ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.04.21 03:04

Самсунг-S5 утасны батерей дэлбэрчээ

Түрүү жилийн есдүгээр сард Самсунг компанийн үйлдвэрлэсэн Samsung Galaxy Note 7 гар утас баттерейний доголдлоос болж дэлбэрсэн хэрэг гарч тус компани энэхүү загварын утсаа татан авч багагүй алдагдалд орсноо зарлаж байсан. Өмнө нь Швейцарт 18 настай бүсгүйн өмднийх нь халаасанд байсан "Samsung Galaxy S3" гар утас дэлбэрч тэрээр хөлнөөсөө салах дөхөж байсан.

Харин саяхан монголд ийм явдал гарчээ. М хэмээх бүсгүйн түрүү жилийн наймдугаар сард худалдан авсан “Самсунг-S5” утас гэнэт дэлбэрсэн байна. Тэрээр утасныхаа батерейг үл ялиг бөмбийсөн байхыг олж хараад утасныхаа тагийг бүрэн таглах гэж дарж үзсэн боловч болоогүй байна. Тэгээд батерейгаа аван бичгийн ширээн дээрээ тавьтал гэнэт сонин дуу чимээ гарчээ. Дэлбэрч магадгүй гэж бодон өрөөнөөс дөнгөж гаруут ард нь чад пад хийн дэлбэрч утаа, хиншүү нь дээш олгойджээ. Ширээн дээр байсан цааснууд бүгд шатан компьютерийн гар болон утаснууд нь яах ийхийн зуургүй гал авалцсан байна.

Тэрээр энэ тухай ярихдаа, “Үнэхээр сүртэй дэлбэрдэг юм байна лээ. Маш их тортог гарсан. Түүнээс болж хөөрхий загаснууд маань хордоод их сонин болчихсон. Ширээн дээр тавьсан нь болсон байна лээ. Гар хөлөө түлээгүй. Дээрээс нь хөшигөнд ойрхон байсан бол гал авалцан нэлээд хохирол амсах байлаа” хэмээн ярьсан юм. Иймээс энэ загварын утасны батерей нь жаахан л бөмбийсөн байвал бушуухан арга хэмжээ аваарай, аюултай юм байна шүү гэж тэрээр захилаа.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд