ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.07.18 02:07

​СВОП хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгав

Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл дахин 2020 он хүртэл үргэлжлэхээр боллоо.

Своп хэлцлийн гол зорилго нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд оршино. Своп хэлцлийг сунгаснаар хоёр улсын Төв банк хоородын хамтын ажиллагаанд чухам алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, валютын захад юанийг түргэн шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой.

Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд анх 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэсэн юм. Тэгвэл 2014 он байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны наймдугаар сард дуусахаар байсныг ийнхүү дахин гурван жилээр сунгалаа.

Онцлох нийтлэлүүд