ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.01 10:07

Санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн ДАШТ

Ван Персигийн супер гоол

Бразил улсад явагдаж байгаа 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхний өдрөөсөө л үйл явдал арвинтай хэрүүл маргаан ихтэй тааж үл болом үр дүнтэй тэмцээнүүд хойно хойноосоо цувж байна. Эхний өдрийн тоглолтод бразилчууд Хорватын багийг 3:1-ээр ялсан ч тэдний хоёр дахь гоол маргаан дагуулсан хэвээр үлдлээ. Энэ гоол торгуулийн цохилтоос орсон бөгөөд чухам торгуулийн цохилт байсан эсэх тал дээр аль аль багийнхан нь өнөөг хүртэл маргаж байна. Испаничууд урьд өмнө нь үзээгүй хожигдлоо мөнхийн өрсөлдөгч голландчуудаас амслаа. Энэ тоглолт маргаангүй зургаан гоолтой дууссан бөгөөд нэг нь нөгөөгөөсөө дутахааргүй уран гоё гоолуудыг үзэв. Уругвайн баг нэлээн дээгүүр давхих багуудын нэгд тооцогдож байсан ч эхнийхээ тоглолтод энэ ДАШТ-ий хамгийн муу баг гэгдэж буй Коста-Рикод эвгүй хожигдов. Өчигдөр өдрийн хамгийн сүүлчийн тоглолт болох Кот’д-Ивуар-Японы баг бас л сонин үйлдэлтэйгээр өрнөв. Япончууд хоёрдугаар үеийн дунд хүртэл ямар ч зовлонгүйгээр хошуучилж явсан. Гэтэл 60 дахь минутад Кот’д-Ивуарын амьд домог Дрогба талбайд гарч ирснээр нөхцөл байдал 180 градусаар эргэлээ. Тийм ээ, Дрогба юу ч хийгээгүй. Гэхдээ тэр талбайд гарч ирсэн нь багийнханд нь үл ойлгогдох сэргэлт өгсөн гэдэг нь гарцаагүй. Дрогбаг талбайд гарч ирснээс хойш таван минутын дотор африкчууд хоёр гоол хийснээр ялалт байгууллаа.

Бразил –Хорват 3:1

Хорватын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ковач: Ямар ч торгуулийн цохилт өгөх шалтгаан байгаагүй. Дэлхийн сая, сая хүн үүнийг хүлээн зөвшөөрнө. Яах юм бэ ийм заваан юмаар. Шүүгч ингэж тусална гэх юм бол Бразилийн шигшээ багт шууд л цомыг нь өгчихье л дөө. Цирк биш юм уу.

Бразилийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сколари: Ковач юу гэсэн гэнэ ээ. Сая, сая хүн хараагүй гэж үү. Талбайн шүүгч л харсан бол болоо ш дээ. Тэнд алдаа байсан уу байсан. Гэхдээ тэр торгуулийн цохилт байсан ч үгүй ч бид хожсон л биз дээ. Юун цирк яриад байгаа юм бэ. Пеле, Гарринчи, Роналдо гээд хүмүүс циркт наадаж байгаа дэлхийн аварга болсон юм уу. Шал балай юм.

Япон-Кот’д-Ивуар  1:2

Японы шигшээ багийн хагас хамгаалагч Кэйсүкэ Хонда энэ тоглолтод нэг гоол хийснээр ДАШТ-д оролцсон, оролцож буй япон тоглогчдын дунд мэргэн бууч хэмээн цоллуулахаар болж байна. Тэр өмнөх ДАШТ-ий үеэр хоёр гоол оруулсан, энэ удаагийнхтай нийлээд нийт гурван гоолтой боллоо.

Англи-Итали 1:2

Чезари Прандели (Итали)-Энэ халуунд ийм хурдтай тоглоно гэдэг хэцүү. Англичууд хоёрдугаар үеийн эхэнд л сууж эхэлсэн, тэдний шөрмөс татаад байгааг анзаарсан уу. Энэ чинь бид бэлтгэл сайн хийснийг баталж байгаа юм.

Жерард (Англи)-тооноос бусад нь таалагдсан тоглолт боллоо. Бид хөдөлгөөн ихтэй, довтолсон, идэвхтэй хөлбөмбөгийг үзүүлж чадсан гэж бодож байна. Дөрвөн жилийн өмнөх үеийгээ бодвол илүү довтолж тоглосон гэж бодож байна.

Мэргэн буучдын жагсаалт:

Робин ван Перси (Голланд)- 2 бөмбөг

Арьен Роббен ( Голланд ) – 2 бөмбөг

Неймар  ( Бразил) -2 бөмбөг

Онцлох нийтлэлүүд