ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.09.06 04:09

Сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ

УИХ ээлжит бусаар хуралдахгүй гэдэг нь бараг тодорхой боллоо. Сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ. Жил бүрийн намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол дараа жилийн төсөв. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ хугацаанд амжиж батлахгүй бол УИХ өөрөө тарах хуулийн зохицуулалттай учраас шөнө дөлөөр хуралдаад ч болтугай баталдаг. Энэ жил ч мөн ийм байдал давтагдах бололтой. Төсөв шиг заавал батлах ёсгүй ч намрын чуулганы эхэнд зайлшгүй хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал байна. Эдгээр асуудал нь улс төрийн маргаан дагуулсан, зөвшилцөл шаардсан хэлэлцэхэд амаргүй төслүүд. Товчхондоо улс төр дэх намрын халуун өдрүүд намрын чуулган нээлтээ хийх өдөр буюу аравдугаар сарын 1-нээс эхлэх нь.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ

Засгийн газар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан. Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр илгээгээд байгаа юм. Ерөнхийлөгчийг хариу өгсөн даруйд УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн. Намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал зайлшгүй мөн. МАН Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайдаар хэнийг томилохоо шийдэх гэж багагүй хугацаа зарцуулна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн наймдугаар сарын 22-нд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх ёстой. Уг асуудлыг хэлэлцэх үед улс төрийн маргаан их гарах нь ойлгомжой.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ГОМДЛЫГ ТАЙЛАХ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулах саналаа хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. Намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд уг асуудал дахин яригдаж эхэлнэ. УИХ-ын дарга уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн ч тус байнгын хороо ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Тиймээс намрын чуулганы эхэнд уг асуудлыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлагатай.

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР БАТАЛЖ, МАКАОГААС МОНГОЛ ИРГЭДЭЭ АВЧ ИРЭХ

Засгийн газар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаотой хийх ялтан шилжүүлэх хэлэлцээрээ батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэхүү хэлэлцээрийн төсөлд 2017 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд одоо соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Энэ оны байдлаар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын 13 иргэн гэмт хэрэгт холбогдож, 12 нь хорих ялаар шийтгүүлээд байгаа аж. Тэдний зарим нь эх орондоо ялаа эдлэх хүсэлт ирүүлжээ. Тэд УИХ ялтан шилжүүлэх хэлэлцээр батлахыг тэсэн ядан хүлээж байгаа. Засгийн газар уг хэлэлцээрийг яаралтай батлуулах хүсэлтэй байгаа юм байна.


Онцлох нийтлэлүүд