ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.18 12:07

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ зурган илэрцүүд

Долдугаар сарын 17-ны даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Нийт дуудлагын 195 нь зам тээврийн ослын дуудлага байсан бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найман ослын улмаас найман хүн гэмтсэн бол машинууд мөргөлдсөн хоёр ослын улмаас нэг хүний амь нас хохирч, таван хүн гэмтжээ. Мөн нэг машин онхолдож, гурван хүн бэртэж гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тухайлбал, урьд шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины “Prius-20” маркийн автомашин “Prius-11” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд “landcruiser” маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Энэ бүхнээс үүдэн эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Онцлох нийтлэлүүд