ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.01 08:05

Согтуу залуус “Counter strike” тоглоомд гардаг шиг л буудалцжээ

Энэ сарын 27-нд өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд хүн амины хэрэг гарсан билээ. Жаргалант сумын иргэд "Сэлэнгэд айлын мал маллаж байсан нэг залуу эзнийхээ машин, бууг хулгайлаад зугтаж явсан юм биш үү. Тэгээд Загдалд ирээд бас нэг малчин залуутай архи ууж байгаад биенээ хутгалж, буудалцсан юм дуулдсан. Сэлэнгээс зугтаж явсан тэр залуу хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа оргоод манай суманд ирсэн гэж сонссон" хэмээцгээж байлаа. Сумын төвд дэлгүүр, хоршоо, банкаар үйлчлүүлж байсан хүмүүс "Өчигдөр манай суманд хүн амины хэрэг гарсан гэнэ. Сэлэнгэд айлын мал малладаг байсан залуу энд ирээд айлын туслах малчныг долоо хутгалаад алчихаж", "Цагдаа нар хүн алсан залууг баривчлахаар очиход өөдөөс нь буудсан гэсэн", "Хутгалуулсан залуу эмнэлэгт ирээд сэхэл авахгүй байсаар нас барсан юм биш үү", "Сэлэнгээс ирсэн залуу нь нас барсан юм уу, нөгөөх нь амиа алдсан юм уу, бүү мэд. Ямар ч л байсан хүн нас барсан гэнэ лээ" хэмээн ойр зуураа ярьцгаах аж. Жаргалантынхан эл хэргийн талаар 28-ны өглөө л сонсчээ. 

Сумын цагдаагийн хэсэгт очиход хаалгыг нь том хар цоожоор цоожилчихож. Үүд хавиар нь хөлхөх хүмүүс "Цагдаа нар Загдал руу явсан байх. Тэнд хэрэг гарсан гэсэн" хэмээв. Тэндээс Загдал баг руу хөдөллөө. Хэрэг Загдал багаас баруун хойш нэлээд зайтай байх Бүрэгтий гэх газарт болсон юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 27-ны өглөө найман цаг өнгөрч байхад хөх өнгийн портертой нэгэн залуу Загдал багийн урдуур хойгуур өнгөрч, баахан холхисон талаар нутгийнхан ярьж байлаа. Тухайн үед тэндхийнхэн нэг их анзаарахгүй "Ямар айлын хүргэн юм бол. Хэнийд ирсэн юм бол" хэмээцгээгээд өнгөрч. Тэгтэл өнөөх залуу баг дундуур машинтайгаа давхиж, нутгийн залуусыг өдөж, хор­гоож өөрийгөө шийдсэн нөхөр, юунаас ч айдаггүй, хэнийг ч болов цохиод унагачихдаг шилийн сайн эр мэтээр ярьж байжээ.  

Түүнийг харсан хүмүүс намхан нуруутай, бор ца­райтай, саравчтай малгайтай явсныг хэлж "Халаасандаа гараа хийчихсэн, их л таа­халзсан алхаатай залуу байсан. Архи үнэртүүлчихсэн. Гэхдээ яадгаа алдталаа уугаагүй харагдсан" хэмээлээ. 

Тэр залуу мотоцикльтой малчидтай уулзан "Сэлэнгэ явах гэсэн юм. Таван литр түлшээр дугуй солихгүй биз. Арын давхар дугуйнуудаараа солино шүү" хэмээн явсан гэнэ. Тэгтэл өдөр 14.00 цагийн алдад тэрээр багийн хойд хөндийд машин дээрээ мотоцикль ачиж байж. Хажууд нь бордуу хүрэмтэй, гэзэгтэй залуу зогсч харагдсан гэнэ. Түүнээс хойш хөх портертой залуу дахиж харагдаагүй гэлээ. 

 
Харин Бүрэгтийнхэн болсон хэрэг явдлын талаар ийн ярилаа. 

Сэлэнгэд айлын мал малладаг А.Амартүвшин гэх залуу эзнийхээ ачааны машин, "ТОЗ-8" маркийн калибр бууг хулгайлаад зугтжээ. Тэрээр хулгайн хэргээр өмнө нь хэд хэдэн удаа ял эдэлж байсан бөгөөд ийм хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэгэн юм байна. Түүнийг Чингэлтэй дүүрэгт айлын зуслангийн байшинг ухсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан ч оргож Сэлэнгэд очсон аж. Тэнд нутгийнхны итгэлийг олж аваад машин, бууг нь хулгайлсан юм байна. 

А.Амартүвшин нэгэн залуутай хамт явж байжээ. Тэд хулгайн машинаараа Сүмбэрт очоод Бор гэх залуутай тааралдсан гэнэ. Бор бол Жаргалантын уяач Батаагийн адуучин бөгөөд Бүрэгтийд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг нэгэн байсан тухай Загдал багийнхан ярилаа.

А.Амартүвшинтэй цуг явсан залуу Борын танил байсан учир залуус шар айраг ууцгааж, нэлээд наргижээ. Бор тэр өдөр Улаанбаатар хотоос харьж явсан бөгөөд залуус түүнийг гэрт нь хүргэж өгөх далимаар архи нэмж уухаар Бүрэгтийд очсон юм байна. Залуус нэлээд согтоцгоож, А.Амартүвшин дагуулж явсан залуутайгаа муудалцаж, түүн рүү хутга барин дайрч гар руу нь гурван удаа хутгалжээ. Танилаа цусанд хутгалдаад хэвтэж байхыг харсан Бор А.Амартүвшинтэй гар зө­рүүлж ноцолдсон байна. А.Амартүвшин машинаа асаагаад зугтжээ. Тэгтэл Бор том буу гаргаж ирээд мотоцикльтойгоо араасаа нь нэхсэн гэнэ. Өнөөх буугаараа  хэдэнтээ буудаж орхитол машин гэнэт зогсчихож. Энэ дүр зургийг харвал хэнд ч айдас хүрэхээр байсныг үйл явдлыг харсан гэрч ярьжээ. Бор А.Амартүвшингийн аминд хүрчихлээ хэмээн айж, цочролд ороод мотоциклио унаад алга болсон гэнэ. Харин айж балмагдсан А.Амартүвшин машиныхаа суудлын ард байсан калибраа аваад уул руу гүйжээ. 

Гартаа хутгалуулсан залуу цус алдаж нас барсан бол Бор одоо болтол олдоогүй байгаа гэнэ. Өчигдөр Жаргалантын хэсгийн төлөөлөгчөөс түүний талаар асуухад "Олдсон эсэхийг нь мэдээгүй байна. Зүүнхараагийн мөрдөн байцаагчаас энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байна" гэсэн хариулт өгсөн юм. 

Борын барьж явсан буу нь уяач Батаагийнх байсан гэнэ. Портер машины радиаторыг задартал нь буудсанаас үзэхэд нэлээд хүчтэй галт зэвсэг байсан бололтой.

А.Амартүвшин буугаа барьж гүйсээр нэгэн малчныд орсон байна. Тэрээр "Би гэмт хэрэгтэн. Шоронд орж байсан. Дахиж шоронд орохоосоо айхгүй байна. Харин  Бороос айж байна. Тэр том буу бариад намайг хөөж байгаа" гэж ярьж байжээ. Түүний хоёр гар нь нэлдээ цусанд будагдсан байсан гэнэ. А.Амартүвшин тэр айлаас гараад уул даваад зугтжээ. Энэ бүхнийг харсан гэрчүүд Загдал сумын Засаг дарга руу утсаар мэдээ дуулгаж, цагдаагийн тусламж дуудсан юм байна. 

Хэрэг хормын төдийд болоод өнгөрчээ. Малаа хариулж явсан малчид энэ хэргийг харсан байна. Буун дуу ажин түжин байсан хангай дэлхийг сэрээх мэт хэнгэрэг хагалам чанга дуугарсан гэнэ. Хэргийг харсан нэгэн залуу "Тэнд аймаар юм болж байна. Тусламж дуудахгүй бол болохгүй нь. Яг л "Counter strike" тоглоом дээр алан хядагч руу шагайж байгаад буудаад, буудалцдаг шиг буу барьцгаагаад гүйлдэж буудалцаад байна. Буудуу­лахаасаа өмнө эндээс холдъё" гэчихсэн сандарчихсан гүйж явсан гэнэ.

Тэндхийнхэн "Бор өөрийгөө хүний аминд хүрчихсэн гэж бодоод энд тэнд очоод амиа хорлочихсон биш байгаа даа. Эсвэл хаа нэгтээ бүгж байж болох юм" хэмээцгээж байлаа.

А.Амартүвшин цагдаа­гийнханд бууж өгсөн бөгөөд түүнийг хэрэг гардаг өдрийн орой нь барьж саатуулсан юм байна. 

Нутгийн зарим залуус "Байлдаан тулалдаантай кинон дээр гардаг шиг л юм Бүрэгтийд болсон гэсэн. Малаа хариулж, уулан дээр суусан хүмүүс харсан байна лээ. Буудалцаад, хөөцөлдөөд, машин тэрэг болоод айхавтар юм болсон. Хэрвээ зогсоох гэж очсон бол өөрсдөө буудуулах байсан биз. Ухаанаа алдталаа архидсан юм шиг байна. Эрүүл хүнээс тийм үйлдэл гарах уу" гэж ярьцгааж, "Бүх юм архинаас болж байгаа юм" хэмээж байлаа.

Бор уяач Батаагийнд хоёр жилийн өмнөөс адуучнаар ажиллах болсон бөгөөд ойр тойрныхон нь түүнийг "Ажилсаг, амьдралын төлөө явдаг сайн залуу. Түүнийг олоод хүний аминд хүрээгүй гэдгийг нь дуулгачихвал нэг ч гэсэн айл элэг бүлэн үлдэх юм даа. Хэдэн нялх хүүхдүүд нь өнчирвөл яана" хэмээн харамсч байлаа.  

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд