Улс төр
2021.05.05 01:05

СЕХ: АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж авахаас татгалзлаа

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгч байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсон.

СЕХ зөвхөн нэг материалыг хүлээн авах бөгөөд иймээс намын дотоодын асуудлыг шийдэх хугацаа өглөө. СЕХ-ны удирдлага хоёр талын төлөөллийг 18.00 цагаас хойш хүлээн авахаа хэлэв.

СЕХ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авахаас татгалзлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодрох ёстой. Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна" гэв.

Онцлох нийтлэлүүд