Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.01.12 10:01

Си Жинь Пинийн эрин үеийн Хятадын гадаад бодлогын 10 онцлох шинж

2012 оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын 18 дугаар Их хурлаар БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Ерөнхий сайд Вэн Зябао нар шинэ үеийн удирдлагад халаагаа өгч Си Жиньпин, Ли Кэцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг авсан билээ. Дараагийн ХКН-ын 19 дүгээр Их хурал 2017 оны намар Бээжин хотноо болох товтой байна.

Эдүгээ БНХАУ-ын гадаад бодлогод Дэн Сяопины “Нээлттэй хаалга”-ны, Зян Зэминий “Өөрийн орны ашиг, сонирхлыг нэмэгдүүлэхэд тухайн нөхцөл, байдалтай уялдах”, Ху Зиньтаогийн “Тайван замаар улсаа хөгжүүлэх” бодлогууд багтана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын удирдлага өнөөгийн улс төрийн тогтолцоог илүү нээлттэй болгох, авлигатай тэмцэх, иргэдийн санал, шаардлагыг сонсох, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой алхмуудыг хийж байна.

Си Жиньпин БНХАУ-ын удирдагч болсноор ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр ахиц гарч, улмаар Хятадын гадаад бодлого илүү санаачилгатай, хүчтэй, бие даасан шинжтэй болсон билээ. Мөн түүнчлэн Жиньпин Ерөнхийлөгч гадаад ертөнцөд өөрт хамгийн ашигтай байр суурийг эзлэхийг хичээн эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад чиглэсэн бодлого явуулж байна.

Си-гийн Засгийн газрын гадаад бодлогын 10 онцлох шинжийг дор дурдъя.

1. Си Жиньпин намын удирдлагын залгамж халааг авахдаа “Socialism core value” буюу “Социализмын үнэ цэнэ”-ийг танилцуулсан. Социализмын үнэ цэнэ гэдэг нь “хөгжил цэцэглэлт, ардчилал, соёл иргэншил, эв нэгдэл, эрх чөлөө, тэгш, шударга байдал, хууль ёс, эх оронч үзэл, чин сэтгэл, үнэнч, нөхөрсөг байдал” зэргийг багтаасан ойлголт юм. Сайтар ажиглавал Си Жиньпинийн Засгийн газар барууны үнэт зүйлс болох “ардчилал”, “хүний эрх” зэрэг ойлголтыг өнөөгийн Хятадад хуулбарлаж байгаа мэт харагдаж байгаа боловч Хятадын тал барууныхантай ижил сэдвээр, ижил түвшинд харилцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

2. Хятад улс Иракийн дайнаас хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал өгөхөөс түдгэлзэх хандлага гаргаж байсан боловч АНУ-ын Исламын бүлгийн орнуудад чиглэсэн агаарын довтолгооны үед Барууны орнууд чимээгүй байхад Хятад улс дэмжлэг үзүүлж байсан билээ. Одоо Си-гийн эрин үед, Хятадын түдгэлзэх хандлага улам бүр багассаар байна.

3. 2013 онд Си даргын дэвшүүлсэн, гол сэдэв бол “Хятад мөрөөдөл”. Энэхүү уриа нь ард түмний дунд нийгмийн хөгжлийн тэгш байдлыг бий болгохоос гадна цаашдаа “Америк мөрөөдөл”-ийг гүйцэж түрүүлэх хэтийн зорилготой нь нууц биш билээ.

Ху Зиньтао дарга “Хятадын загвар болох улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, төрийн шууд оролцоотой зах зээлийн эдийн засгийн загварыг өөр оронд хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь улс орны хөгжлийн гарц өөр хоорондоо ялгаатай байдаг” гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ. Гэтэл Си дарга эсрэгээр “Хятадын загвар”- ыг олон улсад түгээж зарим хөгжиж буй орнууд эдийн засгийн загвараа болгон ашиглаж байна. Энэ нь Хятадын гадаад бодлого хэр гадагшаа чиглэлтэй байгааг харуулж байна.

4. Си Жиньпин Хятадын гадаад, дотоодын аюулгүйн бодлогыг нэгтгээд "Үндэсний аюулгүй байдал" гэсэн нэгэн үзэлд хамруулж, Засгийн газрыг цомхотгож, илүү ил тод, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй засаглал бий болгохыг хичээж байна.

5. Хятадын Өмнөд тэнгисийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд Cи-гийн Засгийн газар маргаантай хэсгүүдэд хатуу чиг баримтлахаар шийдсэн байна. Газар нутгийн маргаантай хэсгийн төлөөлөл бол Зүүн тэнгис (Сенкакү арлууд) болон Өмнөд Хятадын тэнгис (Спратли арлууд) зэрэг билээ. Хятад улс өөрийн санаачилгаар Зүүн тэнгист Зүүн тэнгисийн агаарын хамгаалах бүсийг тогтоосон нь Өмнөд Хятадын тэнгист мөн адил агаарын хамгаалах бүс тогтоох вий хэмээн зарим барууны орнууд сэрдэж байна. Мөн Парасели, Спратли арлууд болон Жунгша арлуудыг хянах “Санша” нэртэй хиймэл арлыг (Газрын гүний хөдөлгөөнийг зогсоох зорилготой барьсан арал гэсэн мэргэжлийн тайлбартай) байгуулсан нь тэдгээр арлуудын бүрэн эрхт байдлыг хамгаалсан бодлого явуулж буй нь харагдаж байна.

6. Си-гийн засаглал дор Хятадад олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд хүч түрэн идэвхтэй байгуулагдаж байна. 2013 онд БРИКС-ийн хөгжлийн банкны төв Шанхай хотод байгуулагдсан. Хятад улс тус банкны Онцгой байдлын нөөц сангийн бараг тал хувийг эзэмшдэг. Дараа нь 2014 онд Азийн бүс нутгийн интеграцийг дэмжих Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банктай адил зорилготой юм. 2014 онд Хятадын Бээжин хотноо зохион байгуулагдсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпин "АПЕК-ийн худалдааны чөлөөт бүс" байгуулах санааг өргөн дэвшүүлсэн. Энэ нь Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэл (RCEP) болон Транс-Номхон далайн түншлэл (TPP) зэрэг олон улсын байгууллагуудтай ижил төстэй юм.

7. "Нэг бүс, нэг зам" төсөл нь Оросын Төв Ази дахь нөлөөллийг тэнцвэржүүлэх далд зорилготой. Энэхүү төсөл нь далайн эргийн хөгжлийг эх газрын дунд байрлаж буй орнуудад түгээх, мөн Европ, АНУ, Япон улсаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилготой юм. Хятад улс нь "Хятад загвар"-ыг бусад орнуудад сурталчилж, улмаар дэд бүтцийн загвар, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг хөрш зэргэлдээ орнуудад түгээх стратегийн сонирхолтой бодлого явуулж байна. Ингэснээр, Ази, Номхон далайн улс орнууд аажмаар эдийн засгийн хувьд БНХАУ-тай хамааралтай болох юм.

8. 2015 оны тавдугаар сард Си Жиньпин "Азийн аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын талаар мэдээлэл хийсэн. Энэ нь "Хятад загвар", "БНХАУ-ын үнэ цэнэ" зэрэг ойлголтуудын үргэлжлэл болсон билээ.

9. Мэдээлэл улам бүр даяаршиж, ардчилал сэргэн хөгжиж байгаа энэ эрин үед Хятад ч бас ард түмнийхээ дуу хоолойг сонсох технологийн нээлттэй бодлого явуулж байна. Мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятад улс өөрийн имижээ дээшлүүлэх тал дээр урьд урьдаасаа эрчимтэй ажиллаж байна.

10. БНХАУ-ын төрийн болон хувийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийн дийлэнх нь гадаадын мөнгө угаах хэрэг байдаг ба авлигын эсрэг тэмцэхэд Си Жиньпин дотоод, гадаадын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан. Түүний хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх болон үндсэрхэг хөдөлгөөнүүд нь өргөн далайцтай явагдаж байна. Мөн Си монопол бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг үнээ буулгахыг шаардсан бөгөөд үүнд Microsoft болон Mercedes-Benz зэрэг гадаадын том корпорациуд орно.

Ойрын жилүүдэд Хятадын гадаад бодлого ийнхүү өнөөгийн чиг хандлагаа баримтлан тогтвортой хөгжих төлөвтэй байна. Улс орных нь эдийн засаг болон цэрэг армийнх нь хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тус улсын гадаад бодлого цаашдаа хэрхэн өрнөх нь олон улсын судлаачдын анхаарлыг улам илүү татах нь эргэлзээгүй.

Л.Даваажаргал


Онцлох нийтлэлүүд