайн сайхны чиг хандлага тогтсон байх. Үүгээр явсных алдсангүй. Тэр сайхан хүмүүсийн үг сургаал амьдрал дээр бат нот гэдгийг би одоо амьдралаараа үзчихээд сууж байна. Тийм болохоор тавь жаахан гараад ирэхээр залууст үг хэлэх дуртай болчихдог юм байна.

-Ямар үгээр сургах гээд байх юм?

-Сургах гэдэг утгаараа биш, амьдралдаа алдах вий гэсэндээ тэднээс арай өндөрт гарсны хувьд хэлнэ. Өндөрт гэдэг маань амжилт олсноороо гайхуулах биш туулж ирсэн насаа л хэлж байгаа юм шүү. Тиймээс мацаж яваа залуустаа хэлэх боломж гарахад “Наад замаар чинь явбал унана шүү. Би тэрүүгээр авирч байгаад ар нуруугаараа хэдэнтээ савж ойчсон доо. Үүгээр авирвал ядрахгүй, тайван өгсөнө” гээд оргилд сууж байгаа хүн шиг болчихдог юм байна. Миний залууст хэлэх дуртай үг бол “Амьдралын гэрэлтэй гэгээтэй талд нь яв. Амьдралд хар бараан бүх юм л бий. Хар бараан тэр зүйл дээр фокуслаад байвал чиний амьдрал тэр чигээрээ зовлон гунигт татагдана. Тэгэхээр хар бараан зүйлийг аль болох мартахыг хичээ, үл тоо. Гэрэл гэгээтэй зүйлийг хүчээр ч болтугай бод. Тэгвэл чамд зөв дадал сууна. Зөв дадал чинь хэвшвэл насан туршид чинь чамайг хөтлөөд явчихна” гэдэг юм. Манай “Тоншуул”-ын школа гэдэг чинь энэ. Ердөө л юмыг хөнгөн, айхтар ноцтойгоор биш энгийн хүлээж авах байдал юм. Илүү хошигно, битгий уурла гэсэн зарчим шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаа юмыг айхтар шүүмжлэхийн оронд зүгээр л шоолчих хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүнд чинь болоод чамд л амар. Дотоод амар амгалан гэдэг эндээс л ундарна.

-Нээрээ ч бүх зүйлийг хүндхэн хүлээж авахгүй байвал бухимдаад ядаргаатаад байхгүй юм байна шүү?

-Хошин бай гэдэг чинь их маазраад бай гэсэн үг биш л дээ. Дотно найз нөхдийн дунд бол маазрал бол гайхалтай гоё амралт болдог. Миний эргэн тойронд гэрэлтэй гэгээтэй, амьдралыг гоё талаас нь хардаг хүмүүс байсан болохоор амьдралыг тийм нүдээр харах дадал надад хэвшсэн. Түүнээс биш би өөрөө энэ гайхамшигт нууцыг зохиогоод ч юм уу, бодоод олчихсон зүйл биш л дээ. Хүн өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг сонгож авч болох учраас өөдрөг үзэлтэй хүнээр л найз нөхдөө бүрдүүлчих. Тэгэхээр амьдрал чинь аяндаа гэрэл гэгээтэй болно. “Сайныг дагавал сарны гэрэл” гэдэг шиг хүний найз нөхөд, амраг садан, гэр бүл чиний сонголт учраас чи зөв сонголтоо хийвэл үр дүн нь чамд эерэгээр л тусна. Энэ чинь карма, үйлийн үр. Үйлийн үр гэдэг чинь физикийн хууль.

-Үйлийн үр яахаараа физикийн хууль болчихдог билээ?

-Шинжлэх ухааны үүднээс дэлхийн татах хүч, энерги хадгалагдах хууль зайлшгүйг бид дунд сургуульд бат нот ойлгоод авчихдаг даа. Тэрэн шиг үйлийн үр гэдэг зайлшгүйг ойлгочиход л амьдралд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Өнөөдөр би сайны үрийг эдэлж, сайхан үр тариа хурааж авч байгаа бол хэдэн арван жилийн өмнө хийсэн миний сайн үйлийнх л байх. Хүн бүхэнтэй аав ээж, ах аа, эгч ээ болж явсан үйл маань өнөөдөр санаа амар, аз жаргалтай амьдрахын хөрсийг бүрдүүлээд өгчихөж байгаа юм. Хүндлэл бүхэн зөв явсны үр дүн л гэж ойлгодог. Хүндлэл хайрыг ямар нэгэн эд хөрөнгө, албан тушаалаар биш зөв явсны шагналд хувь тавилан хүнд бэлэглэдэг.

-Нас тавь гараад ирэхээр үйлийн үрийг ойлгоод авдаг юм байж. Зарим хүн нүгэл, буянаа ч ойлгохгүй явсаар насыг барж байдаг даа?

-Нүгэл, буяны тухайд би мах цусанд төрсөн хүн юм чинь аль алиных нь үрийг тарьж л явсан байлгүй. Хүүрнэн өгүүлэх юм бол ууж идэхээс өгсүүлээд наян л юм байна ш дээ. (инээв.сур) Миний амьдралыг тавин боть ном гэж бодвол гучин боть нь нүгэл л байж магадгүй. Монгол эрчүүдийн амьдралд ууж идэх ч юм уу, алдаж байсан тохиол олон байж болно. Тэрийгээ ойлгож ухаарвал бурхнаас заяасан хугацаа гэж бас бий.

-Амьдрал болоод хувь тавилан нийгмийн харилцаанаас шалтгаалдаг гэдэг дээ?

-Бид нүүдэлчин ахуйгаас иргэншээд зуу гаруй жил л болж байна. Нийслэл Хүрээг хэрвээ хотжилт гэж үзвэл дөрвөн зуугаад жил л болж. Яг идэвхтэй урбанизаци гэж яривал үсрээд л дөч тавиад жил болж байна. Улаанбаатарын орон сууцны байрууд баригдаж хотын өнгө төрх бүрэлдэн тогтсон энэ шинэ хэвшил, Б.Цэнддоогийн айхтар бичээд байдаг “Соёлын довтолгоо” бидний амьдралын хэм хэмжээ болж ирсэн нь ердөө зуун жил ч болоогүй байна шүү дээ. Ардчиллын тухайд ч бид сайн муу гээд янз бүрээр ярьдаг. Энэ бол агуу том туршилт явагдаж байна. Бүхэл бүтэн хүний нэгэн амьдралын, нийгмийн солилцоо явагдах хувьсал одоо л дөнгөж эхэлж байна. Хуучин нийгмийн тогтолцоо нурж унаад гурван зуун жаран хэм эргэчихсэн нөхцөлд бид хүлээцтэй, буурьтай, адгамааргүй амьдармаар байгаа юм. Саудын Араб шиг ч юм уу мөнгө төгрөгөөр бульдаж цутгаж босгосон бүтээн байгуулалтыг харчихаад “Хорин хэдэн жилд босдог юм байна” гээд барьцаад байх учиргүй. Хүчтэй эдийн засагтай улсуудын барьчихаад байгаа өндөр барилгуудыг харчихаад бид хорин хэдэн жилийн ололтоо чамлаад байгаа юм. Бид дунд сургуулийн химийн хичээл дээр үздэг байсан туршилт шиг сайн, саарын урвал манай нийгэмд оволзтол буцалж, холилдож л байна. Нийгмийн байгууллын хувьд энэ хорин хэдэн жилийн хувьсал хангалттай хугацаа биш. Одоо хүртэл миний ухамсарт хуучинсаг үзэл байж л байгаа. Бид хэдийгээр аливаа зүйлийг өөрөөр нэрлэж байгаа ч үндсэн хандлага яг л социализмын үеийнхээрээ байгааг би үгүйсгэхгүй.

-Өнөөдөр гэхэд хуучнаар бол Октябрийн баярын өдөр биз дээ?

-Харин тийм, хуучнаа санагалзаад л, нэг л дотно юм шиг санагдаад л, найзуудтайгаа зуун грамм татмаар ч юм шиг л байна. Тэгэхээр нийгмийн ийм инстинкт Баабарын хэлснээр хүний бүхэл бүтэн үе өнгөрч байж солигдоно. Тиймээс би нийгмийн төлөө гэж бухимдаж байгаа нөхдөд “Тайван амгалан байцгаа. Халхын буян заяа хаачих вэ. Монголын минь заяа их шүү дээ. Юм үргэлж сайн тал руугаа шинэчлэгдэж байгаа. Сайн талаа хараад яваад байвал гуравхан сая хүнд болохгүй бүтэхгүй юм алга” гэж хэлдэг юм. Нийгмийн хямрал гээд байгаа юм маань бидний сэтгэлгээнд л байгаа гаж үзэгдэл. Сэтгэлгээндээ бид ядуураад, сэтгэлдээ хар бараан зүйлийг чихээд байгаа болохоос амьдралаа ерэн онтой харьцуулаад харвал асар их баялаг уудам болсон. Ялангуяа уран бүтээлч хүний хамгийн гол зүйл болсон сэтгэлгээний эрх чөлөөнд асар их өөрчлөлт боломж нээгдсэн. Энэ бол миний хувьд үнэхээр залбираад барахын аргагүй том буян. Би энэ буяныг яаж даах вэ гэж бодно уу гэхээс нүгэл хурааж, сайн муугаар хэлэх шалтаг шалтгаан алга.

-Зарим уран бүтээлчид маань жигтэйхэн гутрах юм байна шүү дээ?

-Ишш, юу гэсэн үг вэ, бурхан минь. Эдийн засгийн шальдар бульдар юм бол өнөө маргаашийн л юм байхгүй юу. Хүн ард нь найман тэрбум дөхөж байгаа энэ алаг дэлхий дээр чинь биднээс илүү ядуу, өлсөж зовж байгаа, дайн тулаан, байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа хэдэн тэрбум хүн байна. Энэ их зовлонгийн дэргэд монголчууд бид үнэхээр цамаан бөгөөд сүржигнэгч нөхдийн ярьдгаар тэнгэр заяатай ард түмэн байхгүй юу. Харин энэ их буянаа л даах тухай ярина уу гэхээс өөрсдийнхөө сайхан муухай амьдарч байгаа талаар ёстой яримааргүй санагдаж байна.

-Олон хүн сайнтай, муутай гэгчээр ядуу зүдүүхэн амь зууж буй хэсэг ч байгаад байна шүү?

-Бид магадгүй муу амьдарч байгаа бол бидний арчаа, боловсрол, чадамж, залхуу хойрго, буруу дадлаас л болж байгаа болохоос Монгол Улсад ардчилал гарснаас болсон гэж үнэхээр хэлмээргүй байна. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайя л даа.

-“Эгэл амьдралын хүлээс гэж энийг л хэлэх байх даа” гэсэн нэртэй таны нэг зургийг би нэлээд харлаа л даа. Зурагт, хөгжим, индүү, цахилгаан хэрэгсэл, утас, гар утас гээд элдэв янзын “хүлээсэнд” баглагдаж торлогдсон хөөрхий нэгнийг та дүрсэлж. Амьдралын сайхан зарим үед материаллаг талдаа байдаг л байх. Таны философиор амьдралын хүлээсэнд хэт их автах ямархуу байдалд хүргэнэ гэж бодож байна?

-Бид сайн сайхан амьдрал гэхээр материаллаг талыг их боддог ийм нийгэмд аж төрж байна. Хүмүүсийн мөрөөдөл ч энэ тал руу их хэлбийх болж. Өсвөр насны хүүгээс “Чи ирээдүйд хэн болмоор байна” гэхэд “Би бөх болно” гэх жишээний. Яагаад бөх болох гэж байна гэхээр тэр хүн спортоор хичээллэж өндөр амжилт гарган, улс орныхоо нэр төрийг өргөнө гэхээсээ илүү бөхчүүд санхүүгийн боломж сайтай байна гэдгийг мэддэг болж. Бүхий л зүйл ийм материаллаг сонирхолтой болчихож. Юм л болбол мөнгө ноёлсон нийгэм учраас бидний билгийн мэлмийг хаачихаад байна. Тиймээс билгийн мэлмийгээ нээгээч, хайрын нүдээ, ухаарлын нүдээ нээгээч гэж хэлье. Бурхны духан дээр байдаг мэлмий чинь бидний гуравдагч нүд, дотоод сэтгэлийн хүч, гэгээрэл байгаа юм. Гэгээрсэн хүнээс хэзээ ч муу юм гардаггүй. Ер нь бурхны шашинд зовлонгийн шалтгаан бол мунхаг гэж үздэг. Зовлонгийн шалтгааныг яаж арилгах вэ гэвэл мунхгийг арилгаж гэгээрэх хэрэгтэй гэдэг. Гэгээрнэ гэдэг нь газраас хөөрөх ч юм уу, ямар нэгэн гэрэл харуулж шидийг үзүүлэх биш. Зүгээр л зөв мэдээллийг өөртөө шингээж, юм мэдэх чадамжийг л хэлж байгаа юм. Орчин үед энэ зөв мэдээлэл л хамгийн үнэтэй хөрөнгө болж байгаа. Мэдээллийг хэн удирдаж, ашиглаж чадаж байна, тэр хүн өнөөдөр зах зээл дээр хамгийн хүчирхэг байж чадаж байна. Тийм болохоор эдийн засаг, уул уурхайд анхаарахаасаа илүү хувь хүний хөгжилд л анхаарлаа хандуулах ёстой.

-Хувь хүний хөгжил гэж мянгантаа л ярих юм даа?

-Хүн өөрөө ухаалаг, гэгээлэг байх юм бол аливаа бэрхшээлийг давах, тэмцэх чадвар нь асар их байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэхэд орон гэргүйдэл, өлсгөлөн гачаал, ядуу зүдүү байдлыг хүмүүсийн ёс зүй, шашин, ухамсар нь авч гарсан болохоос ямар нэгэн мөнгө санхүү дааж гараагүй. Дайны үеийн тухай япон кинон дээр гэхэд “Хичнээн ядуу ч гэсэн хулгай хийх ёсгүй” гээд гарч байна шүү дээ. Өлсөж үхэх гэж байсан ч “Би хулгай хийх ёсгүй, хулгай хийхийн оронд үхсэн нь дээр” гэж үзэх ёс зүй бидэнд дутаад байна. Ерэн оноос хойшхи монгол орны амьдрал жинхэнэ үнэт зүйлээ хайсан агуу том хайгуул болоод байгаа. Оюун санааны ийм гайхалтай итгэл үнэмшил байж байж биднийг удирдана. Бид хэн юм бэ гэдгээ хайсаар байгаа эрэл маань Монголыг хэзээ нэгтээ өөд нь татаад босгоно.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд