ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.30 04:11

Сансарын нисэгч М.Ганзоригт зориулсан дурсгалын самбар босгов

Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзоригт зориулсан хүндэтгэлийн самбарын нээлтийн ёслол Сансар од эрхсийн ордны "Сансар" танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БШУЯ, ШУА, Одон орон, геофизикийн судалгааны төв, Информатикийн хүрээлэн, "Сансар-81" ТББ хамтран зохион байгуулав. Хүндэтгэлийн самбарт түүний намтар, "Интеркосмос" сансрын хамтарсан нислэгт Монголын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар Ж.Гүррагчаатай гурван жилийн хугацаанд хэрхэн бэлтгэл хийж байсан тухай, Монгол Улсын шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмэр, Монголд анх ирж байсан АНУ-ын нисгэгч Клаев Мэйрийн хамт авахуулсан түүхэн зураг, түүний хамт олон, монгол орны газарзүйн байрлалыг сансраас авч байсан зураг зэргийг байршуулжээ. Энэхүү хүндэтгэлийн самбар нь Монгол хүн сансарт нисэхэд хэрхэн бэлтгэгдсэн, түүний хийж бүтээсэн ажил, амьдралын талаар түүхэн үйл явцыг харуулж, Сансар од эрхсийн ордныг үзэж сонирхож буй хүн бүр, хүүхэд багачуудад танин мэдэхүйн өргөн мэдлэг олгож буйгаараа онцлогтой. Мөн түүний 30 гаруй жилийн хугацаанд туурвиж байсан эрдмийн бүтээл, туурвилын дээжсийг дэлгэжээ.

Онцлох нийтлэлүүд