ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.05.03 08:05

Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөх юм биш үү

Монголчууд эх орноосоо сүүлийн үед их дүрвэж байна. Сүүлийн нэг жилийн байдлаар эх орноосоо дүрвэсэн монголчуудын тоо 30 мянгад хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ. Дүрвэгсэд гэж яагаад хэлэв гэхээр эдгээр хүмүүс бүгдээрээ “Эх орондоо ингэж амьдарснаас харийн оронд амьдарсан нь дээр” гэж үзсэн юм. Монголын дүрвэгсдийн урсгал боломжит бүх орон руу чиглэж байна. Ялангуяа Солонгос руу эрс нэмэгдсэн учраас тус улсын Монгол дахь Элчин сайдын яамнаас визний нөхцөлөө айхавтар чангарууллаа. Солонгост 31 мянга, Америкт 20 мянга, Японд зорчихоор жилд 5000 хүн виз мэдүүлдэг байснаа өнөөдөр 10 мянга болчихоод байна. Энэ мэтээр улс нэг бүрээр тоог нь гаргаж болно. Зөвхөн Скандинавын хойг руу гэхэд манайхаас 7000 гаруй иргэн дүрвэжээ. Ямартаа л дэлхийн халуун цэгүүд болох Сири, Ливи, Иракийн иргэдийг хүлээж авдаг Швед улс манай улсыг халуун цэгийн тоонд оруулж тооцсоныг манай төр засаг анзаарсан уу, үгүй юу. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг юм шүү дээ. Гэтэл манайх 7000 орчим. Ялгаа байхгүй муухай ойрхон байгаа биз. Эдгээр улсын иргэд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлахдаа өнөөх л дэлхийг жигшээж буй аллага хядлага, дайн самуунаа ярьдаг. Манайхан юугаа ярьж явааг мэдэхгүй, монголчууд бидний ярьдаг “Эр хүний 13 мэх”-ээ хэрэглэдэг тухай л сонсогдох боллоо. Монголоос жилд 30 мянган иргэн гадагшаа дүрвэж байна гэж үзвэл өдөрт 80 орчим хүн гадагшаа явж байна гэсэн үг. Өнөөдөр дэлхийн шүдний өвчин болсон Сири улс 2011 онд 23 саяулаа байгаад өнөөдөр 17 сая болчихоод байгаа юм. Гурван жилийн хугацаанд хоёр сая орчим нь амь үрэгдсэн. Үлдсэн дөрвөн сая нь дүрвэжээ. Жилд нэг сая гаруй хүн эх орноосоо зугтаажээ. Монголын гурван сая хүний 30 мянга, Сирийн 23 сая хүний дөрвөн сая хоёрыг хүн амын тоогоор нь, пропорцоор нь харьцуулбал манайх Сирийнхээс давчихаад байна. Энэ эмгэнэл биш үү.

Албан ёсны тоо баримтад дурдаж буйгаас vзвэл гадаадад гарсан манай иргэдийн тоо 200 мянга гэж жил хагасын өмнө мэдээлж байлаа. Өнөөдөр 300 мянга гарсан гэж мэдээлж байна. Энэ тоо сүүлийн нэг жилд хурдацтай өсчээ. Зарим судалгааны байгууллагууд бодит байдал дээр энэ тоо хоёр дахин илvv байгаа гэж хүртэл мэдээлжээ. Зөвхөн АНУ-д гэхэд албан ёсоор 20 мянга гаруй хvн бий гэдэг ч энэ тоо аль хэдүйн хол давжээ. АНУ-ын 51 мужид бvгдэд нь монголчууд аж төрж байгаа гэсэн мэдээллийг АНУ-ын талаас гаргаж өгсөн гэнэ. Гэтэл гадаадад аж төрж буй иргэдийн 80 гаруй хувь нь хууль бус гэжээ. Тэгэхээр чинь дүрвэгсэд гэж хэлэх нь зөв биз дээ.

Яагаад ийм байдалд хүрэв. Хамгийн гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурал, ажилгүйдэл, мөнгөний хомсдол, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль, танил талгүй бол ямар ч ажил урагшаа явах аргагүй болсон байдал, бизнес эрхлэх боломжгүй болсон зэрэг нь Монгол Улсын мянга мянган иргэнд эх орноосоо дүрвэх шалтгаан болжээ. Энэхүү дүрвэн дайжилт өнөөдөр улам эрчээ авсаар байна. Яагаад ийм байдалд хүрснийг шулуухан хэлэхэд Монгол дахь эдийн засаг-улс төрийн эрх мэдэл бүхий бүлэглэл, мафиудын хоорондын тэмцэл өнөөдөр цадигаа алдсанаас үүдэлтэй юм. Мафиудын зөрчилдөөний үр дагавар иргэдийг ийнхүү дайжиж, дүрвэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ. Мафиудын хоорондын тэмцэл Монголд ядуурлыг, ажилгүйдлийг, мөнгөний хомсдолыг туйлд нь хүргэлээ. Ард түмнийг гудамжинд гаргалаа, үнсэнд хаясан шалз шиг гэж монголчууд ярьдаг даа, ард түмнээ яг л тийм болголоо. Монголын мафиудын хоорондын тэмцэлд өнөөдөртөө лав төгсгөл дуусгал харагдахгүй байна.

Монголын ашигт малтмалыг булаацалдсан мафиудын тэмцэл Монголын эдийн засагт юуг ч урагш нь хөдөлгөсөнгүй. Монголын саалийн таван үнээ гэгдсэн Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Цайрт минерал, Асгатын орд... аль нь ч улс орондоо ашиг тусаа өгөхгүй гацчихлаа. Үүний цаана хөдлөх ёстой байсан өөр олон олон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөнгүй, бүгд царцлаа. Эргээд ерэн оныхоо хандлага руу орлоо. Монголчууд өнөөдөр мал махаа, жаахан ноолуураа, гурил будаагаа л яриад эхэлж байгаа биз дээ. Ерэн оны нийгмийн хүндрэлийн үед монголчууд эдгээрийг л ярьсан биз дээ. Энэ хэд л аминд нь орсон биз дээ. Өнөөдрийн эдийн засаг-улс төрийн бүлэглэл, мафиудын зөрчил тэмцэл эх орноо, ард түмнээ эргээд ийм арчаагүй байдалд авчирлаа. Тэртээх 20 жилийн өмнө монголчууд Солонгос руу мянга мянгаараа дүрвэн гарсан. Өнөөдөр тэр байдал руугаа шилжлээ. Монгол Улс өнөөдөр хөгжлийн тодорхой үе шатанд хүрчихсэн байх ёстой байтал ерэн оны дүр зураг руугаа эргээд очиж байгаа нь үнэхээр гунигтай байна.

Монгол оронд өнөөдөр хүчээ авсан мафиудын тэмцлээс дайжиж барууны орнуудад очсон хүн бүр яаж ийж байгаад гэр бүлийнхнийгээ татах ажилдаа орцгоосон байна. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Өнөөдрийн төр засагт байгаа хүмүүсийн зарим нь “Эх орноосоо битгий яваарай” гэх шиг юм яриад эхэллээ. Хамгийн хоржоонтой юм чинь энэ шүү дээ. Асашёрюү Дагвадоржоос эхлээд гадаад ертөнцөд сайхан амьдарч байсан олон олон монголчуудыг “Монголдоо ирж сайхан амьдар, Монгол чинь та нарыг өлгийдөн авна” гэж уриалан дуудсаар авчирсан. Авчирсан хойноо тэднийг хэн болгов. Нэр төрийг нь гутааж байна, мафи хоорондын тэмцэлдээ хутгаж шоронд хийж байна, ингэж хохирсон олон хүний жишээг энд дурдаж болно. Эх орондоо ирээд ийм хүнд байдалд орсон зарим нь байдгаа барж авлигал, мөнгийг нь өгч шоронгоос гараад шалавхан гадагшаагаа зугтаасан. Хууртагдаж Монголдоо ирээд бүгд л хохирч байна шүү дээ. Хэн хожсон юм бэ, хэлээд өгөх хүн байна уу. Америкт амьдарч байгаад ирсэн тэр маань эх орондоо ирээд илүү сайхан амьдарч байна, ийм ийм зүйлийг хийж бүтээлээ, үйлдвэр байгууллаа, ашиг орлого нь арвин байна хэмээн сайхан мэдээ дуулгах хүн байна уу. Ирсэн шувуу буцдагийн үлгэрийг Монголоос хангалттай харж эхэллээ. Гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байсан бүх хүн буцаад гадаад руугаа зугтлаа, араас нь хэдэн мянгаараа амьдрахын тулд, хоолтой хувцастай, дарамт шахалтгүй амьдрахын тулд дүрвэцгээж эхэллээ. Ийм нөхцөл байдлаас гарах эхний алхам бол хүн бүрийн мэдэж байгаа ашигт малтмалын том ордуудыг булаацалдсан эдийн засаг-улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын хурц тэмцэлд цэг тавих явдал юм. Гэвч мафиудын тэмцэл хэзээ эцэс болохыг хэлэх аргагүй байна. Өнөөдрийн үнэн бол монголчууд л гадагшаа дүрвэсээр байгаа нь үнэн байна. Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөж эхэлсний нэг жишээ бол хоёр сарын өмнө Европт цагаачилж очсон манай улсын нэг гэр бүлийн хоёрт тэнд багшилдаг сири эмэгтэй тус болсон явдал юм, ямарав дээ. Зовлон нэгт ахан дүүс болцгоосон юм биш үү.

Онцлох нийтлэлүүд