ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.02 08:02

Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д анхны гадаад айлчлалаа хийлээ. Түүний энэ айлчлалыг амжилттай боллоо гэж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн багтсан. Манай 60 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Айлчлалын хүрээнд хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурснаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийджээ. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 сая ам.долларыг нь зарцуулна гэдгээ мэдэгдэв.

Тэгэхээр нийслэлийг утаанаас нь салгая гэвэл 220 мянган өрхийг орон сууцтай болгох шаардлага гарна. Үүнийг шийдэхэд дор хаяж 20 жилийн ажил байгааг судлаачид хэлсэн. Эдийн засгийн тооцоогоор бол 9.8 их наяд төгрөгийн зардал гарна гэдэг. Ямартай ч далайд дусал гэгчээр 500 саяыг ОУВС-гийн хөтөлбөрт дулдуйдан авч байх шиг байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаагүй бол өгөх ч үгүй л дээ. Ирэх гуравдугаар сард Солонгосын мэргэжилтнүүд ирж энэ мөнгийг ямар чиглэлд хөрөнгө оруулахаа шийднэ. Урьдчилсан байдлаар хот төлөвлөлт, барилгын салбарт оруулна. Мөн дулаалга, шинэ технологиудад зориулна гэжээ.

Ерөнхий сайдыг айлчилж явах үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утааг багасгахын тулд зуух тараахаас өөр аргагүй” гэж мэдээлсэн юм. Үүнээс нь үүдэн иргэд “500 сая долларыг зуух тараахад зориулах юм байна” гэж ойлгосон. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөөн уур хилэн болж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн загнасан билээ. У.Хүрэлсүхийн танхим нэг иймэрхүү далийж дуугарсан сайд нартай л байгаа. Нэг сайд нь зуух тараана гэж зөрүүдэлж байхад нөгөө нэг дэд сайд нь “Оюутолгойг хөөж явуулна” хэмээн хашгирах жишээтэй. Араас нь Ерөнхий сайд нь, салбарын сайд нь “Аятайхан байгаарай, Засгийн газрын бодлогодоо захирагдаж ажиллаарай, чадахгүй бол зайлаарай...” гэж заналхийлсэн маягтай л байцгаана даа.

За, энэ яахав, 500 сая доллар руугаа оръё. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж байж л утаанаас сална шүү дээ. Хамгийн энгийн үнэн ердөө энэ. Одоо монголчууд өөрсдөө байшин үйлдвэрлэж үнэхээр чадна. Жишээ нь, “Эрэл” компани байна. Энэ компанийн бүтээн байгуулалтыг яана гээд байгаа юм. “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчлэгдэж, бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр боллоо. Тус угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдаж өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулснаараа алдартай. Тус үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн дөрвөн улиралд барих хүчин чадалтай. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Манай улс дулаахан байдаг таван сар дотроо барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгддэг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэж хэлсэн юм. Тус үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын үнэ хавар нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой. Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах юм билээ. Ингээд зогсохгүй бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурахыг үйлдвэрийн удирдлагууд хэлж ярьсаар байгаа. Ийм бэлэн үйлдвэр нь утаатай Улаанбаатарт ашиглалтад орчихсон байхад солонгосчуудаас юун зуух гуйх вэ. Бид солонгосчуудаас гуйхгүйгээр өөрсдөө байшингаа барьчихна.

Хамгийн гол нь Монголын ард түмэн одоо ажил хийх, мөнгө олох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд дотооддоо хийх ажил нь олддоггүй юм бол ядаж гадаадад гарч ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын байр нэмэгдсэнгүй, ажилгүй иргэдийн тоо улам өслөө. Хийх ажилгүй, орлогогүй монголчуудыг хараад арга барсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван жилийн барилгын цэргийг сэргээх тухай ярилаа.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгосоос утаагүй зуух, дулаалгын үйлдвэр гуйхын оронд визгүй зорчихыг л мөргөж сөгдөөд ч хамаагүй гуйх байсан юм. Монголчууд БНСУ-д визгүй гарах хэрэгтэй байна. Тэндээс монголчууд ажил хийж, мөнгө олж эх орон руугаа явуулдаг. Дээр нь ажил хийж сурна. Ахиулаад бүр ноу хау, технологийг нь авчирна. Хүнтэй ажиллаж сурна. Ингэж Солонгост олноороо очиж ажиллаж байж гэр хороололд амьдарч буй ар гэрийнхнээ орон сууцанд оруулна. Монголд борлогдохгүй байгаа 40 000 орон сууц зарагдаж дуусна. 220 000 гэр хорооллын айлын 40 мянган яндан алга болно. Эдийн засгийн цусны эргэлт гэдэг бол энэ. Солонгост бүр “Монгол таун” байгуулах ёстой. Монголын хууль үйлчилдэг хороололтой болох ёстой. Тэгж байж харлахгүй, гэмт хэрэгт орооцолдож байгаа эсэхийг сайн хянана. Бүр цаашлаад Монгол Улсад Солонгосын алдарт Самсунг, Хьюндай... гэхчлэн дөрвөн том компанийн салбарыг нээмээр байна. Тэнд нь монгол мэргэжилтнүүдийг олноор нь бэлдэе. Ийм том ажлуудыг эрх баригчид эхлүүлмээр байна. “Ёооё, бас л гуйлга” гэж Ерөнхий сайдаа зүхэх хэрэггүй, зүгээр л Монголын удирдагчид том ярьж, том сэтгэх цаг болсон. Манайхаас бусад орны удирдагчид гадагшаа айлчлахдаа үр дүнг нь юу гэж ярьдаг гээч, “Манайх Европт 20 боинг онгоц зарахаар гэрээ хэлцэл хийж чадлаа” гэж эх орондоо буунгуутаа гайхуулдаг юм. Манай дарга нар тиймгүй юмаа гэхэд өөрт байгаагаа тэдний зах зээлд бага ч болтугай зарах, хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны тэнцвэрээ ярих ёстой. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар байгаагаас экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт хүрч, худалдааны нийт эргэлт 1.4-хөн хувиар өссөн төдий байгаа юм билээ. Энэ бүхэн үнэхээр чамлалтай санагдаж байна.

Ингээд бичихээр өөдөөс сөрөх хүн гарах байх. Сошиал сүлжээнд “Сүүлийн хүн Солонгос явахдаа гэрлээ унтраагаад яваарай” гэх утгатай үг хэлсэн байна лээ. Тийм юм байхгүй ээ, эргээд ирнэ. Манай улсын иргэд гадаадад олноор ажиллаж байгаа нь улс орны эдийн засагтай л холбоотой. Эдийн засаг сэргэж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо ирдэг юм. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд Солонгост ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Үүнийг бид нүдээрээ харсан. Нэг хэсэг Солонгос явах сонин биш болчихсон байсан биз дээ. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс явж ажиллах сонирхолтой байна. Энэ хүсэл сонирхолд нь Монголын төр тусалж, амьдралд нь нэмэр болмоор байна.

Айлчлалын том үр дүн гээд байгаа 500 сая ам.долларыг ухаалаг, алсын хараатай, авлига, албан тушаалтнаас хол, зөв зүйлд нь зарцуулбал бас үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 4.3 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж 93.147 иргэн орон сууцанд орсны 80 орчим хувь нь нийслэлд байгаа юм. Энэхүү 500 сая ам.долларыг ипотекийн зээлд оруулахад 30 мянга гаруй өрхийн орон сууцын асуудлыг шийднэ гэж муйхарлаж болох л юм. Солонгосын тал тэгэх ч үгүй байх л даа. Харин энэ мөнгийг гэр хорооллын дулааны шугамын дэд бүтцэд зарцуулж болно. Нийслэлийн гэр хорооллын 70 хувь нь байшинд. Дулааны хоолой татахад иргэдээс мэргэжил огт шаардахгүй ганц ажил. Хэдэн гагнуурчин л хэрэг болно. Дийлэнх нь газар шорооны ажил. Энэ бол Монгол дахь томоохон ажлын байр, иргэдийн орлого юм.

Өнөөдөр Монголд ажилгүй, орлогогүй иргэд маш их байгаа болохоор энэ мэт ажил сэтгэж, цалин орлоготой болох тухай л санаа юм шүү дээ. Эрх баригчид өөрсдөө сайхан амьдрах тухай бодох бус ард түмнээ сайхан амьдруулах тухай боддог болсон тэр цагт л улс орон урагшлах байх. Ийм удирдагчидтай болсон үедээ урагшилж хөгжсөн дэлхийн түүх бэлээхэн байна. Биднийг сайхан амьдруулах байх гэсэндээ өнөөдрийн төр засгийн удирдагчдыг сонгосон. Сонгож төрийн өндөр сэнтийд суулгасан учраас та нараас шаардах эрхтэй. Тийм болохоор давын өмнө БНСУ-д визгүй зорчих ажлыг хий. Үүний төлөө ажилла. Юун утааг бууруулах 500 сая ам.долларын зээл вэ. Ойрын жилдээ орлого олж болох ганц гарц байгаа нь Солонгост очиж ажил хийж, мөнгө олох. Олсон мөнгөө ерэн оноос хойших хүнд он жилүүдэд Монгол руу явуулж байсан шиг валютын урсгалыг бий болгох. Ийм л арга зам руугаа орохгүй бол ард түмэн туйлдаа хүрэх нь байна шүү дээ.

Онцлох нийтлэлүүд